Зөвлөгөө

Хорт хавдартай хэдий ч 74 насандаа ширдэг ширж сурсан хос гэнэ.. Тэдэнд урмын үг үлдээгээрэй..

Цэрэндорж гуай Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйн тракторын жолооч, гэргий Ц.Лхагва сургуулийн жижүүрийн ажлыг олон жил хийсэн. Тэд таван хүүхэд, арваад ач, зээтэй. Хот газар ирж төвхнөөд

16 жилийг үдэж. О.Цэрэндорж, Ц.Лхагва нар Улаанбаатар хотод ач, зээ нараа харахын хажуугаар ширдэг, углааш, цүнх, суудлын бүрээс, буйдангийн бүтээлэг зэргийг ширж урладаг. 74 насандаа ширдэг ширж сурсан О.Цэрэндорж, түүний гэргий Ц.Лхагва нарыг энэ удаа онцолж байна.Эднийх аравдугаар сард шинэ байшинд орсон бөгөөд галлагаа хийхгүй, босох, суух ажил ховордож их уйдацгаах болжээ.

Тиймээс О.Цэрэндорж эхнэрийнхээ оёж буй зүйлийг “Ганц хатгаж үзье” хэмээснээр ширдэг ширэх эхлэл тавигдсан байна. Түүний эхнэр Ц.Лхагва “Би насаараа л оёмол хатгамал хийсэн атал надаас ч нямбай, оёж ширдэг. Охид нь ирээд “Аав ямар гоё оёж байна аа” гээд хэлчихвэл онгироод олон цаг суугаад даралтаа ихэсгэчих гээд байдаг талтай” хэмээв. Харин энэ тухай О.Цэрэндорж хэлэхдээ “Цагийг зүгээр өнгөрөөж, биеийг хөдөлгөөнгүй байлгасан амьдрал утгагүй. Хүн юуг л бол юуг сонирхдог байх хэрэгтэй. Эрэгтэй хүн гээд оёдол хатгамалаас зугатах хэрэггүй” гэж боддог тухайгаа хуваалцлаа.

Тэрбээр өдөрт 5-6 цагийг ширдэг ширэхэд зарцуулдаг бөгөөд энэ үедээ давхар бясалгаж, төвлөрдөг давуу талтай гэнэ. Учир нь зүү бариад хатгах ёстой цэгтээ л хатгахын тулд анхаарлаа төвлөрүүлж суух их чухал байдаг бөгөөд “Хэрэв анхаарал муутай сууж байгаад зүүгээ жаахан л далий, ташуу хатгачихвал тэр чигтээ л мурийж харагдана. Тэгэхээр маш олон өдөр олон цаг сууж хийсэн хөдөлмөр маань нэг л хазгай, хайнга харагдвал онцгүй. Сэтгэлд хүрэхгүй” гэлээ.

Гэргий нь 2006 онд элэгний хорт хавдрын хагалгаанд орохоор болж О.Цэрэндоржийнх гэдэг айл Улаанбаатар хотод шилжин ирсэн. Хавдар судлалын эмч түүнд эмчилгээгүй гэх үгийг дуулгажээ. Хэдий хатуу үг сонссон ч өвчин гэж хүлээж аваагүй “Би ач, зээ нараа өсгөх ёстой. Үр хүүхдээ сайн явахыг харж хажууд нь хамт байна. Тэднийгээ зовоохгүй юм шүү” гэсэн бодлоор өдий хүрчээ. Хамгийн гайхалтай нь хими эмчилгээнээс татгалзаж эмийн ургамлаар өөрийгөө анагаасан гэнэ.

Гэтэл О.Цэрэндорж гурван жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөж, химийн эмчилгээ их хийлгэжээ. Энэ тухайгаа “Хүн сэтгэлийн тэнхээтэй байвал бүхнийг чадна, ямар ч бэрхшээлийг давж гарна. Өвдсөн байсан ч яадаг юм. Эрүүл болчихно шүү дээ. Сайн сайхан бүхнийг бодоод явбал амьдралын зам тэгшрэх болно. Мэдээж хорт хавдартай гэх мэдээг анх сонсох хэцүү. Гэхдээ аминаас арай жаахан хол юм яавал гэж бодоод айгаагүй. Сэтгэлээр унаж хямраагүй” гэлээ. Тэрбээр бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн ч нэг их зовиур илэрч, өвддөггүй байсан гэнэ. “Өтгөн маань цустай гараад тураад байсан. Тэгээд л эмчид хандсан. Хортой хавдар байсныг хагалгаанд орж гарч ирээд дараа нь мэдсэн. Ер нь хүн эрүүл мэндээ эртнээс анхаарч, биеэ хайрлаж байх хэрэгтэй” хэмээн захилаа.

Хосууд химийн эмчилгээнд хөтлөлцөж очоод хамт ордог бөгөөд үргэлж жаргалтай байгаа тухайгаа ярьж буй нь бахархмаар сайхан.Ц.Лхагва элэгний хорт хавдар гэдэг өвчнийг удамшлын шинжээр олсон бөгөөд ойр дотнын хамаг л хайртай хүмүүсээ алджээ. Өөрөө туулж гарсан зовлонг тэр сэтгэлийн тэнхээ, бодлын хүчээр ялахад өөрийгөө бэлтгэсэн аугаа эмэгтэй. “Үр хүүхэддээ олон жил түшиг тулгуур нь болж явахын тулд Эрдэнийн үрэл гэдэг эмийн ургамлыг 21 хоног уусан. Эмч нь үзээд тохирсон байна гээд уг эмчилгээгээ үргэлжлүүлж болно гээд гурван жил тууштай хэрэглэсний эцэст элэгний хорт хавдар өвчнөөс салсан” гэлээ.

Гэсэн ч тэр цагаас хойш өрөөсөн бөөрөө авахуулж, нүдэндээ болор суулгуулж, нурууны хагалгаа ч хийлгэж. Биднийг очиход дөрөв дэх хагалгаандаа ороод 10 хонож байлаа.Ц.Лхагва хагалгаанаас гарч ирээд дөнгөж арав хонож байгаа тул гам барьж тэнхрэх ёстой. Гэвч сар шинийн баяраас өмнө өгөх эсгий ширдэгний захиалга авчихсан тул дуусгаагүй ажилдаа санаа зовж буй. Тийм учраас О.Цэрэндорж гуай өдөрт ширдэг ширэх цагаа уртасгаж суух болжээ. Олон цаг суухад бие чилж хөших бөгөөд гарч суниаж, агаар амьсгалан холын бараа ширтэж нүдээ амраагаад л дахин үргэлжлүүлж ажиллах аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!