Зөвлөгөө

Урлагийн салбараасаа урваж үзээгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж яваа МУГЖ С.Өлзийхүү

Тод хар хөмсөгтэй, торомгор алаг нүдтэй, “Өнгөт инээд”-ийн Өлзийхүү гэхээр урлагт хайртай хүн бүр түүнийг таних болов уу. Монголын тайз, дэлгэцийн урлагт олон сайхан дүрийг бүтээж, ард түмний сэтгэл зүйг урлагаар анагаах ариун үйлсийг түүчээлэн яваа энэ эмэгтэй анхнаасаа л эмнэл зүйн чиглэлээр суралцсан нэгэн.
Анагаахын дунд сургуулийг сувилагчаар дүүргэсэн түүнийг багын найз О.Энхтуул нь урлагийн хүн болох зам руу хөтөлжээ. Урлагт хайртай, дуулах дуртай нь түүний хамгийн том давуу тал байлаа.
Хүссэн бүр нь хүрч эс чаддаг боломжийг атгаж авснаа тэрбээр “Аз” хэмээн дурсана. Тэр үнэхээр азтай ч, адтай ч эмэгтэй. Одоогоос яг 30 жилийн өмнө, хоёр жилд нэгхэн удаа элсэлт авдаг Багшийн дээд сургуулийн “Кино драмын анги”-д 900 хүүхэдтэй ширүүхэн өрсөлдөж, хоёрдугаарт жагсан, жүжигчний ангид орох эрхээ өвөртөлж байв.
Түүгээр ч зогсохгүй Монголын кино драмын салбарын “том”, “домогт” эрхмүүд болох Г.Доржсамбуу, Г.Ренчинсамбуу, Ц.Байгалмаа, Л.Лхасүрэн, М.Мягмар нараас номын дуу сонсож, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Б.Цэрэнпагма, Г.Мягмарнаран нарын тайз, дэлгэцийн “мөнгөн үе”-ийнхнээс үлгэр дуурайл авч, Л.Дэмидбаатар, Д.Хүрэлхүү, И.Одончимэг, Ж.Оюундарь, О.Энхтуул, У.Уранчимэг нарын шижигнэсэн залуустайгаа мөр зэрэгцэн зүтгэж байснаа “Ховор олдох аз завшаан” хэмээн ярина. Ийм аз хүн бүрт тохиогоод байдаггүй нь үнэн юм.
Ажилч хичээнгүй, тэсвэр хатуужилтай байхыг сургасан Улсын клиникийн 1 дүгээр Төв эмнэлэг, алтан тайзаа өлмийд нь дэвссэн Улсын Драмын театрын хамт олондоо тэр одоог хүртэл талархаж явдаг. Үнэхээр аюулт өвчнөөс авардаг анагаахын салбар, ард түмний сэтгэлийг илааршуулдаг урлагийн салбарт ижил төстэй зүйл олон бий.
Тэр урлагтаа чин үнэнч нэгэн. Өдийг хүртэл урлагийн салбараасаа урваагүй түүний 30 жилийн хөдөлмөрийг нь Монголын төр үнэлж, 2019 онд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цолоор энгэрийг нь мялаасан.
Энэ шагналыг түүнээс илүү ард түмэн хүсэн хүлээж байсан юм. Төрдөө үнсүүлээд төв талбайдаа гарч ирсэн түүнийг урлагийнхан төдийгүй, улс түмнээрээ “Уухайн” түрлэгтэй угтсан билээ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Урлагт үнэнчээр зүтгэсэн хөдөлмөр бүтээлээрээ тэр аль хэдийн “Ард түмний гавьяат” болсон байлаа.
С.Өлзийхүү гэр бүлийнхээ халамжит хань, элбэрэлт ижий. Түүний багын найз, насны хань Ц.Хүсэлбаатар найруулагч нэг удаа “Өлзийхүү надад өмнөх насандаа их өртэй байсан байх.
Өдийг хүртэл миний л төлөө сэтгэлээ дэвсэж, ухаанаа зарж яваа” хэмээн ярьсан нь буй. Харин С.Өлзийхүү гавьяат “Жүжигчний амьдрал хэцүү учраас үр хүүхдээ урлагт оруулахыг хүсдэггүй ээ” гэж байв. Гэвч өгөгдөл нь хол зөрдөггүй учир охин Х.Баярмаа нь дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж яваа.
С.Өлзийхүү адтай, одтой ч уран бүтээлч. Тэрбээр 2002 онд Монголын хошин урлагийн тэргүүн их наадам “Азтай бадарчин”-ы алтан цомын эзэн, 2009 онд “Гэгээн муза” наадмын “Оны шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртэж байв.
UBS телевиз анх байгуулагдахад анхны нэвтрүүлгийг нь хөтөлж байсан, мөн хөгжмийн зохиолч Л.Балхжавын хоёр ч дууг амилуулсан гээд дурдвал тал талын авьяастай нэгэн.
Аав ээжээс заяасан авьяас билгийг бахархалтайгаар өргөж Драмын театрын тайзнаа гялалзаж явсан тэр л төрхөөрөө хошин урлаг, дэлгэцийн бүтээлд тод од хэвээр яваа С.Өлзийхүү бол ухаан, авьяас тэнцүү “Үлэмж төгөлдөр” монгол бүсгүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!