Зөвлөгөө

“ГУЧ ГАРСАН ГАНЦ БИЕ БҮСГҮЙН АМЬДРАЛ…”

“ГУЧ ГАРСАН ГАНЦ БИЕ БҮСГҮЙН АМЬДРАЛ…” – Д.ТУНГАЛАГ

Өвлийн өөвгөр шар нар хэдийнээ холдож, хаврын салхи шуурсан нэгэн өдөр Тааяа элдвийг бодон ажлаасаа харьж явлаа. Яагаад ч юм 30 нас гартлаа хэн нэгэнд тэгтлээ хайрлуулж, хэн нэгнийг тэгтлээ хайрлаж яваагүй тэрээр гуньж гутардаггүй ч гэлээ ганцаардлын шинж тэмдэг нүүр хүзүүнд нь илэрч, бага сага үрчлээ нэмэгдэж.

Жил жилийн хавраар тэр өөрийн эрхгүй сонин болдог нь сүүлийн хэдэн жилд анзаарагдаад өөрт нь мэдэгдээд байдаг болсон. Хүүхэд байхаасаа хамгийн түрүүнд яргуй цэцэглэдэг хаврын улиралд дуртай байсан.

Харин одоо бол дуртай биш. Хааяа нэг найз нөхөддөө “Манайх 3 улиралтай болчихоосой, хаврын салхи хэрэггүй байна, нүүр харлуулаад” гэх мэтээр тоглоом шоглоомоор өөрийн дотоод санаагаа гаргана. Гэвч найзуудынх нь хэн нь ч түүнийг яагаад хаварт дургүй байдгийг сонирхож байсангүй.

Учир нь бүгд л гэр бүл зохиочихсон, цаг зав багатай, үр хүүхэд гэрийн ажилд дарагдсан гэр гийгүүлэгчид. Тааяа гэр гийгүүлэгчдэдээ атаархаад байдаггүй ч харин зарим нэг найзууд нь түүнд атаархдаг гэлтэй.

Тэдний “Чам шиг ганцаараа байвал амар ч юмуу, эрх чөлөөтэй. Ээлжийн амралтаараа хаашаа л бол хаашаа дураараа явна. Хэн нэгэнтэй нууцхан хайрлалцсан ч хардаж сэрдээд байх хүнгүй, бүх юмаа өөртөө л зориулна” гэхчилэн хэлдэг үгс Тааяад тийм ч таатай бус. Ганцаардахын жаргал зовлонг ганцаарддаг хүн л мэднэ.

Хавар болдгоороо болж, Тааяагийн бие сэтгэлийн нууцхан шаналал зовиур эхэлжээ. Бие сэтгэлийн зовиураа эмчид үзүүлсэн ч оношилж чадахгүй, эмчилж барахгүй гэдгийг тэр өөрөө сайтар ойлгодог болохоор эмнэлэг рүү зүглэж байсангүй.

Тэр өөрийгөө дэндүү сайн мэддэг шүү дээ. Зарим нэг өдөр богинохон юбка өмсч, хормойгоо салхинд дэрвүүлэн алхах дуртай. Энэ нь түүнийг жаахан ч болтугай тайвшруулдаг. Бас шөнө бүр нойр нь хулжиж, хэн нэгнийг хүсэмжлээд ч байгаа мэт санагдана.

Ингэж санагдахад тэр өөрийн сэтгэлдээ хүлээдэг хар хүүгээ төсөөлөн бодож, уулзаж учирч байна хэмээн өөрийгөө хөгжөөсөөр байгаад нэг мэдэхэд унтсан байдаг. Тааяа насанд хүрээд олон жил өнгөрсөн болохоор хаврын улиралд хамаг амьд бүхний сэрэл мэдрэхүй илүү их хөдөлдөг гэдгийг мэднэ. Тийм ч болохоор би ингээд байна гэдгээ ойлгодог.

Гэвч энэ тухайгаа амины ганц найзаасаа өөр хэнд ч цухуйлгаж үзээгүй өдий хүрсэн билээ. Амьдралын эрээн бараан, элдэв адармаатай явдлыг тунгаахдаа “Би урьд насандаа их л задгай явсан болоод энэ насандаа ингэж битүү байдаг юм болуу” ч гэж бодох нь аргаа барсан хүний цөхрөл гэлтэй.

Тааяа энгийн л нэг бүсгүй. Дунд зэргийн нуруутай, биедээ зохицсон махтай, зуувандуу нүүртэй гээд өөлөөд баймаар бүсгүй биш. Хэнтэй ч сайхан харилцдаг, хэн нэгний төлөө санаа тавьж чаддаг гээд түүнд олон сайхан шинж бий.

Гэтэл яагаад ч юм эв гаваа нэг л олохгүй өдий хүртэл ганц бие. Шашин шүтлэг нээлттэй болж, хөдөө амьдардаг аав ээж нь нутгийнхаа хамгийн сайн ламаар охиндоо ханийн заяа дуудуулсан ч тэр нь зөрөөд явсан гэлтэй.

