Залуусд хандаж ХАТУУХАН хэлчихье… Бид ирээдүйдээ ГОЛОГДОХ болоогүй

Буруу зөрүү өнцгөөс нь яриад зөнөг өвгөд л гэх юм. Зөнөчихөөгүй л байна даа. Бид бол гарахаараа гэрээ олчихно, гэрээсээ гараад очих газраа олчихно. Унших юмаа олоод уншчихна. Амьд байгаад байна л даа. Гэвч бид цагтаа хийх ёстой зүйлээ ёс төртэйхэн шиг хийсэн гэж боддог.
Үзэхгүй сайн сайхны тухай бол монгол ард түмэн минь үзэхгүй байсан ч тэр цагийг ирнэ гэж зөгнөдөг улс юм шүү дээ. Тиймээс бид тэр сайхан цагийг ирнэ гэж боддог бас итгэдэг. Бид үзэхгүй байлаа ч хойч үе маань үзнэ ээ. Үүнд эргэлзэж суух бол хамгийн тэнэг хэрэг юмдаа.
Монголчуудын сайн сайханд эргэлзэнэ гэдэг бол байж болшгүй зүйл шүү дээ. Ийм хувь заяатай, ийм тэнгэрлэг, тэнгэрийн эрхшээлд байдаг ард түмнийг тэгж хэлэх үндэс ерөөсөө байхгүй шүү залуу үрс минь. Бид ойрдоо их гомдонгуй л байна. Элдвийн л хүмүүс өөрийнхөө дураар хүссэн бүхнээ бичдэг цаг үе иржээ. Гэлээ гэхдээ уул, хөгшид хоёроо хараадаггүй юм шүү дээ, монголчууд минь, залуу бялчирууд минь. Тэрийг л их бодож явмаар юм шиг санагдах юм. Хаашаа ч юм дээ. Яахав зөнөсөн бол зөнөсөн л биз. Бид ч аминдаа чадахаараа л юм хийсэн шиг байгаа юмдаг.
Монголын ард түмний оюуны хэрэглээ, соён гэгээрэлийн л төлөө зүтгэсэн байх гэж боддог юм. Бүтээсэн зүйлийг он цаг шалгана бизээ. Хэнийг нь үхэхтэй нь хамт мартахаа, хэнийг дурсаж, хэнийг уншиж, хэнийг уншихгүй байхаа ард түмэн мэднэ, бас ойлгоно. Уул, ус, гол мөрөн, чулуугаа ч гэсэн зүхдэггүй, малаа хүртэл зүхдэггүй ард түмэн шүү дээ. Тэгэхэд одоогийн нийгмийн байдал арай л дэндэж байх шиг санагдах юм. Ухаантай л байгаарай ҮРС МИНЬ.