Зөвлөгөө

М.Баяржаргал: Үд хүртэл унтчихаад, орой нь зайсанд стори хийгээд байвал яаж сайхан амьдрах юм

Сүүлийн өдрүүдэд хошин шогийн жүжигчид болон “UB Comedy club”-ийн шинээр гарч ирж байгаа залуусыг шүүмж, доромжлолоо ялгахгүй хүнийг ялгаварлан гадуурхдаг гэх маргаан нийгмийг талцуулаад байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор “Ub comedy club”-ийн залуу комедиан М.Баяржаргалтай ярилцлаа. Түүнийг комедигоо хэрхэн ойлгож бусдад хүргэхийг зорьдог болон, хошин яриандаа юуг шингээдэг, доромжлол болон Joke-ийг юу гэж ойлгодог талаар нь ярилцахыг хичээлээ.

Тэрбээр “UB comedy club” –ийн комедиан, хувиараа бизнес эрхлэгч, мөн циркийн мэргэжлийн жүжигчин мэргэжилтэй бөгөөд олон салбарт амжилттай яваа залуусын нэг юм.

Мөн “UB Comedy Club”-ийн залуус сүүлд их сургуулиудаар явж хийсэн тоглолтын орлогоо 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон өгөөд байгаа юм. Түүний хувьд энэхүү төслийг удирдсан билээ.

-Тун завгүй явах шиг. Урилга хүлээн авсанд баярлалаа?

-Урьсанд баярлалаа. Манай “UB Comedy Club”-ийнхан тоглолт хийж, орлогоороо 10 оюутанд тэтгэлэг олголоо. Мөн МУБИС-ийн нэг оюутныг иж бүрэн тавилгатай гэртэй болгох үйлсэд дэмжлэг болгож хандивлалаа. АШУҮИС-ийн оюутнууд их очдог, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Эко цогцолбор”-т ус цэвэршүүлэгч, шарах шүүгээ зэргийг авч, суурилуулах санхүүгийн асуудлыг шийдсэн. Гэх мэтчилэн тун завгүй өдрүүд үргэлжилж байна.

-Үйл хэрэг нь сайхан бүтэж. Гэхдээ энэ их ажлын чинь хажуугаар та бүхнийг, тэр тусмаа залуу комедиануудыг доромжлол, шүүмж, хошигнолоо ялгахгүй байна гэх зэмлэл нийгмийн зүгээс ирэх болж. Тэгэхээр таны ойлгож буйгаар доромжлол, хошигнол хоёр юугаараа ялгаатай юм?

-Хошигнол нь аливаа зүйлийг хошигнож егөөдөж, элэглэдэг. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг энтертайнмент хошин байдлаар гаргаж тавьж байна. Хошигнол нь этик цензуртэй. Аливаа нэгэн зүйлийг ярихдаа баримт, судалгаатай, үнэн бодит ул суурьтай, үзэл бодол нэвт шингэсэн байх ёстой гэж би ойлгодог. Тэгэхгүй, өөрийнхөө яриагаар өөрийгөө баллаад явж болохгүй. Америкийн комедиануудыг харах юм бол улс төр, шашин, хувь хүний суртал ухуулгад автаагүй, ангид байдаг. Монголын комедианууд ч гэсэн хэн нэг улстөрчийн ард талд байдаггүй.

Энэ нь өөрөө тус урлагийг “ганг” болгодог. Хэн нэгний гар хөл болох л юм бол мөхнө. Яг үнэндээ хамгийн том сөрөг хүчин бол ард түмэн. Тэр ард түмэнд дэмжлэг болдог хүмүүс нь комедианууд байхгүй юу. Гэтэл зарим уран бүтээлчид нь худалдагдчихсан байдаг. Харин “real”-ээрээ үлдэж байгаа, хэнд ч дунд хуруу өгдөг, үнэний төлөө байж чаддаг хүмүүс бол бид. Хошигнол нь үнэн бодит, баримттай, асуудал хөндсөн зорилготой байна. Реалист үзэл суртал тээсэн байдаг. Шинжлэх ухаанч байх ёстой. Комедианууд хамгийн их уншдаг хүмүүс шүү дээ.

2024 оны сонгуулийн компанит ажил эхэлж худалдагдах боломжгүй комедианууд руу дайрч эхэлсэн

-Зөвхөн та энэ зарчмыг мөрддөг байж болох. Нөгөө талаар комедианууд дунд бусдыг ялгаварлан гадуурхдаг хүмүүс байдаг юм биш биз?

