Мэдээ Мэдээлэл

Жүжигчин С.Сарантуяа: Анхны цалин 25 төгрөг аваад эмээгийнхээ дуртай шоколадтай чихэрийг авч өгч байсанаа хэзээ ч мартдаггүй юм

Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяатай ярилцсанаа хүргэе. Сэтгэлд хоногшим өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж болон гэрэл гэгээ цацарсан их урлагийн ертөнцөд хэрхэн хөл тавьснаа хуучилсан эрхэм жүжигчин маань өдгөө ч олны хайр хүндлэлийг хүлээсэн хэвээр.

 

-Ихэвчлэн уран бүтээлийн тухай яриа өрнүүлж байснаа саналаа. Энэ удаад огт өөр сэдэв сонгож, хүүхэд насны тань дурсамжаас хуваалцмаар байна?

-Миний үеийнхний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, яг л тэр хэмжээнд байсан гэж боддог. Би айлын том охин, таван дүүтэй. Бага нас минь 16 дугаар сургуулийн “Багш нарын байр” гэж нэрлэгддэг тэр л газарт өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, 16 дугаар сургуульд ажилладаг багш нарын хүүхдүүдтэй үерхэж, нэг хашаанд хамт тоглож өссөн хэрэг. Тухайн үед цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд орох боломж маш ховор байсан учраас хүүхдүүд ихэвчлэн гэр, хашаандаа тоглох маягаар гэрийн хүмүүжлээр дамжиж сургуулийн босго давдаг байсан. Айл гэр болох, нуугдах гээд л тоглох тоглоом маань ч тоотойхон. Гэхдээ бага насаа эргээд дурсахад, хамгийн түрүүнд “Багш нарын байр” гэгдэх улаан дүнзэн байшин маань нүдэнд харагдаж байна.

Бид сургуулийн хашаанд байх улаан буланд долоо хоног бүр кино үздэг байлаа. Бас болоогүй ээ, шинэ жилийн баяраа тэмдэглэх гээд өмнөх өдөр нь улаан булангаа гоёж чимэглэнэ. Томчуудад загнуулахдаа загнуулж, хажуугаар нь орж цаасан чимэглэл зүүх, түлээ модыг нь зөөх гээд л энэ бүх ажилд оролцсоноороо бид маш их аз жаргалыг мэдэрч, баяраа бахархалтай нь аргагүй тэмдэглэдэг байсан. Улаан булан, сургуульд маань ямар одоогийнх шиг зориулалтын халаалт байх биш. Манаач нар байнга л гал түлнэ. Сургуулийн том пийшинг улайстал нь галладаг болохоор өглөө ороход түлээ нүүрс үнэртээд л маш дулаахан.

-Сургууль, найз нөхөд гээд л хүүхэд насны дурсамж их л байгаа байх, тийм үү?

-Мэдээж хэрэг. Хамгийн дурсамжтай нь, бид шинэ жилийн баяраар багт наадамд орохын тулд маш их бэлтгэдэг байсан. Бага ангийн маань багш Д.Цэцгээ гэж сайхан буурал бий, одоо. Багш маань урлагийн үзлэг, багт наадмын уралдаанд бэлтгэх зэргээр их идэвхтэй ажиллан биднийг юм болгонд оролцуулна. Эндээс л миний жүжигчин болох эхний гараа эхэлсэн ч юмуу, урлагийн хүн болох хүсэл сонирхлыг Цэцгээ багш маань тавьж өгсөн байх гэж боддог юм. Тэр үед гялгар цалгар гоёл одоогийнх шиг ийм элбэг дэлбэг байсан биш. Багт наадмын хувцас хийх гэж бөөн ажил ундарна шүү дээ. Хийдэг материал нь зөвхөн марль. Тиймээс найзуудтайгаа хамт цирк дээр очоод “Ах аа, эгч ээ. Хоёр гуравхан ширхэг гялгар плёстка өгөөч” гээд л гуйгаад зогсчихно. Зарим жүжигчид өгөхгүй ээ, бас. Харин зарим нэг нь “Байж байгаарай, эгч нь аваад ирье” гээд л орж гарахаараа хэд хэдийг өгнө.

