Зөвлөгөө

Ж.Энхзул: Бөөр өвчилсөн үед илрэх нэг шинж нь бол бүсэлхийгээр даарах.. Мөн өөр шинж тэмдэг нь.. ТА ЗААВАЛ ОРЖ УНШААРАЙ..

Хүний биед хэрэггүй эрхтэн гэж байхгүй. Гэхдээ гол үүрэг гүйцэтгэж цусан хангамж болон эд эрхтэнийг хамгаалж байдаг эрхтний нэг нь бөөр. Тиймээс Бөөрний эмч, анагаах ухааны доктор Ж. Энхзултай энэ сэдвээр ярилцлаа.

-Бөөр ямар үүрэгтэй эрхтэн бэ?

-Бөөр өвчилнө гэдэг нь өөрийнх нь хатуу физиологитой их уялдаатай. Бөөр хүний биед олон үүрэг гүйцэтгэдэг. Гаднаас хоол хүнсээр дамжин хүний биед орсон ямар нэгэн хортой бодисыг устай холиод шээсээр хөөн гаргадаг. Бөөрний үйл ажиллагаа зогсдоггүй.

Хүн ямар нэгэн хоол идэхдээ түүний дагаварт биедээ ямар нэгэн хор оруулж байдаг. Түүнийг нь бөөр хөөн гаргадаг гэж ойлгож болно. Тиймээс бөөрний үйл ажиллагаа зогсвол хүний биеийн бүх эрхтэн хордоно. Нэг үгээр хэлбэл бөөрний үйл ажиллагаа суларвал ходоод, зүрх гээд бүх эрхтэн өвчилж эхэлдэг. Мөн их эмзэг эрхтэн болохоор өөрөө өвчилдөг.

-Хүмүүс бөөрийг мэдрэмтгий эрхтэн гэдэг. Гэхдээ яг өөрөө өвчилж буй нь мэдэгддэггүй гэж ярьдаг. Яагаад тэгдэг юм бол?

-Бөөр их мэдрэл багатай эрхтэн. Тухайлбал, хүн алгандаа үс тавьхад түүнийг бөөр л мэдэрч байдаг. Тэр хэмжээгээрээ биед буй өөрчлөлтүүдийг мэдэрдэг. Энэ нь эргээд өөрт нь их гай болдог. Бөөр өөрөө өвчилж байгаагаа тэр бүр мэдэрдэггүй. Харин өвдөж эхлүүт нь үзүүлэхээр өвчлөл нь хүндэрчихсэн ажиллахаа больчихсон, хатуурчихсан байх жишээтэй.

-Бөөр өвдсөн шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?

-Бөөр өвчилсөн үед илрэх нэг шинж нь бүсэлхийгээр даарах. Тэр хэсэгт халуун цус очиж чадахгүй болсноос үүдээд даардаг. Нөгөө талаараа хоргүйжүүлэх үүрэг алдагддаг. Энэ үйл ажиллагаа нь доголдож усан цагаан өнгөтэй шээж эхэлдэг.

Насанд хүрсэн хүн өдөрт гурван литр шээдэг бол бөөрөнд өөрчлөлт орсноор ихсэх юм уу багасдаг. Бөөр хэдий чинээ сайн ажиллана тэр хэмжээгээр цусан хангамж сайн байдаг. Бөөр муудвал цус багадалтад орно гэсэн үг.

-Цус багадалт бөөртэй холбоотой юу?

-Цус багадахаар даарна, толгой өвдөнө, гар хөл муудна. Ер нь бүх эрхтнүүдийн үйл ажиллагаа саарч байна гэсэн үг. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд бөөрөндөө илүү их анхаарал тавих нь л чухал.

Мөн хүний биед байгаа болон бодисын солилцооны үр дүнд ялгарсан усыг ялгарсан хорт нийлүүлээд хөөж гаргадаг. Энэ үйл ажиллагаа суларахаар усан хаван үүсдэг. Мөн үрэвсэл үүсэхээр нян хүний биед бий болдог.

Хүний биеийн зарим эд эс дархлааны эсрэг тэмцэнэ. Тэгэхээр халуурах шинж тэмдэг илэрдэг. Дээрээс нь бөөрний эсэргүүцэл суларснаас болоод хавагнаж памбайдаг. Ер нь хүн бөөрөө хүүхэд шигээ хайрлах хэрэгтэй.

