Зөвлөгөө

Салхитын ордын орлогоос тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр: Салхитын орд төрийн мэдэлд шилжсэнээр энэ орд тэтгэвэр авдаг 418 мянган иргэний амьдралтай холбоотой болсон.

Учир нь тэтгэвэртэй иргэдийн зээлийг тэглэх, тэтгэвэр аваагүй иргэдэд урамшуулал олгох хөрөнгө мөнгийг Салхитын ордоос гаргуулж байгаа юм.

Төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр зөвхөн менежментээр шийдэж байгаа бөгөөд Салхитын ордын эдийн засгийн үзүүлэлтүүд ч бас өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг өнөөдөр сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Улсын Их Хурал баталсан. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт ; Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

 

Хуулийг баталснаас хойш “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлжээ. Үүнд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг хамруулжээ.

 

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр 1 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн тус компани Овоот хярын ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшиж, хайгуул хийснээр алтны нөөцийг 53.1 тонноор нэмсэн байна.

 

Тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанканд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

 

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!