Зөвлөгөө

“Хил нээгдлээ” гэж ХӨӨРЦӨГЛӨХ ХЭРЭГГҮЙ

-Эрээн гарч, элдэв зүйлс цуглуулах гэж буй иргэддээ илүү үглэж хэдхэн зүйл хэлье-

“Эрээний зээлийнхэн монголчуудыгаа хүлээн авахаар зэхэж байна” гэх зураг өнгөрөгч өдөр сошиалаар нэлээд давлагаалав. Уут уутаар нь, багц багцаар нь бараагаа өрж буй наймаачид биднийг очих болсонд баяртай байгаа нь илт. Манай наймаачид ч билетээ захиалж, шинжилгээгээ өгөх гээд гүйлдээд эхэлсэн сурагтай…

Цар тахалтай “тэмцсэн” гурван жил амар байгаагүй нь үнэн. Гэхдээ бидэнд Эрээнгүйгээр, экспортын бараагүйгээр амьдарч болдог гэдгийг ойлгуулсан өгөөжтэй он жилүүд ард үлдэв. Байхгүйгээ орлуулж, болохгүйгээ монголчилсоор бидний амьдрал гурван жил үргэлжилсэн. Цаашид ч үргэлжилнэ.

Эрүүл мэндийн салбарынхан элгээрээ хэвтэх шахан байж цар тахлын цамналтыг зогсоосон. Одоо огт үгүй болоогүй ч олон улсын тохиолдлын дэргэд монголчууд бараг “эрүүл” болчихлоо.

Өнгөрөгч гурван жил энэ мэт “өгөөж”-ийг өгсөн байтал өнөө маргаашийн хоёрхон хоног баярлаж, гүйлдээд байх хэрэг байна уу.

 

УЧИР БИЙ. 2022 оны төгсгөл буюу арванхоёрдугаар сард БНХАУ коронавируст халдварын тохиолдлоороо дэлхийд толгой цохив. Үүгээр ч зогсохгүй коронавирусний олон шинэ тохиолдол БНХАУ-д бүртгэгдэж, бусад улсад зөөвөрлөгдөв. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 32 сая хүн коронавирусний халдвартай хэмээн оношлогдоод байна. Тэдний ард хэчнээн дам хавьтагч байгааг таашгүй.

БНСУ өнгөрөгч даваа гарагт /2023.01.02/ төмөр нүүрээ харуулж, БНХАУ-аас ирэх иргэдийг нэвтрүүлэх журмаа чангатгав. Тодруулбал, БНСУ-г зорин ирж буй хятад иргэд ковид-19-ийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлагатай бөгөөд энэхүү журам тус улсын нисэх онгоцны буудлыг дамжин өнгөрч буй хятадуудад ч хамаатай юм. Эерэг гарсан тохиолдолд БНСУ-ын хорио цээрийн газруудад хүргэж, 7 хоногийн турш тусгаарлах тухайгаа тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдэгдэв. Бүр БНСУ-д байх хугацаандаа эрүүл мэндийн бүх мэдээллээ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас гаргасан веб сайтад тогтмол оруулж байхыг үүрэгдэв. Улс орнууд энэ мэтээр цар тахалтай тэмцсээр байна.

 

Гэтэл манай улс яав. Засгийн газраас 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр № 66, 67 дугаар тогтоол гаргаж, цар тахлын хорио цээрийн бүх дэглэмийг цуцалж, энгийн байдалд шилжих шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн байдал сэргэнэ хэмээн үзэж байв. Гэвч улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуй улам л доройтсоор… Цамналтыг нь арай ядан тогтоон барьж байсан коронавирусний омикрон хувилбарын шинэ тохиолдлууд Монголд бүртгэгдэв. Тэднийг тээж ирсэн хүмүүс нь бүгд гадаадынхан.

Хоёрхон хоногийн дараа Замын-Үүд-Эрээний хилийн боомт нээгдэнэ. Эхний ээлжид 300, цаашид 500-1000 иргэнийг хилээр оруулж гаргана гэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хамгийн хачирхалтай нь БНХАУ руу зорчиж буй монголчууд 48 цагийн дотор коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдаж, сөрөг хариутай болсон байх ёстой бол Монгол Улсад ирж буй БНХАУ-ын иргэд зөвхөн “Эрүүл мэндийн асуумж” гэх нэртэй хуудас авч бөглөөд л манай улсад орж ирэх боломжтой болно. Тэднийг яг хилээр орж ирэх агшинд нь Гаалийн газрын алба хаагчид халуун хэмжигчээр халууныг нь үзсэн болоод л оруулна гэнэ.

 

БОДИТ БАЙДАЛ. Эрүүл мэндийн салбарынхан элгээрээ мөлхөж байна. Ажиллах хүч, ажлаа хийх сэтгэлтэй хүн энэ салбарт ховордож эхэллээ. Утааны ханиад нэртэй учир шалтгаан нь үл мэдэгддэг, эмчилгээ авахдаа тун тааруу “ууртай” өвчлөл улс, дүүргийн эмнэлгийг дүүргэж, орны хүрэлцээ байтугаа шаланд нь гудас дэвсэх зайгүй болтлоо ачаалалтай болжээ.

“Корона, агаарын бохирдол хавсарсан шинэ төрлийн ханиад байна. Агаарт гар, хөдөө яв” гэхээс өөр онош үл хэлэх эмч нарын ачаалал хил нээгдвэл нэмэгдэх нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн асуумж, халуун хэмжигч хоёрт найдах хэрэггүй гэх өнгөрсөн жилийн сургамж бидэнд бий.

 

ОДОО ЯАХ ВЭ. Төр засаг, хил гаалийн байгууллагууд нь хүлээн зөвшөөрчихсөн, нээгдэх нь нэгэнт ойлгомжтой болсон асуудалтай бид тэмцэлдээд барахгүй. Тиймээс хувь хүн бүр дор бүртээ анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлье. Гараа ариутгаж, маскаа зүүе. Олон нийтийн газраар явахаа, сэлгүүцэхээ багасгая.

Наймаа эрхлэгчид минь уяанаасаа алдуурсан мэт хил нээхдээ уралдаж, эрээнийг бүү зүглээрэй. Тэнд таныг тэвэр дүүрэн мөнгө бус өвчин нь л хүлээж буй. Эрээний хил 20 хоноод л хаагдана, харин эх орон тань мөнх, элгэн садан чинь энх байх нь чухал шүү дээ.

Эцэст нь Эрээнгүйгээр сар шинийн бэлгээ бэлдэж, элдэв чихэр жимсгүйгээр ширээгээ засаж өнгөрүүлсэн хоёр жилийн туршлага бидэнд буйг дахин сануулъя. Болдог, болсон, болсоор ч байх болно .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!