ЭРХИ ЭРГҮҮЛДЭГ ХҮНИЙ УХААН ЦЭЛМЭДЭГ – Хадгалаад аваарай

Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй хэрэгсэл юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой.
Эрхи эргүүлэн маани, мэгзэм, тарни уншин бясалгахын өмнө ‘’Эрхиний тарни’’-ийг уншдаг учиртай. Тарни -”УМ РҮЗИРА МААНИ БРА ВАРДА ЯА ХУМ” энэ тарнийг долоон удаа уншаад эрхиндээ шившин үлээж тарни тоолбол бурханы нууц шидэт тарни бүхэн олон зуун мянга тоолсон мэт арвиждаг байна
Өнөө цагт 5 хүний 1 нь эрхи зүүж харагдах юм. Иймд миний бие Эрхний утга учрыг өгүүлэе.
Эрхи нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54-нь 108-ын тал, 27 нь 54-ын тал ба 108-ыг 4 хуваасны нэг бөгөөд хураангуй эрхи гэдэг. 21 тоот эрхийг 21 дара эхэд, 18 шавьд зориулсан гэж тайлбарладаг. Харин Японд дэлгэрсэн 32 тоот эрхи нь бурхан багшийн 32 билэг төгс төгөлдөр дүрийг илэрхийлдэг ажээ. Бидний хэрэглэдэг 108 тоот эрхийг хоёр янзаар тайлбарладаг. Үүнд:
– Бидний мэдрэхүйн зургаан эрхтэн (нүд, чих, хамар, хэл, бие, ухаан буюу сэтгэл) болон тэдгээрийн зургаан мэдрэхүйг нэмээд (6+6=12) бие хэл сэтгэл гурав өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт үл тасран хойд төрөл үргэлжилнэ гэж үздэг. Энэ нь 3*3=9 болно. Тиймээс 12*9=108 болно.
– Мэдрэхүйн зургаан эрхтэн түүний зургаан мэдрэхүйг хооронд нь үржүүлээд 6*6=36 болно. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36*3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)-ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’-г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг. Авч явахад хялбарыг бодож 27 ширхэгтэй эрхийг гартаа зүүх буюу өвөртөө авч явдаг.
Харин манай сүсэгтэнүүдийн эрхи хэрэглэх ёс арай өөр ‘’Их хөлгөн’’-ий хоосон чанарыг эрхэмлэдэг учир бид ‘’дундаж үзэлтэн’’ хэмээдэг. Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрихний тоо 108 байна’’ гэж үздэг.
Эрхийг ямар шашинтан хэрэглэдэг вэ?
Буддын шашин шүтдэг Монгол, Төвд, Энэтхэг, Бамба, Япон, Хятад, Солонгос, Шри-Лан-ка, Камбож. Вьетнам, зэрэг олон орноос гадна Оросын үнэн алдартны шашинтанууд, Ватикан, Ромын католикууд, Араб ламын сүсэгтэн, Эртний Перс, Грек Ромын улсуудад эрх эргүүлэх ёсон дэлгэрсэн түүхтэй. Оросын үнэн алдартны шашинд ‘’Эзэн тэнгэр, Есүс Христ нүгэлт намайг өршөө ’’гэсэн долоон үгтэй залбирал хэлдэг бөгөөд эрхээ долоон удаа л эргүүлнэ. Илүү эргүүлэх хориотой нэг сонин заншил бий.
“Амин сүнстэй’’ эрхи
Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж байгаа эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж. Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.