Мэдээ Мэдээлэл

Гавьяат жүжигчин Н.Батцэцэг: Ээж чинь ямар сайхан хүүхэн байсан гээч, чи гүйцэхгүй гэдэг юм

-Ээж ээ, би шагнуулах юм шиг байна.

-Юугаар?

-Сайн мэдэхгүй байна.(Тэгсгээд юугаар шагнуулахаа мэдсэн боллоо)

-Ойрын үед л шиг байна.

-Миний охин юугаар шагнуулах гэж байгаагаа шууд хэлчихээч?

-Та юутай ч даралтны эмээ уучих аа.

-За уучихлаа.

-За, одоохон хоёулаа ярина аа. (Гал тогооныхоо өрөөнд орлоо. Цай уулаа. Ээжийнхээ даралтыг үзлээ. Хэвийн байна.)

-Гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Маргааш өглөө Ерөнхийлөгч гардуулах гэнэ.Ээжийн нүдэнд нулимс цийлэгнээд

-Аав нь байсан бол…

 

-За, одоо уйлж, нулимс унагаж болохгvй шүү. Ингэж том даваагаа давж аваад бид чөлөөтэй ярилцсан даа.

-Төрийн ордонд, Ерөнхийлөгчөөсөө шагнал гардана гэдэг том хvндэтгэл. Та хоёр өмсөх хувцсаа бэлтгэх гэж сандарсан уу?

-Наадам дөхчихсөн. «Ганга гоёл» компанид захиалаад наадмын гоёлоо бэлтгэчихсэн байсан л даа. Тэгээд ч жүжигчид бид чинь нэгнийхээ цэнгүүнд очно, хүлээн авалтад өмсөнө гээд гоёлын хувцас сэлбэгдээд олон байдаг л даа. Заримыг нь ганц ч өмсөөгүй байх. Уг нь монгол дээл өмсье гэж бодсон. Тэгсэн тэр цагаан хослол надад илүү таалагдаад сонгосон юм.

-Харин ээж тань…

-Манай ээжид санаа зовох зvйл байхгүй л дээ. Монгол дээл өмсөх дуртай. Тэр өдөр бороотой, тэрлэг өмсөхөд их зохимжтой байсан. Ээжид монгол, европ хувцас аль аль нь сайхан зохино. Ээж минь дээлээ сайхан өмсөнө, өөрөө оёчихно. Олон дээлтэй л дээ. Ёстой л монгол эмэгтэй дээ.

-Танд оёж өгсөн нь олон уу?

-Би өмсөхгvй юм л даа. Ээжийнхээ урласан гурван дээлийг кинонд тоглохдоо л өмссөн.

-Гавьяатын тэмдгээ зүүчихээд гараад ирэхэд тань юу гэв?

-«Ээж нь охиндоо баяр хүргэе» гээд үнссэн. Нүдэнд нь нулимс цийлэгнэж байна. «Яаж байна, уйлж болохгүй шүү» гээд нүдээрээ дохисон. Эвий ээж минь их баярласан даа аргагүй. Би ч их баярласан. Төр, түмнийхээ буянаар ээжийгээ амьд сэрүүнд нь баярлууллаа даа гэж бодсон. Манай хөгшчүүлээс ээж минь л хамт байгаа юм.

 

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Тав. Дээрээсээ хоёр дахь нь. Хоёр хуурай дүүгээ нэмбэл долуулаа болно.

-Хуурай дүү…

-Ээж пап хоёр сүүлд ханилсан юм. Папын минь хоёр хүүхэд л дээ.

-Ээж тань ямар ажил хашиж явсан хvн бэ?

-Уг нь Эдийн засгийн болоод Комсомолын дээд сургууль төгссөн, эдийн засагч, эвлэлийн ажилтан. Худалдааны конторын дарга байсан юм.

-Танай таваас урлагтай амьдралаа холбосон хүн бий юу?

