Зөвлөгөө

ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш даруй сар өнгөрчээ. Монголд ирсэн оросууд хэрхэн аж төрж буй, тэдэнд ажил төрөл олдож буй юу. Монголчууд ажил хийлгэчхээд цалинг нь өгөхгүй байгаа гэх сошиал сүлжээн дэх мэдээллүүд үнэн үү. Эдгээр асуултад хариулт авахаар ОХУ-аас ирсэн нэгэн халимаг залуутай ярилцлаа. Аюулгүй байдлыг харгалзан үзэж, түүний нэр, нас, ажил мэргэжил зэргийг нууцлав.

ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш даруй сар өнгөрчээ. Монголд ирсэн оросууд хэрхэн аж төрж буй, тэдэнд ажил төрөл олдож буй юу. Монголчууд ажил хийлгэчхээд цалинг нь өгөхгүй байгаа гэх сошиал сүлжээн дэх мэдээллүүд үнэн үү. Эдгээр асуултад хариулт авахаар ОХУ-аас ирсэн нэгэн халимаг залуутай ярилцлаа. Аюулгүй байдлыг харгалзан үзэж, түүний нэр, нас, ажил мэргэжил зэргийг нууцлав.

Бид нэг дэлхий, нэг улс

-Ашгүй, таны утасны дугаарыг оллоо. Монголд утасны дугаар авахад иргэний үнэмлэх шаарддаг. Та дугаар авахдаа монгол найзаасаа тулалцаа хүссэн үү?

-Үгүй ээ, гадуур явж байгаад өөрөө авчихсан. Зах дээр утасны дугаарууд зарж байсан. Би гадаад паспортоо үзүүлсэн. Жаахан удаан хүлээсэн ч дугаар авч чадсан. Хамгийн гол нь интернэт орж, гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих хэрэгтэй байсан юм.

-Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж байна уу. Тэндэх нөхцөл байдал ямар байгаа гэнэ?

-Би есдүгээр сарын 23-нд Монголд ирсэн юм. Анх нэг найз маань утсаар ярьж, “Дайчилгаа эхэлж байна. Нэг бол шоронд орно. Нэг бол Украин явж үхнэ. Ийм хоёр сонголт байна. Тиймээс юмнуудаа ав. Явцгаая. Буцаж ирж хэзээд амжина” гэсэн. Эхнэр, хүүхэд маань уйлж, дайнд явчихвал дахиж харж чадахгүй болно гэцгээсэн. Иймд асар хурдан шийдвэр гаргаж, 15 минутад л юмнуудаа цуглуулаад, найзтайгаа хамт машинаар нааш хөдөлсөн. Монголд 5000 рубльтэй л ирсэн. Цэргийн тусгай ажиллагаа болж буйтай холбогдуулан хүмүүсийн амьжиргаа муудаж байгаа үе л дээ, угаас.

Гэр бүлийнхэн маань эхний хоёр гурав хоногт өөрсдийг нь хаячхаж гэж бодсон гэсэн. Монголд ирчхээд утасны дугаар авч чадаагүй тул хоёр, хоёр хоног холбоо тасарчихсан. Тэр үед гэр бүлийнхэн минь нэлээд санаа зовсон гэсэн. Тэгээд утастай болоод холбоо барьсан. Одоо бол ах эгч нар, гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоо барьж байгаа. Уржигдар нэг мэдээ авсан. Халимагаас татагдсан таван цэрэг дайнд амь үрэгдсэн гэсэн. Өчигдөр нэг мэдээ ирсэн нь, найз маань дайнд явсан гэсэн. Сэтгэл маш их зовж байна.

Тэнд хууль чангарч, байдлаар цэргийн ажиллагааг эсэргүүцэх юм бол хариуцлага хүлээлгэж байгаа. Буриад, якут, тува, халимаг залуусыг цэрэгт олноор нь татаж, өөрсдөө нуувчинд үлдэн украинчуудын өөдөөс цөөнхүүдийг явуулж байна. Тэгээд дайнд бага ястнууд л буруутгагдаж байна. Орост дайн гэдэг үгийг хэрэглэвэл хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэх ёстой.

-Одоо Монголд яг хаана амьдарч байна?

-Эхлээд зочид буудалд хэд хоног амьдарсан. Тухайн үед сайн санаатай хүмүүс бидэнд амьдрах газар гаргаж өгсөн. Гачууртад. Тэнд жаахан хүйтэн, өвдөх гээд байсан тул одоо хотод байгаа. Их сургуульд суралцаж байхдаа танилцаж байсан монгол найзууд маань энд байдаг юм. Тэдгээр найзуудынхаараа л амьдарч байна.