Ийм л нэг энгийн бүсгүй хаврын салхинд цохиулан ажлаасаа харьж явсныг дээр дурдсан. Тааяа гэнэт замын хажууд байрлах гэрэл гэгээтэй хаяг бүхий кафед ормоор санагдаад шулуухан алхав. Тэнд ороод эзгүй ширээнд сууж, зөөгч охиныг ирэхэд сүүтэй кофе, нэг лааз шар айраг захиалав.

Хоорондоо авцалдаа муутай хоёр зүйл захиалсанаа мэдэж байсан ч өнөөдөр нэг л этгээд аашилмаар санагдаад болох биш. Жижигхэн цүнхнээсээ уруулын олон өнгөтэй будгаа гаргаж, яв ягаан өнгийг нь сонгон уруулаа жигтэйхэн тод будчихлаа.

Энэ хооронд захын ширээнээс ширтэж байгааг мэдэрч, тэрүүхэн тэндээ займчин сонин болсон ч албаар биеэ барьж, амины ганц найз руугаа залган, чанга чанга дуугаран ярьж гарлаа. Найз нь Тааяад санаа нь зовсон бололтой, “би очих уу, хаана байгаа юм” гэтэл өөдөөс нь тас тас хөхрөн “Хэрэггүй ээ, найз нь өнөөдөр ёндоотой суумаар байна” гээд утсаа тасаллаа.

Тааяа хэдийгээр анзааргагүй дүр үзүүлэн ярьж байсан ч нөгөө харц түүнийг ширтээд байгааг мэдэрсээр байлаа. Түүний захиалсан зүйл ирэхэд эхлээд кофегоо оочлон уугаад, дараа нь шар айргаа шимж уулаа. Хамт олны баяраас өөрөөр нэг их уугаад байдаггүй болохоор тэр амархан халах нь тодорхой.

Гэвч тоосонгүй, дахиад хоёрыг нэмж захиалаад бага багаар шимж уусаар суулаа. Тааяаг 2 дахь шар айргаа дуусах үед хэн нэгэн ширээнд дөхөн ирж, найрсгаар “Уучлаарай бүсгүй. Энд сууж болохсон болов уу” гэхэд Тааяа хэрдээ биеэ барин “Болноо болно” хариулахдаа дотроо “над шиг л хаврын улиралд ганцаардсан нэг биз” хэмээн зурвас бодов.

Уулзсан хойно гар барьж танилцах нь зүйн хэрэг. Тэр хоёр дорхноо танилцаж, ширээн дээр хөнгөн салат, шар айргууд нэмэгдэх нь тэр. Биеэ барьдаг, ажлыхны хэлдгээр зожигдуу Тааяа харин энэ удаа огт өөр байлаа.

Гэнэтийн зочны сонирхсон бүхэнд нь чин үнэнээр хариулан, өөрөө ч түүний тухай асуун инээсээр хэдий хугацаа өнгөрснийг үл мэднэ. Сэтгэл сэрүү оргиулан үлээх хаврын салхи нөлөөлсөн бололтой. Хичнээн удаан унтсаныг бүү мэд, толгой нь хүнд оргиж байвч Тааяа нүдээ алгуурханаар нээлээ.

Өөрийнхөө гэрт, өөрийнхөө оронд. Тааяа бодлоо. Кафед сууж байсан, гэнэтийн зочинтой танилцаж байсан, бие биенээсээ асууж хариулж байсан гээд цаашаа бүр байдаггүй. Өөр бусад “би тасарсан байна лээ, юу ч санахгүй байна.

Элдэв үг хэлсэн бол уучлаарай” гэхэд нь хэзээ ч итгэж байгаагүй бүсгүй одоо өөрөө тийм байдалд орсноо сайн ойлгосонгүй. Хамгийн гол нь яаж гэртээ ирсэн юм бол. Түүнийг толгойныхоо манараанд автан бодож ядан хэвтэж байтал гал тогооны өрөөнд чимээ ч гарах шиг. Гайхан өндийтөл шарсан юм ч үнэртэх шиг. Тааяа айлаа. Хүн болсоор айж үзээгүйгээрээ айв.

Хөнгөн алхаа өрөө рүү ойртсоор хаалга зөөлөн тогшив. Тааяа айж сандарсандаа цахиртсан хоолойгоор за гэчихлээ. Хаалга зөөлөн онгойж, түүний хормогчийг зүүсэн гэнэтийн зочин ороод ирэх нь тэр. Том тавган дээр шарсан өндөг, хүйтэн ус, талх бас шингэн бантан тавьсан тэрээр зөөлөн царайндаа мишээл тодруулан “Сайхан амарсан уу. Уусан хүнд бантан хэрэгтэй болохоор нэг аяга хийсэн юм аа. Xvчилж байгаад ч болов идчихнэ үү” гэв.

Тааяагийн дотрооснэг юм хүчтэй огшоод уйлчихлаа. Гэнэтийн зочин учиргүй сандран “Та битгий буруугаар ойлгоорой, таныг гэртээ аваачилтай биш, хаягаа хэлэхээр тань аваад ирсэн юмаа. Тэгээд орхиж явж зүрхлэхгүй, буйдан дээр унтсийн, өөр юу ч байхгүй шүү.

