Зөвлөгөө

Монголын төр эмч нарын амыг “Мөнгөгүй” гэдэг үгээр таглав.

Цар тахлын халдвартай хоёр жил гаруй тэмцэж, сөрөн, галын шугаманд ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан тэсэрч, жагсаж буй. “Цагаан халаадтан”-уудын ачаалал жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгдэн, гэртээ ч харих сөхөөгүй ажиллаж буйгаа тэд учирласан.

Одоогоор 3100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, өндөр ачаалалтай ажиллаж буй ч тэдний дундаж цалин нь 640.000. Өнөөдөр цаг үе, эдийн засаг ямар байгаа билээ. Халдвар авах эрсдэл үргэлж отож буй орчинд, борви бохисхийх чөлөөгүй ажиллачихаад ийм цалин авч буй нь үнэндээ шударга бус. Хөдөлмөр, зүтгэл, ажлын ачааллыг цалинтай нь жишвэл шүү дээ.

 

Туйлдаж, цөхөрсөн эмч нар Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсан, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсаар байгаа. Халдвартай, цар тахалтай байгаа өнөө цагт эрүүл мэндийн салбарынхныгаа ингэж туйлдуулж, есөн хоног жагсаж, суулт хийхэд нь нүдэн балай, чихэн дүүлий суудаг орон манайхаас өөр байдаг болов уу.

 

Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарынхан энэ олон хоног жагсан, дуу хоолойгоо хүргэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Ганц нэг эмнэлэг цалингаа тодорхой хувиар нэмснийг эс тооцвол шүү дээ. Монголын нийт эмч, эмнэлгийн ажилчдын хэдэн хувийг нь эдгээр эмгэлгийн ажилчид эзлэх нь ойлгомжтой. Тэгэхээр үнэндээ чамлалттай.

 

Эрүүл мэндийн салбарынхан, эмч нар “Ажлын орчин хүнд байна, цалингаа нэмүүлье” гэж жагсаж, тэмцэж байсан тун ховор. Чимээгүй хөдөлмөрлөөд, ажиллаад явдаг энэ жагийн эгэл баатрууд. Тэсэрч, туйлдсан тэдний энэ удаагийн шаардлагыг Монголын төр биелүүлж чадсангүй.

 

“Мөнгөгүй” гэдэг үгээр амыг нь таглалаа. Энэ байдлаараа цаг үе улам хүндэрнэ, эрүүл мэндийн салбарынхны ачаалал улам ч нэмэгдэнэ. Бид бид өвдсөн үед эмнэлэгт очдог, эмч нар л биднийг эмчилдэг. Цар тахалтай хүнд үеийг нуруун дээрээ үүрч, галын шугаманд ажиллаж буй эмч нарын нийгмийн асуудал, цалинг одоо анхаарах цаг болсон. Урмыг нь л хугалчихгүй юм сан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!