Өмнө нь би Монголд ирэхийг хүсдэг байлаа. Нааш ирсэн шалтгаан нь таагүй ч ирэхийг байнга хүсдэг байсан. Монголд ирээд ямар гоё орон бэ гэж бодсон, гайхсан. Хүмүүсийнх нь чөлөөтэй байдал таалагдсан. Та нар өөрсдөө сайн мэдэхгүй байж магадгүй. Надад ажиглагдаж байгаагаар маш эрх чөлөөтэй, зочломтгой, найрсаг хүмүүс. Энэ нь хүн болгоноос л мэдрэгдэж байгаа юм чинь. Энэ хүнд цаг хугацаанд надад тусалсан хүмүүст маш их баярлаж байгаа. Тусламж хэрэгтэй гэж асуусан түүнээс ч олон хүн бий. Тэдэнд мөн маш их баярлаж байгаа. Ер нь энэ дэлхий дээр олон улс үндэстэн гэж байхгүй. Баруунынхан сайн. Бусад нь өөр гэх ойлголт байхгүй. Бид нэг дэлхий, нэг улс.

Эмнэлгийн тусламж авч чадахгүй тул биеийн хүчний ажилд орохоос болгоомжилж байна

-Монголд ирээд сар болжээ. Ирээд ажил хайж үзэв үү?

-Одоогоор ажилгүй л байна. Ажил хайж байгаа.

-Ямар, ямар ажил сонирхон хайж үзэв. Ажил олоход тулгарч буй хүндрэлүүд юу байна вэ?

-Нэг л байгууллагад хандаж үзсэн. Тээвэр зуучийн компани. Эргээд хариу өгнө гэсэн. Уулзаад дөнгөж нэгхэн хонож байгаа. Орос хэлтэй ажилтантай нь ярилцаад маш сайн ойлголцсон. Ярилцлагад орохдоо ОХУ-аас ирснээ ч хэлсэн. Одоогийн нөхцөл байдал минь цалин голохгүй. Тиймээс тухайн байгууллагатай цалин хөлсөө яриагүй. Ямар л бол ямар ажил хийхэд бэлэн байгаа. Гэхдээ бид нөхцөл байдлаас шалтгаалаад, эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа тул биеийн хүчний буюу барилгын ажилд орохоос болгоомжилж байгаа.

-Ажлын зар мэдээллүүдийг хаанаас авч байна вэ?

-Оросоос ирсэн залуус “Telegram” дээр нэг групп үүсгэчихсэн байгаа. Түүгээрээ дамжуулаад л Монголд хийж болох ажлын зар мэдээллүүдээ хоорондоо солилцоод, ажиллаж байна. Мөн бидэнд туслах хүсэлтэй монголчууд нэг групп үүсгээд ажилд оруулж өгч байгаа. Нэлээд олон хүн ингэж ажилд орсон шүү. Зарим нь худалдагч хийж байна. Зарим нь талх, нарийн боов хийж байна. Барилгын ажил ч зарим нь хийж буй.

-Монголд ирээд сарын дараа л ажил хайж эхэлж. Ажил хайлгүй удсан нь ямар шалтгаантай вэ?

-Их сургуультай харьцчихвал амьдрах эрхээ сунгуулах боломж нээгдэх гээд байсан. Тиймээс их, дээд сургуулиудтай очиж уулзахад нэлээн хугацаа орсон. Тэгээд саяхнаас л ажил хайж эхлээд байна.

-Тэгэхээр түр оршин суух зөвшөөрөлтэй болж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүсэлтээ өгчихсөн. Хамт ирсэн найз маань Монголоор дамжаад болж өгвөл АНУ руу гарахыг бодож байгаа. Харин би монгол хэл сураад, эндээ амьдрах хүсэлтэй байгаа. Хуулийн дагуу амьдрах эрхээ олж авахыг хүсэж байна.

-Тэгэхээр иргэншлээ солиулна гэсэн үг үү?

-Би ирэхдээ л миний эцсийн зогсоол Монгол гэж бодож ирсэн. Монголын иргэншил авч нэрээ солино. Тэгээд гэр бүлийнхнээ нааш нь татаж авчирна. Монголд ирсэн залуусын зарим нь гадагшаа явах хүсэлтэй байгаа. Харин зарим нь сэтгэл санааны байдлаас болоод буцаад орос руугаа явчихсан. Гэхдээ энд ирсэн хүмүүсийн дийлэнх нь надтай адил иргэншлээ солиулж үлдэх хүсэлтэй байгаа. Жаахан айдастай байгаа болохоос биш. Ялангуяа буриадууд. Буриадуудыг монголд авч ирэх ажлыг зохион байгуулсан нэг байгууллага бий. Тэр байгууллага буриадуудыг нааш нь оруулж ирэхдээ нэрсийн бүртгэл хөтөлсөн гэсэн. Тэр бүртгэлийг тусгай албаныхан олж аваад ямар нэгэн байдлаар дарамт үзүүлээд буцаагаад аваад явчих вий гэх айдастай л байх шиг байна. Жишээ нь: Гэр бүлээр нь дарамталж, буцаах вий гэдэгт санаа зовцгоож байгаа.