-Байхгүй. Аавын талд бол бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрдэнэбат аавын ах. «Арав дахь хавраа үдье» зэрэг олон сайхан дуутай.

-Таныг жүжигчин болоход ээж тань нөлөөлсөн үү?

-Ээж минь залуудаа драмын театрын жүжигчин байсан юм.

 

-Эдийн засагч гэсэн чинь…

-Тэр чинь хожуу л даа. Биднийг жаахан байхад ардын жүжигчин Чимэд-Осор гуайг дагалдаж байгаад удалгvй жинхэлж жүжигчин болсон юм. Ийм мэргэжлээр явахгүй гээд орхисноосоо хойш хэд хэдэн сургууль төгссөн. Өөрөө ийм сонголт хийсэн юм уу, аав, ээж хоёр ярилцаад шийдсэн юм уу бүү мэд. Боловсрол олъё л гэж бодсон байх. Жүжигчнээ байснаас хойш хэд хэдэн сургууль төгссөн юм.

-Ямар ямар кинонд тоглосон бол?

-Монголын анхны уран сайхны кинонуудын нэг «Шинэ жил»-д тоглосон. Соёлын гавьяат зүтгэлтэн, зураглаач Цэрэн гуайн эхнэр нь болж нэг хэсэгт тоглодог.

-Драмын олон жүжигт дүр бүтээсэн үү?

-«Кремлийн цаг», «Эмч нар», «Тожоо жолооч», «Санасан ёсоор болтугай» зэрэг жүжгийн гол дүрийг бүтээсэн. «Зургаан жил ажилласан, мэргэжлийн зэрэгтэй жүжигчин шүү» гэж ээж минь хэлдэг юм. Ардын жүжигчин Очирбат гуай «Ээж нь урлагтаа явсан бол сайхан сайхан уран бүтээл олныг хийх байсан юм» гэнэ. Зарим нь «Чи ээжийгээ гүйцэхгvй. Ээж чинь ямар сайхан хүүхэн байсан гээч» гэдэг юм. Гавьяат жүжигчин Бадамгарав, ардын жүжигчин Гантөмөр гуай нартай ээж минь нэг үеийнх.

 

-Та ээжийгээ хэр дуурайсан бэ?

-Хүмүүс адилхан л гэдэг юм.

-Жүжигчин боллоо гэхэд ээж тань дуртай байжээ, тэгвэл?

-Би болъё гэж бодоогүй юм шүү дээ. Жүжигчин болоорой ч гэж ээж зөвлөөгүй. Сургуульд байхдаа урлаг, уран сайхны ажилд их оролцдог. Шинэ жилийн багт наадамд цасан охин болно. Аав, ээж хоёр минь хувцас бэлтгэж, гоёж өгнө. Ангийнхан «Уруугаа ургасан мод» зохиолоор жүжиг бэлтгэлээ. Би тоглосон. Тэр үед ээжийнхээ театрын будгийг авчихна. Хүүхдүүд нэгнийгээ будна. Тэр чинь үнэтэй, ховор эд. Ээж минь харамлаж, өгөхгүй гээгүй л юм. Энэ жүжигт тоглож, телевизээр гарч, байгууллагуудын шинэ жилд уригдаж тоглож байлаа. Анги даасан Төмөр багш «Манай хүүхдүүд сурлага, урлаг, спортоороо ч сайн хүүхдүүд» гэж биднээр бахархан ярьдаг байж билээ.

-Спортод…

-Уг нь бол дуртай. Гар бөмбөгийн секцэд явж эхлэхэд аав, пап аль аль нь «Миний охин хэрэггүй, гар нь муухай болчихно» гээд болиулсан. Харин одон бөмбөг тоглоно шүү.

 

-Эрх охин байж ээ?