-Нэгдүгээрт энэ урлагт стандарт гэж байхгүй. Америкийн комедиануудыг харах юм бол тайзан дээр нүцгэн ч гарч ирдэг. Хүнийг доромжилдог. Гэтэл үзэгчид нь хүлээн зөвшөөрөөд үүний төлөө л мөнгө төлж орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Монголчууд үүнд бэлэн биш, эмзэг байна.

Хоёрдугаарт уулын мод урттай богинотой гэдэг шиг янз бүрийн л хүмүүс байгаа. Бид тэр хүмүүсийн зохиолыг хянаж чадахгүй. Сая л гэхэд нэг залуу комедиан Увс хэл гэж хошигносон. Гэтэл түүн дээр их ач холбогдол өгч байх жишээтэй. Увс хэл гэж угаасаа байхгүй. Гэтэл тэрийг маш энгийн хошин байдлаар хүлээж авч чадахгүй байгаа нь нийгэм сөрөг байгаагийнх гэж би хардаг. Ямар ч зүйлийг эерэг болгож харах нь хаана ч хэрэгтэй.

Гуравдугаарт сонгуулийн ажил эхэлсэн байна. 2024 оны сонгуулийн кампанит ажлууд одооноос эхэлж байгаа. Хуучин, яг цагийг нь тулгаж маркетингаа эхлээд азаартдаг байв. Харин одоо маркетингийн арга техникүүд өөрчлөгдөөд нярав, масс маркетинг гэх мэт олон зүйл явагдаж байна. Энэ хүрээнд эртнээс буюу хоёр жилийн өмнөөс инфлюнсер, одууд, сэтгүүлчид дасгах маркетинг хийгээд эхэлчихсэн байна. Тэд миний үзэл суртал 2024 онд шууд өөрчлөгдөөгүй. Харин эртнээсээ ийм байсан шүү гэсэн юмыг ард түмэнд мэдрүүлэхээр бага багаар ажиллаад эхэлсэн байна. Урьдын алдаагаа давтахгүй гэсэндээ тэр. Хэн мөнгө аваад бөгс долоож байгаа нь мэдэгдэх юм. Өөрийнх нь ярианаас хүртэл зөрөөд сонин байгаа биз.

Харин бид бол медиа салбарын томоохонд тооцогдох сөрөг хүчин болж таардаг. Манай цахим хаягууд гэхэд нэг сая гаран дагагчидтай. Энэ нь масст нөлөөлж болох аюултай гэж үзээд биднийг сул тавихгүй байхаар зуусан байдаг. Бид Л.Оюун-Эрдэнэ сайдыг хүртэл шарж, ёгтолсон. Хэнээс ч айхгүй байгаа болохоор эд нар сонгуулийн үеэр худалдагдахгүй дайсан болж таарах нь гэдэг ойлголтыг авдаг. Улмаар инфлюнсерүүдэд даалгавар өгч биднийг улиг болсон яриа ярьдаг, ямар ч боловсролгүй гэх мэт яриаг гаргадаг. Гэхдээ айхгүй байна. Оролдоод үз л гэж хэлмээр байна.

-Тэгвэл та өөрөө хошигнолуудаараа юуг хэлэхийг зорьдог юм. Заавал үүрэг байх ёсгүй ч гэсэн нэг санааг тээдэг байх?

-Би stand up comedy-гийн бүх төрлүүдийг хослуулахыг хичээдэг. Одоо 23 настай ч 25-30 нас хүрэхээр миний үзэл санаа аймшигтай болно гэж боддог. Арай болоогүй гэж үздэг учраас том үзэл санаагаа шингээхгүй дардаг. Тиймээс одоохондоо аж байдлын шинжтэй юм ярьдаг. Гэхдээ залуу хүнийг эрч хүчтэй бай гэдэг утгыг заавал дурддаг. Эх орондоо хичээлд явж, цагийн ажил ч хийхгүй байгаа байж гоншигноод байдаг залуусыг харахаар гутардаг. Би тэдэнд нэг юм ойлгуулахыг хичээдэг. Чи ядуу зүдүү амьдарч байгаагаа улс орон руугаа битгий чих. 76 гишүүнээс ч гэсэн битгий бурууг хай. Тиймээс өөрөөсөө бурууг эрэх хэрэгтэй байх. Яг үнэндээ чи үд хүртэл унтчихаад орой нь зайсангийн зогсоол дээр стори хийгээд байхаар яаж сайхан амьдрах юм.

