Зөвлөгөө

Наро Банчэн: Бидний жаргалтай байх, байхгүй нь аливаа юмыг харах өнцөг, сэтгэлзүйгээс маш их хамааралтай

Наро Банчэн хутагт Орхон аймгийн сүсэгтэн олонд насны авшиг хүртээх номын айлдвар айлджээ. Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх айлдварын хэсгээс хүргэж байна.-“Зарим хүн эд хөрөнгө, нэр алдартай болоод жаргалтай болчихдог гэж боддог тал бий. Хэчнээн нэр алдар, эд хөрөнгөтэй болоод ч тухайн хүний сэтгэл амгалан биш байвал жаргалтай байх ямар ч бололцоогүй. Нэр алдартай нь нэр хүндээ унагаах вий, бусад хүн муулах вий, эд баялагтай нь надаас хүн юм гуйх вий, эсвэл байгаа байдалдаа сэтгэл санамжтай байж чадахгүй учраас жаргалтай байх бололцоогүй.

Өөрт байгаа эд баялгийг тэрнээс дор зүйлтэй харьцуулбал сэтгэл зүйн хувьд баян болоод ирнэ гэж үздэг. Харин өөрөөсөө дээр зүйлтэй харьцуулаад эхэлбэл сэтгэлгээний хувьд ядуу болоод ирнэ. Ямар хүнийг баян хүн бэ гэвэл “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барьж чаддаг, байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаг хүнийг баян хүн гэж үзнэ. Шунал, хүсэл хязгааргүй шүү дээ.

Энэ буруу сэтгэлийг хорьж, барьж чадахгүй бол дэлхийг эзэлсэн хаан болсон ч сэтгэлийн амар амгаланг олж, жаргалтай байх бололцоогүй. Бидний жаргалтай байх, байхгүй нь аливаа юмыг харах өнцөг, сэтгэлзүйгээс маш их хамааралтай байна.Ядуу ч гэлээ дотоод сэтгэл нь хиргүй, амгалан, муу муухай боддоггүй хүн эд баялагтай, нэр хүндтэй хүн хоёрын хэн нь илүү аз жаргалтай байна вэ гэвэл дотоод сэтгэл амар амгалан байгаа ядуу хүн илүү аз жаргалтай байна.

Тэгэхээр бие сэтгэл хоёрын сэтгэл нь илүү амар амгалан өгдөг. Бид бүхэн, манай улс гадна талдаа маш сайхан хөгжиж байна. Гэхдээ бид бүхэн сэтгэлийн хөгжил, сэтгэлийн боловсролыг орхигдуулж байгаа. Аз жаргал сайн сайхан зүйл рүү тэмүүлж л байгаа бол аль нь илүү сайн, сайхан зүйл өгч байгаагаа л сонгох хэрэгтэй.Бурхны шашинд сэтгэлийг юу жаргалтай болгодог, юу зовлонтой болгоод байгааг учир шалтгааны үүднээс маш нарийн судалж байгаа.

Буруу сэтгэлийг хорих, бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл болон юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдэх ухаарлыг хөгжүүлэх арга зам бий. Хүний сэтгэлийг зовоодог, хямраадаг гол хүчин зүйл нь буруу сэтгэл буюу уур, шунал, атаархал, бусдыг хорлох сэдэл нь сэтгэлийн амар амгалан байдлыг бүрмөсөн байхгүй болчихдог.Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодит байдалтай зохицоогүй аминч үзлийн гэмээр буруу сэтгэл төрдөг. Хэчнээн боловсролтой, мэдлэгтэй байгаад ганцхан амин хувиа хичээсэн, бусдад хамаагүй гэсэн сэтгэхүйтэй хүнтэй хамтарч ажиллахад хүртэл хэцүү шүү дээ.

Харин бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлтэй зөв хүнтэй ажил төрөл явуулахад хүртэл бүтэмжтэй байдаг.Аминч үзэл бол юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй, мэдэхгүйн буюу мунхгийн эрхээр үүсдэг. Бодит байдал 10 хувь байхад 90 нь бидний сэтгэлзүйгээс хамааралтай байна. Нэг зүйлд туйлын сайхан мэтээр татагдвал түүнд шунал төрөх, түүнд хүрэхэд саад тотгор үүсэхэд маш их уур бухимдал буруу сэтгэл хүчтэй төрдөг.

Өөрөөр хэлбэл, бодит байдлаас оюун ухаан нь хэтэрхий их хэтрүүлэгтэй хардаг. Хүний оюун ухаан юу бодно, түүнийг үнэн юм шиг хүлээн авдаг. Худлаа мэдээллийг сонсоод тавгүйтээд эхэлдэг. Тиймээс аливаа юмсыг ухаалгаар харах нь чухал.Уураа дарах, барих хоёр арга зам бий.

Уурын мөн чанар нь сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй болгодог. Бусдын жаргалтай байдлыг бусниулах хорлох сэтгэл юм. Уур ямар гэмтэй юм бэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Уурын гэмээр өөрийн сэтгэл амгалангүй болохоос гадна бусдын тайван байдлыг бусниулдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!