Түүнийг нь яг тэнцүү хувааж аваад л хувцасныхаа энгэртээ хадна даа. Ар нуруугаар бол байхгүй шүү дээ, цөөхөн чимэглэлээ зөвхөн энгэр дээрээ л хаддаг. Бага насанд маань тохиосон хамгийн гоё шинэ жилийн баяр нь Харшийн сүлд модны наадам. Харин би энэ баярт нэг удаа эрвээхэй болж орох завшаан тохиосон юм. Аав минь далавч хийхийн тулд картон цаасан дээр марль наагаад хээ хуар гарган, шөнөжингөө л суусан юмдаг. Гараа хийж хөдөлгөдөг аягүй том далавч зүүж, бэлэг авсандаа би бөөн баяр.

Сонирхуулж хэлэхэд, сургуулийн маань хашаанд туршлагын талбай байдаг байлаа. Хүнсний ногоо тарьдаг талбайгаа “Туршилтын талбай” хэмээн нэрлэснийг нь бид “Туршлагын талбай” гэж яриад сурчихсан хэрэг. Тэнд төмс, лууван тариад л байнга очиж усалдаг ажилтай. Тэнд ямар крант, усны хоолой байх биш. Худгаас ус зөөгөөд л хэдэн ногоогоо уйгагүй усална даа. Дараа нь ургацаа хурааж авна. Гэхдээ хүүхэд юм хойно, заримдаа лууван хулгайлж иднэ ээ.

 

-Биеийн тамирын танхим байсан уу, аль эсвэл?

-Байхгүй ээ, дүнзэн байшингуудын голд байх хэсэгхэн зайд биеийн тамирын хичээл орно. Тэнд сагсан бөмбөг, гандбол тоглох гээд шороотой холилдоод л манаргана шүү дээ.

-Айлын том охин гэхээр дүү нарын тань хүмүүжилд эгчийн нөлөө их байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Ээж минь багш, аав спортын хүн. Багш нарын ажил их учраас ёстой л өнөө “Хувь заяатайгаа эвлэрнэ” гэдэг шиг хүүхдүүд нь хоорондоо их эв нэгдэлтэй амьдарна. Ээжүүдийг ажилдаа явмагц бид нар “За, Чимгээ. Танай гэрийг цэвэрлэе. Дараа нь Туулынд орно” гээд л бүгдээрээ цэвэрлэгээнд явдаг байсан. Тэгтэл телевизээр “Төмөр ба түүний команд” нэртэй хүүхдийн кино гарч эхэллээ. Тухайн үед телевизортой айл ховор, зөвхөн манай Цэрэн багшийнд л бий. “Мэдээний дараа кино үзнэ” гээд тэрнээс өмнө хэдэн гэрээ амжиж цэвэрлэчихээд л бид хэд Цэрэн багшийн үүдэнд бор шувуу шиг суучихна даа.

Олон дүү нараа чирээд л тэдний үүдэнд шавж суугаад телевизор үздэг байлаа. “Төмөр ба түүний команд” чинь хүүхдүүдийн эв нэгдэл, тусч сэтгэлийг харуулсан кино шүү дээ. Нэгэн удаа киногоо үзээд сэтгэл нь хөөрсөн үү, яасан. Хашаандаа байдаг нэг байшингийн дээврийг учиргүй цэвэрлээд л, тэгснээ дэлгүүр болж тоглосон гэж байгаа. Ер нь бид хагархай шаазан, хатуу чихэрний хайрцаг гээд л янз бүрийн юмаар тоглоно. Ингэж үерхэж, тоглож өссөн найзууд маань одоо хэр нь их эвсэг.

Хэдийгээр өсч том болоод өөр өөрсдийнхөө амьдралыг хөөгөөд явсан ч гэлээ, хааяа уулзахаараа хүүхэд насны дурсамжаа сэргээн ярьж хөөрөх нь их сайхан. Багш нараа ч бас дурсана шүү. Эрдэнэчимэг найзын маань ээж миний багш байхад, манай ээж Эрдэнэчимэгийн багш байх жишээтэй. Тэгсэн атлаа “Манай багш тэгсэн” гэж ярихаас бус “Танай ээж” гэж хэзээ ч бие биедээ хэлэхгүй.

 

-Багадаа юу мөрөөддөг байсан бэ, мөрөөдөл тань биелсэн үү?

