Гоо үзэсгэлэнт хоёр Ганаа – УНДРАХ

Гавъяат жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг үзэгчид сайн танина. Хоёр Ганаа нэрээр танигдсан уран бүтээлчид Драмын театр хэмээх жүжигчдийн уран чадварын дээд шалгуур болсон их айлаас ажлын гараагаа эхэлсэн.
Жүжигчин Д.Ганцэцэг 2000 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд жар гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээсэн байдаг. Түүний тоглосон “Надаар тоглосон хайр” тухайн үедээ театрын хамгийн их үзэгчтэй жүжгээр нэрлэгдэж байсан юм.
Түүнээс хойш “Бооцоо”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Зуны шөнийн зүүд” “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Хайрын виз”, “Улаан сарнай” гээд олон жүжгийн дүрүүдийг тайзнаа амилуулсан чадварлаг бүсгүй.
Түүний тоглосон “Жинжиймаа” киног үзэгчид сайн мэднэ. Эргэлдсэн алаг нүдээрээ ижийгээ хайн бэдэрч, сэтгэлдээ хадгалсан үгээ итгэлээрээ сүлэн тайзан дээр зогсох хэсгийг үзсэн хүн нулимсаа барьж чаддаггүй.
“Гэгээн муза” наадмын гурван цомын эзэн Д.Ганцэцэг Монголын ганц хүний жүжгийн олон улсын наадмын анхны цомыг “Оскар” хүүгийн дүрээр авч байлаа.
Жижиг Ганаагийн хувьд дэлгэцийн уран бүтээлээр гараагаа эхэлсэн. “Хэцүү анги” киноны Зул охины дүр бүтээхэд түүнийг олон найруулагч онцолж харсан гэдэг.
Тиймээс ч “Халуун сэтгэл”, “Амьдралын амт”, “Помогите нам”, “Наран мандах нутаг” гэх мэт дэлгэцийн олон бүтээлд өөрийн чадвараа харуулж чадсан.
Найруулагчид ч түүнийг дотоод сэтгэлээрээ тоглодог хэмээн магтах юм билээ. 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд Шекспирийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалтанд тэнцэж, “Гамлет” жүжгийн Офелиагийн дүр бүтээсэн бол “Ромео, Жулета” жүжгийн Жулетад тоглохоор сонгогдож байсан чадварлаг залуу жүжигчдийн нэг.
“Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Лусын дагина”, “Тэмүүжин”, “Сарны цагаан цус” гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн.
Тэдний хувьд насны зөрүүтэй ч уран бүтээлийн шилдэг хамтрагч нар гэдэг. Мөн сайн ч найзууд.
Драмын театраас нь нөхөрлөлийн гараагаа эхэлсэн хоёр бүсгүй өдгөө продакшн хүртэл байгуулж эхний киногоо үзэгчид хүргээд амжсан. Гоо үзэсгэлэнт хоёр Ганаагийн гэрэл зурагнаас хүргэе.