Та итгэхгүй байвал эмчид очих уу хоёулаа” гээд л учирлаж гарав. Тааяа уйлсандаа жаал онгойн, сэгсийсэн үсээ гараараа арагшлуулж түүний нүүр өөд харав. Яагаад уйлснаа хэлмээр санагдаад “Үгүй ээ үгүй, би таныг буруугаар ойлгоогүй.

Би аав ээжээсээ өөр хүнээс ингэж өглөөний цай ууж байсангүй. Сэтгэл уяраад бас нэг л сайхан мэдрэмж төрөөд, яг үнэндээ баярласандаа уйлчихлаа” гэхэд гэнэтийн зочны царай гэрэлтэж “аан за, айлаа шүү. Айлын бүсгүй үрд буруу ойлгогдож айлгачихлаа гэж бодлоо” хэмээн инээмсэглэв.

Тааяа хамаг хөлсөө гарган бантанг идэж, хүйтэн ус залгилахдаа ч санаа зоволгүйгээр байж чадлаа. Гэнэтийн зочин түүнийг яаж идэж байгааг нэгд нэгэнгүй ширтэн сууж байхдаа царайд нь мишээл тодорсоор байв.

Тэр хоёр урьд шөнийн кафед болсон хөгжилтэй яриагаа эргэн дурсаж, инээлдсээр бага үд хүргэлээ. Тааяа хэзээ ч ийм чөлөөтэй, бас нээлттэй байж үзсэнгүй. Эмзэг залуу насанд нь түүний хайрыг хага гишгэн орхиж явсан тэр нэгэн учралаас хойш эрэгтэй хүнтэй харьцах гэдэг их л төвөгтэй, тэгсээр байгаад бүүр үгээ ч олж хэлж мэдэхгүй, эв дүйгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Хавар болохоор л сэтгэлийнх нь гүнд байдаг хайр хагацал түүний нойрыг хулжааж, хэн нэгний хайр халамжийг үгүйлэхэд хүргэдэг. Гэр нь дүүрээд, хана туурга нь хүртэл өнгө нэмсэн мэт санагдахад Тааяа өөрийн эрхгүй санаа алдаж, энэ сайхан мөчүүд өдөр бүр үргэлжилээсэй гэж дотроо хүсэмжилэв.

Гэнэтийн зочин гэнэт танилцаж, гэнэт ирсэн шигээ буцах болов уу. Амьдралд нь гэнэтийн баяр хөөр авчирсан шигээ хаалттай байгаа дотоод ертөнцийг нь нээхийг хүсэх болов уу. Бага үд өнгөрөхөд гэнэтийн зочин Тааяад эелдгээр “найз нь ажилтай байгаа тул явах боллоо, амрах эрхгүй хүн шүү дээ би” гэж зөөлөн хэлэхэд бүсгүйн дотор харанхуйлах шиг болж, нүдээ аньчихав.

Гэнэтийн зочин түүний энэ байдлыг сайн мэдэж байсан тул мөрөн дээр нь гараа тавьж “Битгий сандар даа, би эргэж ирнэ, гэхдээ чамайг хүсвэл шүү дээ. Би эмэгтэй хүнийг ихэд хүндэлж хайрладаг. Харин өчигдөр бол миний хувь алтан боломж байсан, би ч тэр боломжоо алдаагүй.

Дотор хүн маань намайг чам руу хөтөлж аваачсан. Миний дотор хүн хэзээ ч надад худлаа хэлж байгаагүй. Чиний байгаа байдал, чиний ярьж байсан үг, чиний тухай бүх зүйл миний одоо цаг, миний өнөөдөр. Чамайг хүсвэл өнөөдөр би нэг шинэ ертөнцийг нээхээр ирэхийг зөвшөөрвөл, би тэр ертөнцөөс өөр хаашаа ч явахгүй насаа үдэх болно”.

Ийн намуухан дуугаар хэлсэн түүний үг бүхэн бүсгүйн зүрхэнд хүрч байлаа. Тааяа цээжинд нь наалдан нэг ч үг хэлэхгүйгээр зөвхөн толгой дохилоо. Хаалга хаагдахын өмнө Тааяа “Түр баяртай Өөгий минь. Орой эртхэн ирээрэй, сайхан хоол хийгээд байж байя” гэлээ. Хэзээ ч юм хэн нэгний “Заяаны хань зам дээр” гэдэг үг үнэн юм шүү.

Явж байгаа замынхаа энхэл донхлоос түүртэлгүй оръё гэсэн газраараа нүдээ олж орно гэдэг л энэ бололтой. Бурхан бүсгүйн замыг хожуу ч гэлээ сайхан засчээ. Ирэх 7 хоногийн эхний өдөр Тааяагийн царай гэрэлтсээр ажлынхаа зүг итгэл дүүрэн алхах болно. Амьдрал үнэхээр сайхан, тэр сайхан амьдрал дотор сайхан хүмүүс ч олон бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!