Мэдээ Мэдээлэл

Есөн саяар үнэлэгдэх морфин завшсан эмийн санчид ял шийтгэжээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эм найруулагч, эмийн санчаар ажилладаг М.Мөнхчулуун мансууруулах үйлчилгээтэй тариа их хэмжээгээр завшсан хэрэгт холбогджээ.

Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сараас хойш тус төвд хоёр жил ажиллахдаа албаны чиг үүрэг, эрх мэдлийнхээ нөлөөг ашиглаж эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээрх морфин тарианы тун, хэмжээг өөрчлөн хүмүүст өгч байсныг цагдаагийн байгууллагынхан шалгалтаараа тогтоосон байна. Өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй морфин нь НҮБ-ын Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан мансууруулах төрлийн бодис агуулдаг бүтээгдэхүүн. Дээрх эмийн санч эм тарианы тоо ширхэг, тун хэмжээг өөрчлөн нийт 9.3 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх тариаг завшсан нь шалгалтаар тогтоогдож, НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 20.9-1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцээд М.Мөнхчулуунд зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хоёр жил хассан байна.

Ж.Батзанданг цагдан хорих хугацааг сунгав

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг цагдан хорьж шалгах хугацаа дуусаж буйтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АТГ, НПГ-аас шүүхэд үргэлжлүүлэн хорих санал хүргүүлжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорьж мөрдөх хугацааг 30 хоногоор сунгасан захирамж гаргасан байна. Түүнийг болон зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй нарыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан”, 18.6-2.3 дахь хэсгийн албан тушаалтан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж буй билээ.

“Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны авсан зээлүүдийг нягтлаад энэ хоёр хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн юм. Тодруулбал, тэд “Азийн бамбар” гэх компаниар хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9, нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авсан байдаг. Уг зээлийг нь нарийвчлан шалгахад Г.Аюулгүйн компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон нь ил болсон. Уг зээлийг авахдаа Ж.Батзандан, Г.Аюулгүй нар “Капитал” банкны удирдлагатай уулзан нөлөөлсөн гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа тус банкны захирал асан А.Ариунболд тодорхой ярьсан юм. Түүгээр ч зогсохгүй “Капитал” банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээ дампууруулж, төлбөрийн чадваргүйд тооцуулахаар шүүхэд хандсан байсныг нь мэдэж, Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргаснаа ч дэлгэрэнгүй ярьсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!