Монголын ажилгүй хэсэг бүлэг хүмүүс бидний төлсөн татварын мөнгөөр халамж хүртээд л амьдраад байна гээд бод л доо. Гэтэл бид хийж хөдөлмөрлөж хэн чадаж байгаа нь түүчээлж явах ёстой биз дээ. Харин одоо энэ үзэл санаагаа дараад эрч хүчтэй бай гэдгийг л хэлж байна.

Монгол Улс сэтгэхүйн хувьд, амьдралын хэв маягийн хувьд ямар их хоцрогдолтой байгааг ч харж болно

-Халамжийг таашаадаггүй хүн юм байна. Тийм учраас одоохондоо аж байдлын зүйл ярьж байгаа гэлээ. Энэ дотроо хүнийг доромжлох нь тийм энгийн зүйл болж таарч байна уу. Жишээ нь та “Дайралцаан” дээр намхан нуруу, тэр ч битгий хэл үсний өнгөөр нь “шардаг” байх аа?

-Тэр хүмүүс “Оkay, би зүгээр” гээд ороод ирсэн юм чинь. Харин хариуцлагаа яаж хүлээж байна гэхээр зөрүүлээд биднийг “шарж” байгаа биз. Бусдаар тэр хүнийг яриулахгүйгээр доромжлоод байвал ондоо. Кай ахад ч, Цэцэ ахад ч гэсэн буцаад биднээс хариугаа авах боломж нь нээлттэй байгаа биз. Энэ бол соёл. Хүнийг байгаагаар нь харж, гоё шарж байна гэсэн үг. Монгол жаахан эмзэг тусаад байгааг буруутгах аргагүй л дээ. Соёл нь бүрэлдээгүй байна. Бид балетыг ч гэсэн ном журмын дагуу үзэж сураагүй байна гээд бод л доо. Монгол Улс сэтгэхүйн хувьд, амьдралын хэв маягийн хувьд ямар их хоцрогдолтой байгааг ч харж болно. Харин комедианууд энийг хүчээр авчирч наах гэж оролдсон ч байж магадгүй.

-Хоцрогдмол хүмүүст доромжлуулж чичлүүлэх тохиолдол олон гардаг байх. Үүндээ ядрах бухимдах тохиолдол гарах уу?

-Мэдээж хэрэг. Заримдаа би юуны тулд ингэж яваа юм гэж бодно. Заримдаа хийгээд, хийгээд махраад эцсийн дүндээ өмнөхөөсөө ахихгүй байх үе гарна. Маш олон ажил зэрэг хийсэн ч гар дээр ирж байгаа юм байхгүй байх ч үе бий. Гэхдээ комедиан хийж байгаа маань миний ашигтай хобби болж таардаг. Маш их бухимдсан ч гэсэн орой тайзан дээр гараад 200 хүнийг пэр хийтэл инээлгэхэд тайвширдаг.

-Одоо 200 хүнийг пирхийтэл инээлгэнэ гэж ам бардам хэллээ. Анх хоёр хүн ч инээхгүй байх тохиолдол гарч байв уу?

-Би 15 настай байхдаа комеди үздэг байлаа. Нас маань хүрэхгүй учраас “Ub comedy club” дээр очдоггүй байв. Гурван жилийн дараа 18 нас хүрээд очтол тасалбар нь дуусчихсан байсан. Уйлах шахаад дараа долоо хоногийг нь хүлээсээр үзэж байсан. Хэдийгээр хамгийн ард суусан ч гэсэн мэдрэмж нь надад гоё санагдсан. Түүний дараа өөрийгөө мэдэрч эхэлсэн. Харин мэргэжлийн тайзан дээр гарахдаа их эргэлзсэн. Гэхдээ л чадсан.

-Тэгвэл бага байхын л хошин хүүхэд байж л дээ?

-Үгүй ээ. Оюутан болж эхлээд л задарсан. 10 жилд байхдаа ангийнхныхаа урд гарахдаа л ичиж орхидог байв. Хошигнох юм бол хүмүүс намайг тэнэг гээд бодчихвол яана гэдэг айдастай байлаа. Гарч ирээд үг яриагаараа байлдан дагуулж байгаа хүүхдүүдийг хараад атаархдаг байсан. Урлагийн үзлэг дээр бэлдэж, бэлдэж анигдчихдаг шоовдор маягийн байж байгаад оюутан болоод задарсан. Багны ард ч суугаад байх шалтгаан байхгүй байсан байх.