-Аавдаа эрхэлнэ. Ээж минь охиддоо чанга, шаардлага тавина. үйл үртсээ хийж байхад харж суу, юм оё гэнэ. Миний пап чинь Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, орчуулагч Хасбаатар шүү дээ. Пап минь «Тэнгэрлиг туульс»-ийг орчуулж байхдаа том том толь бичгүүдээс үг тулга гэнэ. Эмэгтэй хvн хөтөлгөө морьтой байх хэрэгтэй гэж хэлдэгсэн. «Пап нь цаг хэмнэх гэсэн юм, чи словарь тулгаад өг» гэнэ. Тэгэхэд би утас дуугараасай, манай ангийнхан яриасай гэж боддог байж. Утас авчихаад би нэг гараад ирье, хүүхдэд ном өгье гэнэ.Ур ухаанаа уралдуулан байж, олон үгнээс ганц тохирсон үгийг, утгыг сонгох тэр хичээнгүй ажлаас би их зугтсан. Энэ ажил миний амьдралын талх биш байсан шиг байгаа юм. Гэхдээ пап надад эрдэм сургасан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг биз дээ. Би сайхан хvмүүсийн дэргэд хүн болсон.

-Та нэг ярихдаа пап, нэг болохоор аав гээд л ярих юм?

-Миний төрсөн аав Нацагдорж гэж хүн байсан юм. Биднийг жаахан байхад аав ээж хоёр салаад ээж паптай суусан юм. Пап минь «Би хоёр хүүтэй л гэж бодож явлаа. Бурхан надад гурван охин өглөө. Одоо миний амьдралд дутуу юм алга» гэдэг байж билээ.

-Нэгдүгээр курст байхдаа кинонд тоглосон гэж түрүүн хэлсэн. Та ямар сургуульд… ?

-МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид сурч байлаа. Сэлэм Тогмидийн ээжид тоглосон Бадамгарав гуай намайг олж «Эх бүрдийн домог»-т анх тоглуулсан. Тэр буянтай буурлын ачаар би жүжигчин Батцэцэг болжээ гэж боддог.

«Эх бүрдийн домог»-т тоглосны дараа ээжээс ямар үг ирсэн бэ?

-Миний ээж хүүхдүүдээ ялангуяа, дэргэд нь магтана гэж бараг байхгүй л дээ. Шаардлага өндөртэй. Би харин өөр. Хүүхдүүдээ урамшуулж магтах дуртай. Ээж минь «Эрхлүүлсний сайн гэж байдаг юм уу. Чи хүүхдүүддээ их л зөөлөн байх юм. Би бол та хэдийг их л зэмлэж байж өдий зэрэгт хүргэсэн» гэдэг.

 

-Загнаж, зэмлэхэд нь гомдож байсан уу?

-Хүний үр гэдэг чинь ээждээ загнуулсан ч, нүд нь нулимстай байлаа ч ээжийгээ тэврээд л үнсдэг шүү дээ. Би тэдний л нэг байж таараа. Миний сайн сайхан яваа ээжтэй минь холбоотой. Нар буцаж байгаа энэ хорвоод ээжтэйгээ л хамт баймаар байна. Улам л хайрлаж, ээжийгээ өрөвдөөд орхиод хол явчих вий гээд айх юм аа. Ээж минь охиндоо сэтгэлд зөөлөн дулаан үг хэлнэ ээ, хэлнэ. Бид хоёрын дунд нийтэд зарлахааргүй, нандин нууц олон.

-Ээж тань жүжигчний мэргэжлийн жаргал зовлонгоос мэдэрчээ. Тиймээс таны тоглосон дүрд шүүмжлэлтэй хандах юм уу, ингэж жүжиглэсэн бол… гээд ярина биз.