Мөн бид ЭСЯ руугаа хандаж чадахгүй байгаа. Ямар нэг байдлаар энд байх боломжийг нь хаагаад буцаагаад орос руу явуулж магадгүй гэсэн яриа гарчхаад байгаа учир айдастай л.

Бид монгол үндэстэн, биднийг гэх тусгаар улс байгаа шүү гэх бодол маш их итгэл өгдөг

-Их, дээд сургуульд орохоор хөөцөлдсөн гэж байна. Аль сургуульд сурахаар болсон бэ?

-Анх ирэхдээ хаана юу байгааг ч мэдэхгүй байсан. Тэгээд маш олон сургуулиудаар явсан. Миний хувьд мэргэжил дээшлүүлэх шаардлагагүй тул зөвхөн монгол хэл зааж өгөх сургуулийг сонгосон. Нэг хувийн сургуульд монгол хэл заалгаж байгаа.

-Монголд ирээд ажил хийгээгүй, авч ирсэн мөнгө тань монголоор бол 300 гаруй мянга болно. Тэгэхээр сургалтын төлбөрөө хэрхэн төлөв. Эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа юу?

-Нэг хичээлийн жилд 1.1 сая төгрөг төлөх юм билээ. Оросоос гэр бүлийнхэн маань мөнгө явуулсан юм. Миний сурч буй сургуульд надтай нийлээд дөрвөн хүн монгол хэл сурч байгаа. Харин оросоос ирсэн бусад залуус өөр нэг дээд сургуульд монгол хэл заалгаж байгаа. Анги нь 527-уулаа юм билээ.

-Монголд ирээд ажил хийгээд цалингаа авч чадаагүй, луйвардуулсан хүн найз, нөхдийн тань дунд бий юу?

-Нэг л тохиолдол сонссон юм байна. Нүх ухуулчхаад, орой нь мөнгөө өгнө гэж тохирсон юм билээ. Тэгчхээд орой орой нь мөнгөө өгөөгүй. Маргааш ир гэж хэлсэн гэсэн. Цалингаа өгөөгүй тул маргааш нь очоогүй гэсэн. Ганцхан сонссон нь л энэ.

Ер нь бол Монголд ирсэн оросуудын 30 орчим хувь нь ойролцоогоор нүх ухах ч юм уу түр зуурын ажилд орсон. Түүнээс бага ч байж магадгүй.

-Өвлийн сарууд юу, юугүй хаяанд ирж байна. Та гэрээсээ гарахдаа дулаан хувцсаа цүнхэлж амжсан уу?

-Анх ирэхдээ ганц цүнх, хавар намрын куртиктэй ирсэн.Дараа нь эхнэр маань танилаараа дамжуулаад дулаан өмд, цамц явуулсан. Тэло Тулку Ринпоче гэх Халимагийн шашны удирдагч хүний сүм хийдийнх нь салбар Улаанбаатарт бий. Тэр салбар нь дэлхий даяар амьдарч буй халимагуудаас хандив цуглуулж, тэр хандивыг энд байгаа халимаг хүмүүст тарааж өгдөг. Дулаан хөнжил, мөнгө төгрөг өгсөн нь маш том дэмжлэг болсон. Мөн Христийн шашинтай Шведэд амьдардаг монголчууд бидэнтэй уулзсан. Надад энэ өвлийн дулаан куртикийг өгсөн /өмсөж явсан куртик рүүгээ заав/. Тэр өдөр маш их сэтгэл хөдөлсөн.

-Эх орноосоо, гэр бүлийнхнээсээ хол, ганцаараа байгаа үедээ хүн яг юу боддог юм байна. Энэ асуултаар ярилцлагаа өндөрлүүлье?

-Эхний 10 хоногт буцъя гэж 300 удаа бодсон. Монголчуудын халуун дулаан сэтгэл, тусалж дэмжье гэсэн нь тэр байдлыг даван туулахад тус болсон. Гэр бүлийнхнээсээ хол байх яаж тийм сайхан байх билээ /уйлав/. Бид монгол үндэстэн, биднийг гэх тусгаар улс байгаа шүү гэх бодол маш их итгэл өгдөг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!