-Бөөрний өөх ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Би бөөрний эмчээр арав гаруй жил ажиллаж байна. Гэхдээ бөөр өөхгүйтнэ. Бөөрний өөх нимгэрч, зузаарна гэдгийг нүдээрээ хараад шууд хэлж мэдэхгүй. Харин анатомын хувьд энэ эрхтэн маань өөхөнд ороолттой байдаг. Энэ нь дулаан байхыг харуулдаг.

Хэрэв бөөрний өөх хэвэндээ бол судас нь нарийсахгүй гэмтэхгүй. Гэтэл магадгүй ямар нэг шалтгаанаас бөөрний өөх шатаж, нимгэрсэн бол бөөр даарч, халуунаа алдах, цусан хангамж нарийссанаас болоод тэжээлээ алдана. Ингээд услахгүй байгаа цэцэгтэй адил бөөр хатах аюулд ч орно.

-Өвчлөл нь олон янз байдаг уу?

-Үрэвсэл, удамшлын өвчин, цустай шээдэг, урагтай шээдэг гээд бөөрний өвчин олон янз байдаг. Үүнийг эмч нар ангилж ялгаад өвчнийг нь тогтоож эмчлэх арга замыг нь зааж өгдөг. Энгийн иргэдийн хувьд бөөрөө л эрүүл байлгах нь чухал шүү дээ.

Манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор даарах магадлал өндөр байдаг. Үүнээс шалтгаалаад бөөрөнд өөрчлөлт орно. Тиймээс түргэн арга хэмжээ авах нь чухал. Нөгөө талаараа хувцасны уламжлал хүртэл өнөөдөр өөрчлөгдсөн байна. Өмнө нь бид хормойтой хувцас өмсдөг байсан.

Бүс бүслэдэг байсан. Гэтэл өнөөдөр амьдралын хэв маягт тохируулаад богино хувцас их өмсдөг болчихсон байна. Уг нь бөөр эмчлэх ахуйн аргууд их байдаг. Бид богино хувцас өмсч байгаа бол галын ойр суух, халуун бүлээн жин тавих, ууранд суух зэрэг арга хэрэглэж болно.

-Эрүүл хүн ч тогтмол үзүүлэх ёстой юу?

-Бүтэн жил бөөрөө эмчид үзүүлээгүй хүн бол шээсний шинжилгээ өгч байх хэрэгтэй. Мөн жил бүр эмчид үзүүлж хэвших нь чухал. Жилд нэг удаа гар утасаа солих эсвэл гэрт буй тавилгандаа өөрчлөлт хийдэг шиг биеэ заавал үзлэгт оруулах хэрэгтэй. Тэгж байж л бид эрүүл байх нөхцөл бололцоогоо хангана.

-Шингэн зүйл уух нь бөөрөө хамгаалах гол шалтгаан гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Өндөр хөгжилтэй оронд өдөрт 5-6 литр шингэн юм уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Зарим оронд жимс ногоо их хэрэглэдэг. Гэтэл манайх аль алийг нь тоодоггүй. Манай оронд усархаг жимс ч ургадаггүй, шингэн юм ууж дадал болоогүй.

Үүнээс үүдээд бөөр гэмтэх том аюулд хүрдэг. Нөгөө талаараа цус өтгөрүүлж, хор их ялгаруулдаг хүнс болох махыг их хэрэглэдэг. Тиймээс хоолоо зөв зохицуулбал бөөрөө хамгаалж чадна гэсэн үг.

-Бөөрний дутагдал гэж юуг хэлдэг вэ?

-Бөөрний дутагдал гэдэг нь ямар нэгэн өвчин гэнэт гарч ирэхийг хэлж байгаа юм биш. Хурц дутагдал гэдэг нь маш богино хугацаанд бөөрний үйл ажиллагааг гэнэт зогсоохыг хэлдэг. Үүнд хүргэдэг олон шалтгаан байдаг.

Тухайлбал, цус алдалтаас үүдэж болно. Хүний биед буй цусан эргэлт бөөрөөр дамжиж тархи, зүрхэнд нөлөөлдөг. Тиймээс тэр ачааллаа алдаж болно. Архаг дутагдал нь бөөр өвчилж, гэмтэж, хатаад нэг хэсэг нь ажиллагаагүй болчихсон байхыг л хэлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!