Дүүтэйгээ холбоо ч аваагүй байхад цагдаагаас олсон гэж мэдээлж байгааг гайхаж байна.


Гэрээсээ хог асгах гэж гараад 14 хоног сураггүй алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ самарт явсан байсныг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор охины ар гэрээс манай сайтын редакцад холбогдлоо.
Охины ах “Бид нар хоёр өдрийн өмнө Дарханы вокзал дээр очиж камер шүүж нэг хүнтэй Улаанбаатар орсныг нь мэдсэн. Өчигдөр бид Улаанбаатар хотод ирээд хамт явсан хүний ээжтэй нь уулзахад аавтай нь , хамаатнуудтай нь самарт явсан гэсэн. Цагдаагийн газраас бол манай гэрийнхэнтэй холбогдож олчихлоо, энд байна гэж юу ч ярьж мэдэгдээгүй. Одоо хүртэл сураг чимээгүй байж олон нийтийн сүлжээнд охиныг олсон гэж мэдээлж байгааг гайхаж байна” гэв.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Бид нар охиныг хаана байгааг тогтоосон. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Одоогоор самар түүж байгаа уулнаас нь буулгах ажил явагдана” гэв.
Охины эгч “Цагдаагаас олсон, бидэнд хэлсэн гэж байгаа ч бидэнд ямар ч тийм дуудлага ирээгүй. Одоог хүртэл дүүтэйгээ холбогдож чадахгүй байна” гэв.
