Зөвлөгөө

Жинхэнэ УЛ гэж мэдэх үү ?

Саяхан даа .. Хогийн цэгийн төмрийн сэгэн дээрээс гадуурхагдаж хөөгдөөд уулын орой дээр гахайн байрны өмхий хашаанд гаяачдын унтдаг матрасан дээр үсэрч дэвхцэн тоглож байсан 4 жаалыг би мэдэх юм. Нэг нь хуруугүй, нэг нь нүд нь хөх няц, нэгнийх нь царай бараг харагдахгүй ганцхан охин байсан нь нүдэндээ ямар ч галгүй юу ч дуугарахгүй хүнээс цочино гэхдээ л тоглох хүсэл нь дийлсэн цайлган .. жаахан 4 хүүхэд.. Тэр харцыг мартдаггүй юм. Тэр саравчан дээрээс хот тэр чигээрээ харагдан та бидний амьдрах хотын төв алсын зэрэглээнд сарнин бүүдийдэг. Яг тэр 4 жаал шиг хөөрхөн хүүхдүүд тоглох талбай үгүйдээ хотын төвийг харж мөрөөдөж очоод цэцэрлэгт хүрээлэнд живээд үхчихсэнийг Монголчууд мартаагүй л байлгүй. Тэгсэн юу гэнэв ? УЛ гэнүү ? Энэ та нарын код юм уу ? Бид нарын шошго юм уу яамныхаан ? Статистик цааш шагайж дулаан буйдандаа шигдсэн та нар жинхэнэ УЛЫГ яг мэдэх үү ? Задгайгийн тоггүй харанхуй айлуудыг УЛ гэж байгаа юм уу ? Тоггүй 10 цагаан байрыг хэлээд байгаа юм уу ? Тортог ч гаргах чадалгүй хөлдүү гэрүүд хөнжилдөө шигдсэн жаахан хүүхдүүдийг нэрлээд байгаа юм уу ? Бүтнийг авч барахгүйдээ задгай эм ширхэглэн залгиж хэдэн хүүхдээ өсгөхөөр тэмцэж яваа өрх толгойлсон ээжүүдийг УЛ гэж байгаа юм уу ? Улаа шагайсан бэртэгчид, улсын мөнгийг идэгчид, гэдэс нь өлссөн хүүхдийн сүүлчийн будаанаас хүртэл хүнсний талон нэрээр хусагчид, гэр нь шатсан айлын бүлтэлзсэн хосуудад намын сонгогчын ялгаагаар гэр тараагчид та нар УЛ гэж мэддэг юм уу ? Танай салбар, та нар үнэхээр УЛ гэж мэддэг бол тэр давхарга арай ч ийм байхгүй дээ. Та нарын ч мөнгө биш бид нар наад хараал идсэн тэндэрийн сам, сэнс, будагны чинь мөнгийг өгөх байх тийм үү ? Бид байхгүй бол та нар хэн ч гуйлгачид гэдгээ ер нь мэддэг үү ? Ковид нэрээр эдийн засгаа сөхрүүлж, 8 саяын эм нь 80 мянган төгрөг болж, эрээ цээргүй улс төр хийцгээсэн та нарын гороор өнөөдөр энэ улсын дөнгөж данган хөл дээрээ зогсох гэж байсан дундаж давхарга жинхнээсээ тэр УЛ руу чинь маш хурдтай унаж явна. Хэдэн яамны сайд сандайлж суусан ч энэ яриа өөрсөдтэй чинь хамаатай л байх. Өөрсдийгөө доромжлуулчихаад чи ул би ул гэж хошигнох бид ч өрөвдөлтэй. Үнэндээ энэ улс чинь ер нь тэг чигээрээ УЛ боллоо шүү тийм л их ул ярих дуртай юм бол. Тосгон руу засмал татаж, тамын замд хүмүүс нь бэртэж үхэцгээсэн энэ улсад чи ул, би мөр гэчих зүйл алга улсаараа тэр аяараа УЛ руугаа явж байна. Тараанс сибирийг холбосон хурдны замаа ч алддаа нохой долоо. Эсвэл бүр үнэхээр уландаа тулж байж энэ бүхнийг ойлгож сэхэх улс юм уу бүү мэд. Сэхэх болов уу харин бүү мэд. Миний сайн мэдэж байгаа нэг зүйл бол ингэж амныхаа зоргоор бурж байгаа та нар жинхэнэ УЛЫГ мэдэхгүй үзээ ч үгүй, тийм учраас та нар энэ улсыг ядуурлаас гаргахгүй. Та нар бүгд вакумд орсон, амьдралаас тасарсан, хэт туйлсан дэндүү бардсан ийм л хөгийн новшнууд. Энэ эцэстээ та нарын ч бас төгсгөл УЛАНДАА ТУЛАХ цаг ирэх болно, хэдэн ч тэрбумыг цааш нь хийсэн үйлэндээ живж үхэх болно, улаа шагайсан тосгоны хэдэн намчид. Дахиад цаашаа УЛ ярьцгаая л даа тийм УЛ ярих дуртай юм бол ? Сүүлийн 10 жилийн энэ улсын УЛНЫ чинь дүрс бичлэг дэлгээгүй зураг бодит амьдрал байна, 2 настай Есүй одоо 12-тай учир ойлгох хүүхэд болчихлоо, та нарт статискикийн хэдэн цааснаас чинь өөр зүйл байна уу ? Залаа халаагүй, залгамж бодлогогүй идэж ууж ханадаггүй новшнууд аа. Нөгөө хүүхдийн фонд, элдэв тэрбумаараа ганц хашаа хатгав уу тэгээд УЛ яригчид аа ? Та нараас ч асууя хэзээ хамгийн сүүлд тэр УЛАНД очиж үзэв ? Ер нь та нар юу ярьж байгаагаа ойлгож байгаа юм уу ? Удахгүй хүүхдүүд нэгнээ УЛНЫХАН гэж шоолж эхлэвэл яах вэ ? Бодлого ярихаасаа өмнө ядаж УЛАА очоод харчих хэрэгтэй юм биш үү ? Одоо тэр ул чинь улавч ч байхгүй газар гишгээд цус нь шүүрээд эхлэсэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!