-“Жүжигчин болно” гэж боддог байсан. Тэр хүсэл мөрөөдлөө ч биелүүлсэн дээ. Ээж аав маань намайг “Гадаад хэл сурах авьяастай юм чинь хэлний чиглэлийн хүн болгоно” гэж ярьдаг байсан. Би есдүгээр ангид байхдаа Багшийн дээд сургуулийн кино-драмын ангид орохоор элсэлтийн шалгалт өгч үзсэн. Гурав дахь шалгалтанд нь орох гээд догдлоод байж байтал “Есдүгээр ангийн хүүхэд авахгүй” гээд буцаадаг байгаа. “Ингээд жүжигчин болох хөг минь өнгөрдөг байж” хэмээн сэтгэлээр унаад зөндөө их уйлсан даа. Тухайн үед кино-драмын ангид дөрвөн жил тутамд нэг удаа элсэлт авдаг байсан. Тэгтэл дараа жилээс нь эхэлж хоёр жил тутамд элсэлт авдаг болоход нь сая л нэг юм шалгалт өгч орсон доо.

Хүүхэд залуучуудын театрт очиж, тавигдсан бүх жүжгийг нь үзнэ. Тэнд С.Сугар, Н.Маамхүү багш найруулагчаар ажиллаж байсан юм. Надаас гадна ангийн маань найз Отгонгэрэл гээд л хэдэн охид байнга очиж, жүжигчдийн бэлтгэл сургуулилтыг сонирхдог байлаа. Тэр үед найруулагчид биднийг анзаарсан юм байлгүй, хүрч ирээд учир начраа ярилцсан байх. Би ямар ч байсан, хамгийн түрүүнд “Жүжигчин болно” гэж хэлснээ санадаг юм. Нэг өдөр дуудахаар нь яваад очсон чинь Кепальчиш хүүгийн цэргүүдэд тоглуулахаар болсон. Кепальчиш хүүд гавьяат жүжигчин Н.Мягмар, муу жаалд нь гавьяат жүжигчин Г.Дашхүү агсан тоглож байсан юм. Би их өтгөн, урт үстэй байсан учраас эрэгтэй хүүхэд болохын тулд хэрэндээ л зовсон. Малгай дотроо тогтоож чадахгүй, сүлжиж ороогоод л тавина. Гүйхээр өнөөх нь задарч унаад л, сүүлдээ бүр “Үсээ тайрчихдаг юм билүү” гэж хүртэл бодсон удаатай.

Тэгээд энэ тухайгаа Н.Мягмар эгчид хэлтэл “Хүүе ээ, юу ярьж байгаа юм бэ. Ингэж тогтоодог байхгүй юу” гээд л баахан шпилка хатгаад янзалж өгсөн дөө. Тэгээд малгайгаа дарж өмсөөд нэг л их дэлдэн чихтэй нөхөр театраас өгсөн богино өмдөөр гоёж, модон сэлэм эргүүлээд жүжигт тоглосон хэрэг.

 

-Тэгэхээр таны анхны дүр цэрэг жаал байжээ?

-Тийм ээ. Бүр анхны дүр, анхны цалингаа тэгэхэд л авсан. Жүжигт тоглосноос хойш нэлээд хугацаа өнгөрч, Отгонгэрэл бид хоёр шалгалтандаа бэлтгэж байтал театраас дуудлаа. Яваад очтол “Та нарын жүжигт тоглосон анхны цалин” гээд хүүхэд тус бүрт 25 төгрөг өгсөн. Тухайн үеийн 25 төгрөг их мөнгө байсан шүү дээ. Одоогоор бол 200 гаруй мянган төгрөг гэсэн үг. Мөнгөө тас атгаад л бөөн баяр болсон хүн аав дээрээ очихоор спортын төв ордон руу гүйчихсэн. Аав духыг минь үнэрлээд “Болж дээ, миний хүү. Юу авахаа өөрөө мэд” гэлээ. Тухайн үед шоколад, кремтэй жигнэмэг их ховор байсан. Оросын лаазалсан ногоо их гоё амттай болохоор би олныг аваад орон доогуураа хийчихсэн. Бас гимнастикийн дугуйланд явдаг Одонтуяа дүүдээ тэнгэр шиг цэнхэр өнгөтэй гоё купальник авч өглөө. Дүү маань “Над шиг ийм гоё купальниктай хүн манай дугуйланд байхгүй” гэж баярлаад л дугуйланд явах дур сонирхол нь бүр ч илүү нэмэгдсэн байх.

