Зөвлөгөө

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС 415 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН НУТАГТ БУРХАН БАРИНА

Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайд музейд 400 гаруй сая төгрөгөөр бурхан бүтээхээр болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, tender.gov.mn тендерийн мэдээллийн санд дурдсанаар, Бэрхийн далд уурхайд Очирваань бурхан бүтээн залж, санхүүжилт болох 415 сая 300 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг амаргүй энэ үед хагас тэрбум төгрөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейн бурханд зарцуулагдах нь.

ТАВАН ТЭРБУМЫН МУЗЕЙД БУРХАН ХЭРЭГТЭЙ ЮУ?

Уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтанМонголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг нээхээр төлөвлөсөн. Нийт санхүүжилт нь таван тэрбум төгрөг. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед зөвөөр сурталчлах боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарласан. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үед таван тэрбумыг зарлагадаж, музей байгуулах шаардлага бий юу гэдэг асуудал багагүй яригдаж, олон нийтийн шүүмжлэл дагуулж ирснийг ч энд онцлох хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрсөн нутагтаа төсвийн мөнгийг “тэрбумаар нь нүүлгэлээ” гэх шүүмжлэл нь ч олны хэл ам таталж ирсэн. Гэвч Засгийн газар түүхэн хэмээх тодотгол барьж, төсвөө танах, хойшлуулах алхам хийлгүй, санасандаа хүрэв.

Өнөөдөр төр хэмнэлтийн бодлого хэмээн сүржин даржин уриа дэвшүүлж буй. Нөгөө гартаа шинэ сэргэлтийн ухаалаг бодлого хэмээн дэвхцэж буй. Гэвч угтаа тэд өнөөдөр хөшөө дурсгалд хагас тэрбум төгрөг зарлагадах дайны, балагтай, унхиагүй ажиллаж байгааг ганцхан жишээ ийнхүү харууллаа. Тэвчиж болох зардал гэж төрд бий. Харамсалтай нь, хоосон үгнээс өөр шид Засгийн газарт үгүй бололтой. Үнийн өсөлт дэлхийг нөмөрсөн өнөө цагт Өнөр бүл хүүхдийн төвийнхөн хоолны мөнгөө хасуулж, хэцүүхэн суугаа. Гэвч төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь нийгмийн хариуцлага, түүхэн бүтээн байгуулалт хэмээн нэр урдаа барьж, төсвийн мөнгийн олон зуун саяар нь урсгасаар байна.

Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!