С.АМАРСАЙХАН: ӨРХ БҮРД 1САЯ ТӨГРӨГ ӨГЧ 28 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИХИЙГ ТА ДЭМЖИХ ҮҮ?

УИХ-ын Түр хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхээр худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн ч халдварын тархалт нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан судалгааны ажлыг хийж байна. Эрүүл мэндийн салбарынхан судалгаа хийж байгаагаас анхаарал татсан нь урт хугацаанд манай оронд тархсан вирусийн шинэ төрөл дахин халдвар дэгдээх үндэслэл болох магадлал өндөр байна.
Өөрөөр хэлбэл гадаад улсад тархаж буй мутацид орсон вирусийн ижил төстэй хувилбарууд манайд эрчимтэй тархсан байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Иймээс бид нэн хүнд өвчтөнүүдийн тоог багасгах, нас баралтыг бууруулахаар ажиллаж байна.
Эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Эмнэлгийн ачаалал илүү хүндэрнэ. Насанд хүрсэн нийт хүн амын 60 хувь буюу 750 мянган иргэн давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой.
Вакцин хийлгээд тайвширч болохгүй. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдүүдийг “Файзер” вакцинд хамруулна. Амралтын газрыг хаана. Хоолны газрууд заалаар үйлчлэхийг хориглоно.
Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм.
Харамсалтай нь халдвар буурсангүй. Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.