Талийгаач эмээ маань шоколаданд тун ч дуртай хүн байсан. Тахианы зурагтай 30-ын чихрээс эмээдээ аваачиж өгч баярлуулж чадсан шүү, би. Тэр 25 төгрөгөөр мөн ч их юм авсан даа. 1976 онд ингэж л анхны цалингаа авч байлаа. Хэдэн жилийн дараа Хүүхэд залуучуудын театрт очиход “Кепальчиш хүү”-д тоглож байсан зураг минь өлгөөтэй байж билээ. Энэ бүхэн миний жүжигчин болох хамгийн анхны гараа байж дээ.

 

-Таны үеийнхэн ном их уншдаг байсан гэлцдэг. Ширээний тань ном юу байв?

-Ном их уншина аа. “Төмөр ба түүний команд” киноны ном ч хэвлэгдсэн байлаа. Тэр номонд их дурласан шүү, бид нар. Бас Ренчин Бямбаев гуайн “Заан залуудай” номыг унших дуртай. Ном унших дуртай болгосон хүн маань аав. Арслан заан, дайн тулаан зэрэг эртний зургийг нь хараад “Ийм юм уншиж яадаг байна аа” гэсэн хэдий ч, адал явдлыг нь сонирхож уншсаар байгаад номын амтанд шимтсэн. Уран бүтээлч болох хүн их олон ном унших хэрэгтэй байдаг. Уншсан номынхоо орчуулгатай киног үзэж, жүжгийг нь сонирхоод эх зохиолтой нь харьцуулж үзэх маягаар олон удаа уншина. Би Кино урлагийн дээд сургуульд багшилж, жил бүр элсэлтийн шалгалтад суудаг. Гэтэл жүжигчний мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тал хувь нь юу ч уншихгүй ирнэ. Зарим нь бүр үсэглэж уншина гээч.

Үнэхээр жүжигчин болно гэж зорьж, өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлэхийг хүсвэл аливаа зүйлийг харах, уншиж судлах, бусадтай харьцуулах, өөрийгөө сорьж таньж мэдэх хэрэгтэй. Гэвч ийм чанар өнөөгийн залууст их дутагдалтай байна. “Би жүжигчин болох гэсэн юм” гээд ирэхээр нь “За чи ямар кино жүжиг үзэв” гэж асуухаар толгой сэгсэрнэ. “Драмын театр хаана байдаг юм бэ” гэхэд “Мэдэхгүй” гээд л… Тэгсэн хэрнээ жүжигчин болох гээд байгаа нь хачирхмаар. Иймэрхүү зүйл маш их таардаг нь харамсалтай. Дунд сургууль төгсөх хүртлээ ямар ч бодол, зорилгогүй дэвж яваа дэнгийн эрвээхэй шиг амьдарсан гэсэн үг шүү дээ, тэд.

 

Ингэж яваад гэнэтхэн л “За, нэг сургуулийн сэжүүрээс барихгүй бол болохгүй нь. Ийшээ орьё” гэх маягаар ирээдүйн амьдралдаа хайнга хандсаны илрэл нь энэ. Яахав ээ, байгалиас заяасан авьяаслаг хүүхдүүд бий. Үнэхээр “Оргүй дор охинтой нь дээр” гэгчээр үлгэн салган явж байгаа нь ч бий. Энэ бүхэн цагийн шалгуураар танигдаж, шүүгдээд ирнэ. Гэвч танигдах хүртлээ их цаг алдаж байгаа хэрэг. Сургуульд ороод “Би ямар мэргэжилтэй болох вэ” гэдгээ эцэг эх, ах дүүгээрээ хэлүүлэлтгүй, орчин тойрноосоо мэдэж авах боломжтой. Цаашлаад өөрийгөө ч мэдэж болно. Хамгийн түрүүнд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй шүү дээ. “Би ямар хүн бэ, үүнийг сонирхох хүсэл надад байна уу, яагаад ингэтлээ сонирхоод байгаа юм бол” гээд л олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Өглөө босч дасгал хийдэггүй, хоёр алхам ч гүйдэггүй мөртлөө “Би олимпийн аварга болно” гээд цээжээ дэлдээд байвал утгагүй биз дээ. Орчлонд хүн болж төрсөн юм чинь өөрийн гэсэн орон зай байж л таараа. Гагцхүү тэр орон зайд унтаа байдлаар амьдарч болохгүй. Хэзээ ч дахин давтагдахгүй шүү дээ, тэр “Би” гэдэг хүн.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!