Зөвлөгөө

Жүжигчин У.Уранчимэг 7 хоног бүр очиж ээжийгээ усанд оруулдаг ачлалт охин

Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа билээ.

 

Аав ээжийгээ байнга эргэж очдог халамжтай охин нь билээ. Тэрээр 7 хоног бүр аав ээж дээрээ очиж ээжийгээ усанд оруулан халамжилдаг талаараа цахим орчиндох найзууддаа хуваалцдаг.

 

Тэгвэл ээж нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Энэ талаар тэрээр өөрийн нүүр номондоо “Ижий аав хоёр маань хоёулаа арван зургаа долоохон насандаа илгээлт аван Төмөр замд хамтдаа орж,аав маань Ховд аймгийн Дуут сумаас-Төмөр замын төв засварын газарт,Ээж минь Ховд аймгийн Дарви сумаас -Төмөр замын Замын 2-р ангид насаараа ажилласан буурай нар билээ.

 

Төмөр зам дагуу хүрз лоом барьсан шар хантаазтай хүмүүс явж байхыг та бүгд олонтоо харсан л байх.Халуунд халж,хүйтэнд хөрж жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг, төмөр замыг аюулгүй бүрэн бүтэн байдалд бэлэн байлгадаг чухал мэргэжил Сумчин хэмээх ажлыг ээж минь 8 хүүхэд төрүүлж өсгөхдөө түүртэлгүй чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөдөг байсныг, шар хантаазтай улаан дарцаг хийсгээд галт тэрэг өнгөрөөн зогсох ээжийнхээ дүр төрхийг одоо ч би тодоос тод санаж байна.

 

Намайг залуу байхад хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа ордог. Бас урлаг уран сайханд явна. номын сайн нөхөр болзол биелүүлнэ.Нийгэм соёлын ажилд идэвхтэй оролцоно гээд бүгдийг амжуулаад л ижий аав хоёр нь та наймыг хүн болгосон доо гээд л ярина. Ээжийн минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор шагналаа. Сайхан аав ээжээрээ үргэлж бахархадаг шүү охин нь” хэмээжээ.

 

У.Уранчимэг: Нүүрэн дээрх үрчлээндээ хайртай

 

Өнгөрсөн сард 47 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тэрбээр нүүрэн дээрх үрчлээндээ хайртай гэдгээ ч нуудаггүй. Тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа “Нүүрэнд минь бага багаар нэмэгдэх энэ тахиралдаж мушгирсан зурааснууд өдөр ирэх бүр улам олшрох нь цаг хугацааны асуудал ажээ. Гэсэн ч яалтай билээ.

 

Яагаад ч юм хөөрхий зурааснуудаа ад үзэх нь битгий хэл, өглөө бүр толинд харахдаа “Сайн уу, Сайхан амарсан уу хөөрхөн царай минь?, Өө дахиад нэг зураас зочилжээ, тавтай морил” гэж хэлээд л хүлээж авдаг даа. Эрүүл бие, саруул ухаантай байхад амьдралын минь хором мөч бүрийг үнэ цэнэтэй болгож буй эрхэм нандин зурааснууддаа би хайртай” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!