Зөвлөгөө

Мөсөн дээр наалдсан 1000 гаруй зээрийг нуураас гаргасан байна

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн ирж, зарим нь цаг агаарын үзэгдлээс болж энджээ.

Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, мөсөн дээр унаж наалдан амьдаараа тарчилж буй тухай Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц  хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв цахим хуудастаа өчигдөр /2022.11.30/ мэдээлсэн. Үүний дагуу түүнээс холбогдох мэдээллийг тодрууллаа.

-Цаг агаарын нөхцөл байдлын улмаас нүүдэллэж ирсэн цагаан зээрийн сүрэг нуурын мөсөн дээр наалдсан гэлээ. Ойрын өдрүүдэд Дорноговь аймагт цаг агаар ямар байна, ойролцоогоор хэчнээн зээр шуурганд уруудаж ирсэн бэ?

-Манай хамгаалалтын захиргаа Даланжаргал суманд байдаг. Тухайн асуудлын талаар бид өчигдөр 08:00 цагийн үед нутгийн иргэнээс ирсэн мэдээллийг авч мэдсэн. Улмаар цагийн дараа очиж үзэхэд 1000 гаруй зээр мөсөн дээр наалдаж, зарим нь осгосон байсан.
Өмнө жилүүдэд мөн адил хүйтэрдэг байсан ч сүүлийн жилүүдэд цочир  хүйтэрсэн удаагүй. Ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч байгаагаас гадна идэш тэжээл ховроос шалтгаалж цагаан зээр төв суурин газар руу олноор орж ирж байна.
Уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-ны шөнө 03:00 цагаас хойш хүчтэй шуурснаас болж уруудаж явсан зээрийн сүрэг  нуурын мөсөн дээгүүр дайрч гарах үеэрээ хальтирч унасан байна лээ. Учир нь зээр нарийн шовх туурайтай амьтан болохоор мөсөн дээр явах ямар ч боломжгүй. Тиймээс мөсөн дээр унаж, олон цаг байсан зээрийн зарим нь осгож үхсэн, хайрагдсан асуудал гарсан.
Урьд жилүүдэд ч ийм тохиолдол гарч байсан. Өчигдрийн хувьд нийт 1000 гаруй зээрийг нуураас гаргахад 40 орчим нь үхсэн байсан.
Мөн үе нь мултарсан, хөл нь хугарсан зээрүүд ч их бий. Ямартай ч нуурын мөсөн мандлыг нийтэд нь цэвэрлэсэн.

-Хамгаалалтын захиргаанаас болон нутгийн иргэдээс хэчнээн хүн яаралтай арга хэмжээ авахад оролцов?

-Их нартын байгалийн нөөц  хамгаалалтын захиргаанаас гурван хүн шуурхай ажилласан. Мөн төмөр замын зам ангийн ажилчид, сумын ЗДТГ, сургууль, соёлын төв, төрийн байгууллагын эрэгтэй ажилчид, иргэд сайн  оролцсон. Нийт 20 гаруй хүн дөрвөн цагийн дотор зээрүүдийг нуураас гаргасан.

-Даланжаргалан сумын нутагт төмөр замыг уртаар хашаалсан нь мөн асуудал үүсгэдэг гэсэн. Үүнийг байгаль орчны яам болоод бусад хариуцсан алба хэлтэст нь хэлж байсан уу

-Төмөр замын торны асуудал ганц энэ жил үүссэн зөрчил биш. Өнгөрсөн жилүүдэд ч байсан. Даланжаргалан сумын төмөр замын тухайд босоо тэнхлэгээр явж байгаад хөндлөн болох хэсэг дээр зээр олноор зорчдог, Цаг агаарын байдлаас болж шуурганд уруудаж байгаа зээрийн сүрэг өргөстэй торонд хашигдаж ороод сумын төв рүү ордог. Энэ үед нэг бол өргөст торонд хавчуулагдах, нөгөө бол нохойнд хөөгдөж уруулах эрсдэлтэй.

Үүнтэй холбоотойгоор миний бие 2019-2020 онд хийсэн тооллого судалгаагаар 180 орчим цагаан  төмөр замын торонд хашигдаж эндсэн байсан.
Тухай бүрд нь баримт нотолгоотойгоор БОАЖЯ болон холбогдох газруудад өгсөн. Өчигдөр ч ялгаагүй баримтыг хавсарч Байгаль орчны сөйъд руу явуулсан. Яамнаас ажлын хэсэг гаргаж тандалт судалгааг хийж эхэлсэн гэсэн.Гэхдээ гол анхаарах асуудал бол төмөр замыг хашаалсан аль 1950 оны үеийн өргөстэй тор өнөөдөр ч байсаар байгаа нь утгагүй.
Үүнээс болж өчнөөн амьтан эндэж байна. Тиймээс нэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!