МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГИЙН 70 ХУВЬ НЬ ЛИЦЕНЗ НЭРЭЭР ХЯТАД ЭЗЭНТЭЙ БОЛЖЭЭ

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн ихээр хэлмэгдсэн, бас сүйтгэгдсэн нь монголын газар шороо, газрын хэвлий дэх эрдэнэс баялаг юм. Үг хэлдэгсэн бол ёолж, бүр уйлах байсан биз. Энд тэндгүй онгойсон нүх, овоолсон шороо. Газар нутгаа сийчүүлж сэндийлүүлээгүй нэг ч сум үлдсэнгүй.
2019 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 70 хувийг гадаад, дотоодын пүүс, компаниудад лиценз нэрээр олгочихсон байна. Түүнийг нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр үнэ хаялцуулан дуудаж дамлан худалдаалж байв. Монгол нэртэй уул ус, уурхай баялаг,овоо толгод хятад эзэнтэй болчихсон байхад хэн ч гайхахаа болиод удаж байна.
Засгийн газар Асгат, Салхит, Тост тосон бумбын нуруу, Гутайн даваа, Ноён уул гээд олон орд газрын олгогдсон лицензийг хүчингүй болгон цуцалж, газар нутгаа төр ард түмний мэдэлд буцааж авсан ч энэ хангалтгүй байна. Эдгээр нь нийлээд Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний томоохон талбай болсон байлаа. Энэ тэмцэл амар хялбар байгаагүй. Эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч эрсдэл дагуулсан нь цөөнгүй. МАН-аас нэр дэвшигч баялагтаа эзэн монгол гэж сүржин уриа хэлээд байгаа ч Ерөнхий сайд байхдаа дорвитой зүйл хийсэнгүй.
Салхитын мөнгөний ордыг дотоод гадаадын үгсэн хуйвалдагчдаас хураан авч тэтгэвэрийн насныхныг 6 сая хүртлэх хэмжээний өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 2019-2020 оны шинэ жилийн он солигдох торгон мөчид гаргасан уг шийдвэрийг монголын ард түмэн, ялангуяа ахмадууд чин сэтгэлээсээ талархан хүлээж авсан билээ. Өр төлбөр тавилгүйгээр өөрсдийгөө яаж ийгээд аргацааж явсан үлдсэн ахмад настан тус бүрт өнгөрсөн 7 хоногт Салхитын мөнгөний ордын хуримтлалаас сая сая төгрөгийн тэтгэмж үзүүллээ. Үүнийг Ерөнхийлөгч х.Баттулга санаачлан хийсэн ч өнөөдөр Хүрэлсүх өөрийгөө хийсэн мэтээр орон даяар ярьж явна.
Эх орны эрдэнэс баялаг энэ мэтээр түрүүчээсээ эзэддээ хүрч хишгээ хүртээж эхэллээ. Дэлхийн олон улс орон, тухайлбал Норвеги, Катар зэрэг цөөнгүй улс оронд газар нутгийн эрдэс баялгийнхаа хуримтлалаар тусгай сан байгуулаад өсгөж үржүүлэн иргэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг нь түгээмэл практик юм.
Монголд л харин сүүлийн гучин жилд төрөлх газар нутаг, түмэн олны эрдэнэс баялаг маань бусдын гарт шилжиж буруу замаар орон буцахдаа шороо тээж байсныг өмнөх Засгийн газар зогсоосон. Үйл хэрэг, бодлого шийдвэрийг нь өнөөгийн Засгийн газар үргэлжлүүлж хийж бүх газар нутгаа эргүүлэн авах шаардлагатай байгаа ч тэд ажил хийж байгаа дүр исгэх төдий л байгаа нь харамсалтай.
Газар нутаг, эрдэнэс баялгийнхаа 70 хувийг лиценз нэрээр гадныханд, тэдэнтэй үгсэн хуйвалдагч дотоодын мөлжигчдөд алдаад байна. Энэ уучилж болшгүй гэмт хэргийг засч залруулах эхлэлийг зоригтой тавьж Монгол Улсын Засгийн газар тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Гэвч тэд эрх мэдэл албан тушаалын төлөө улайрч, хулгай хийж худал хэлэхээс цаашгүй байгаа нь харамсалтай.