-Зөндөө. Энэ бол ээжийн үндсэн үүрэг. Харин пап өөр. Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байлаа. Театрын жүжиг, соёл урлагийн бvтээлүүдийг хянадаг. Тэр үедээ намайг дуудаад, хvмүүстэй танилцуулна. Миний нүдийг нээж, урлагийн ертөнцөд оруулсан. Тайзны ард ямар амьдрал буцалдаг вэ, яаж ажиллаж хэлэлцэж хөөцөлдөж, үзэл бодлоо хамгаалж, хөлсөө гаргаж байж уран бүтээл театрын тайз, дэлгэцэнд гардгийг папыгаа дагаж, найз нөхөдтэй нь танилцаж байж мэдэрч байлаа. (хэсэг чимээгүй болов)

-Ээжийнхээ үүргийн тухай ярьж байгаад…

-Папынхаа тухай ярьж суугаад бодолд автчихаж. Миний хүү ингэмээр байсан юм уу, тэр хэсэгт жаахан тийм гээд их болгоомжтой ярина. Пап их зөөлөн, эелдэг хүн л дээ. Ямартаа л «Сүхбаатарын талбайд нэг том бүрх малгай явж байна гэнэ. Папыг хэлж байгаа юм. Т.а.мхиа асаачихаад а.саагууртаа «Спасибо» гэж хэлжээ» гэдэг онигоо байдаг юм. Ийм эелдэг хvн. Бидэнд ч тэгж хандана. Ээж болохоор «За, Хасаа минь чи толгойг нь эргүүлээд хүүхэд магтах нь үү дээ» гэнэ. Пап ээжийг Жаажаа гэнэ. «Жаажаа тэгж болохгvй. Сайн тоглосон хэсгүүд байсан шүү. Тооноос чанарт гэдэг. Дараа дараагийн бүтээлдээ чи туршлагажна, тоглолт нь чанартай болно» гэдэг байж билээ. Энэ үг намайг урлагт тууштай зүтгэхэд нөлөөлсөн. Анхны кинонд бол жүжиглэлт байгаагүй ээ. Сайхан төрх л харагдаад байгаа юм. Цаасан дээр буулгаад засвар хийж болдогсон бол улаан эрээн л болно гэсэн үг.

-Засвар бага орсон нь ямар дүр байна?

-Пап зарим үед их тооно оо. Ээж тоож байгаа үедээ бол дуугарахгvй талдаа. «Давгүй ээ» гэвэл ээжийн хувьд болжээ гэж боддог. «Жинжиймаа»-г минь аятайхан, донж нь таарчээ гэж хэлсэн.

-Ээжийнхээ ачийг хариулж чадаж байгаа юу, Та. Шүүдрийн дусал цуглуулж цай чанаж өгвөл ганц удаа хөхүүлсэнтэй нь тэнцдэг гэдэг.

-Ачийг нь хариулаагүй ч нэг их зовоогоогүй л хүн. Ээж ч «Охин минь өвдөж зовоогоогүй, чих халууцуулаагүй өссөн шүү. Эцэг, эхийнх нь хуралд ч цөөхөн суусан байх. Хичээл номоо яаж үзэж, даалгавраа яаж ч хийдэг байсан юм би мэдэхгүй. Харин самбарын алчуур оёж өг л гэдэг байсан» гэдэг. Би чинь сургуульд байхдаа ангийнхаа ариун цэврийн дарга. Алчуур цуглуулаад л явдаг байж л дээ.Ээжийнхээ ачийг хариулна гэвэл миний бие багадах байлгүй дээ. Баярлуулж явахсан л гэж боддог.

 

-Ямар бэлэг баривал…

-Ээж минь бэлэгнээс илүү ороод гарахаар л хоол унд бэлтгээд баярладаг болжээ.

-Та ээжтэйгээ утсаар ярихдаа орой ярина аа гэсэн?

-Үгүй ээ. Би машинаа тавьчихаад орно оо гэсэн. Энэ чинь миний хуваарьт ажил. Өглөө, оройд ээждээ очдог. Цагаа бүртгүүлдэг гэх үү дээ. Охин минь гэж дуудах ганц хүн нь ээж минь үлджээ.