-Хошигнол бичихдээ сэдэв санаагаа хаанаас олох уу. Мөн хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ?

-Сэдэв бол өөрт тохиолдсон болон, өөрийнхөө сонирхсон зүйлийн хүрээнд судалгаа хийж олдог. Утасныхаа тэмдэглэл хэсэг дээр 10 гаран хошигнол бичээд зэрэг зэрэг зүтгүүлдэг. Өдөрт нэг цагийг заавал хошигнолоо бичихэд зарцуулдаг. Өдөр тутамд бичигдсэн зүйлсээ сүүлд нь хуваарилдаг. Мөн судалгаа сайн хийх хэрэгтэй болдог. Хамгийн гол зүйл нь бичих нь 10 хувь хөгжих явц нь 90 хувь болж таардаг.

-Хэзээ нэг цагт миний ярьсан хошигнол хэнийг ч инээлгэхгүй болчихвол яана гэдэг бодол орж ирдэг үү?

-Цаг үетэйгээ нийлээд уншиж судлаад явахад хэзээ ч хоцрогдохгүй байх л гэж боддог. Харин таван жилийн дараа өнөөдөр бичсэн зүйлсээ хараад инээдтэй байжээ гэж бодох ч юм билүү. Гэхдээ хамгийн гол нь тухайн цаг үед тийм инээдтэй зүйл болоод тэр хүмүүс инээж, тэр нь дурсамж болон үлдэж байгаа болохоос авцалдаагүй зүйл биш гэдгийг сайн ойлгодог.

Инфляц өндөр Монгол Улсад нэг ажил хийчхээд хүрэлцэхгүй байна гэж гоншигноод байгаа залуусыг гайхаж байна

-Дээр асуусан асуултуудыг эргээд шүүгээд бодох нь ээ Америк, Америк гэж их ярьсан. Та Америк явахыг тэгтлээ их хүсдэг хүн үү?

-Би гадаадад гарч сайхан амьдарна гэж ерөөсөө боддоггүй. Циркээр Тайванд зургаан сар ажилласан. Өөр бусад орнуудад гэсэн ажилласан. Гадаадын улсуудын жуулчдынхаа тоог ихэсгэх гэсэн компанит ажилд хууртаж байгаа болохоос харийн нутаг бол харийн нутаг. Тэнд өвдөхөд чамайг хэн ч халамжлахгүй. Хүссэн дэлгүүр лүүгээ ороод, хүссэн өндгөө ширхгээр авч идэж чадахгүй шүү дээ.

Хүмүүс гадаадад л сайхан амьдрах юм шиг санадаг болохоос дотоод боломжуудаа хардаггүй юм шиг санагддаг. Эх орондоо хөдөлмөрлөж л чадвал аргаа олно шүү дээ. Бусдад гоншигонох биш хичээх хэрэгтэй юм шүү дээ. Наанадаж л инфляц асар өндөр Монгол Улсад хүмүүс ганцхан ажил хийж байж, хүрэлцэхгүй байна гэж гомдоллож байгаа нь үнэхээр сонин. Сая Америкт инфляц өсөхөд хүмүүс нь хоёр ажлын байр хайх нь ихэссэн байгаа юм. Гадаад сурч байгаа оюутнууд хичээлийнхээ хажуугаар л хоёр ажил хийдэг шүү дээ. Амьдарч болоод л байна. Хөдөлмөрлөөд, юмны үнэ цэнийг мэдрэх боломж байгаа л гэж боддог. Хичээхгүй суга байгаа байдлаараа бусдадаа битгий гай бол л гэж хэлмээр байна.

-Тэгвэл хийсэн ч бууж өгөхөд хүрч байгаа залуустаа хандаж үг хэлээч?

-Хүмүүс чамайг ямар новшоо хийгээд байгаа юм гэсэн ч битгий тоо. Эцсийн эцэст тэр хүмүүс хэдэн жилийн дараа, мань чинь чиний амжилтад хүрэх замыг зогсоосон юм. Май тогны чинь мөнгө гэж хэлэхгүй. Тиймээс өөрийнхөө төлөө л яв гэж хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!