Эхнэрээ зoдсон Д.Сүндий хaхууль өгч, хэргээ хаалгасан уу

Сонгуулийн үеэр хэн нэгнийг харлуулах, гүтгэх мэдээлэл, эвлүүлэгтэй бичлэг цацагддаг нь жам. 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн “Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндий эхнэрээ зoдсон гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн. Гэтэл эхнэр нь тэр даруйд мэдэгдэл гаргаж өөрийгөө АНУ-д байгаа, нөхөр нь огт гар хүрч үзээгүй мэтээр ярьж байсан удаатай. Гэвч сонгууль дууслаа, хосын маргаан дахин дэгдэж, Д.Сүндий эхнэрээ удаа дараа зoддог нь батлагдсан.
Д.Сүндий 2019 оны гуравдугаар сард эхнэр Н.У-д удаа дараа гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг эхнэрийнх нь цагдаад гаргасан өргөдөл ил болж, шуугиан дэгдээж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн. Гэвч Д.Сүндий уг хэргийг хаалгах гэж цагдаа нарт 20 сая төгрөгийн хaxууль өгсөн сурагтай. Хaxууль өгсөн нь илэрч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн боловч хэрэг хааш эргэсэн нь алга болжээ.
Мөнгө ийм л хүчтэй эд. Гартаа хэдэн цаас атгачихвал хэн нэгний хохирох, бэртэж гэмтэх хамаагүй, нүдэн балай, чихэн дүлий болдог болчимгүй үйлдэл газар авсаар удаж байна. Ээлжит нэг хүн нь Д.Сүндий болон түүний хэргийг хариуцаж, хaxууль авсан албан хаагчид болов.
Д.Сүндий болон түүний ажиллуулдаг компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгажээ. Улмаар хээл хaxууль авч Д.Сүндийд холбогдох, бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг нь хаасан гэж үзэн, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны дөрөвдүгээр сард Д.Сүндийтэй хамт ажиллаж байсан Д.Баттөгс гэх эр 20 сая төгрөг захирлаасаа авч, хэргийг нь түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр болж буйгаа хэлсэн байна. Үүнийгээ ч мөрдөн байцаалтын явцад үнэн, зөвөөр мэдүүлсээр иржээ. Улмаар уг мөнгөнийхөө 10 саяыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.