-Ээж, охин хоёрын ярианы гол сэдэв юу вэ?

-Үр хүүхэд, хоол унд. Ээж минь бясалгал, эрүүл аж төрөхүй, эмгүй эмчилгээ иймэрхүү зүйл их сонирхоно. Буддын сургааль, яавал буян үйлдэх вэ, буян яаж арвижуулах вэ. Үе дамжих үр удамдаа гэрэл гэгээтэй сайн явуулах буян хураах учиртай. Муу үйл хийвэл тэд дэх үедээ тааруухан амьдарна гээд ээж минь лут сургаальтай.Эрүүл аж төрөх, бясалгал, ариусахуйн тухай нийтэлсэн сонин хэвлэлийг дугаараар нь хадгална. Янз бүрийн хайчилбарууд уншаарай гээд надад өгнө. Хоолны дэг жаягийн тухай бичсэн байвал нь тэмдэглээд зурчихна. Ийм хоол сайн гэнэ. Үүнийг идвэл таргална гэнэ шүү гээд улаан балаар анхаарлын тэмдэг томоо зурчихна. Сонинд миний тухай материал гарсан байвал аваад хадгална.

-Таныг таргалуулах дургүй байх нь ээ?

-Ээж минь амьдралаа зөв авч яваа эмэгтэй. Муу зуршилгүй, салхинд гарах, эрүүл агаарт алхах, олон э.м уухгүй байх гээд зөв амьдрах талын зөвлөгөөг цуглуулдаг хүн л дээ. Өөрөө ч ийм зөвлөгөөг дагана. Энэ бүхнийгээ бидэнд сургах гэдэг.

-Ер нь бол та нарын ар талыг даадаг хүн байна, тийм үү?

-Өө тийм. Цагаан сараар зүгээ ингэж гарга, ийм ном уншуул гээд биччихсэн жижиг цаас хүн тус бүрт өгнө. Тэдний өдөр Гандан явна гээд бүгдийг нь цуглуулаад хамт явна. Номынхоо бичгийг аваарай гээд сануулна. Ажилтай гээд ээжийн үгнээс зөрж болохгүй. Хөдөө гадаа явахад сайн гариг, цаг хэлж өгдөг.

-Та үгэнд нь орно биз?

-Оролгүй яахав. Зарим үед ажил болохгүй үе бий. Хойд зүг рүү гарч болохгүй гэлээ. Би явах ажилтай байлаа гэж бодъё л доо. Ийм үед би «Муу юм арилгадаг, зам засах тарниа» гэхээр хэлнэ. Ээж нь өглөө бас хэдэн удаа уншчихья гэдэг юм. Ээжтэйгээ байхдаа жаргалтай гэдэг, үнэн шүү.

-Ээжтэйгээ нутгаар нь явж байсан уу?

-Өнгөрсөн жил Завханы 80 жилийн ойгоор ээжийгээ, дүүтэй нь нутагт нь зочлуулсан. Нөмрөг, Түдэвтэйнх л дээ. Сумандаа, унасан газраа хүртэл очсон. Өндөр настай хүн чинь тэр болгон явж чадахгүй, ээж минь их баярласан.

-Багадаа Завханд олон очсон уу?

-Анх таван настайдаа явсан. Аав минь нэг Волгатай. Түүгээр гэр бүлээрээ явж байж билээ. Аавын машинд Оросоо, Маш нарын дуу их дуугарна. Аав «Миний охин дуулаарай» гэнэ.Дээрээ чиг нартай даа Дэлгэрмаа минь Дэндүү чиг юм уу даа Дэлгэрмаа минь гээд би тэнхээ мэдэн дуулдаг байж. Аавдаа эрхэлж байхгүй юу.

-Танайх таны мэдэхийн л хотын төвийн айл уу?

-Би чинь 50 мянгатад өссөн. Одоо 40 мянгатад амьдарч байна.

-За, баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!