Мэдээ Мэдээлэл

ОРОСЫН АЛДАРТ ЭРДЭМТНИЙ МОНГОЛЧУУДАД ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ – ЭНД ДАРЖ УНШААРАЙ!

Москва хотын Новогиреевийн метроны буудлын дэргэдэх нэгэн байшингийн довжоон дээр буурал үстэй, шингэн цагаан царайтай, гунигтай нүдтэй, тэр нүдээрээ өмнөөс нэвт нэвт цоргих ахимаг насны эр сууна. Тэр дотоодын үйлдвэрийн Папирос хэмээх тамхи баагиулах хийгээд хурууных нь үзүүр яг л жүрж шиг шарласан байна. Энэ өвгөнийг танихгүй нэгэн бол анхлан хараад “Юуны чинь дэлхийн хүн. Жирийн нэг муу орос өвгөн л байна ш дээ” хэмээн томоос том андуурч, өнө хожим харин тэгсэндээ үнэхээр их харамсаж явах байсан.

Түүнийг Лев Николайвич Гумилев гэдэг. Тэр бол 20 дугаар зууны түүхэнд төрсөн дэлхий дахины аугаа их эрдэмтэн, түүхч, газар зүйч, угсаатны зүйч, байгаль судлаач, түүхэн цаг уурч, гарамгай онолч юм.“Русиас Орос болтол”, “Эртний Орос ба агуу их хээр тал”, “Газар дэлхийн удам угшил хийгээд шим мандал”, ”Хазарыг нээсэн нь”, “Төгсгөл, дахиад эхлэл”, “Каспийн эрэгт мянган жил”, “Хятад дахь хүннү нар”, “XIII зууны Монголчууд хийгээд мэргэдүүд” “Евразийн хэмнэлүүд” тэргүүтэй олон арван түүхийн алтан шастируудыг туурвиж, хэтэрхий үзэл сурталжсан, өнгөрснөө үгүйсгэсэн цаг үеийг соён гэрээрүүлсэн энэ их түүхчийн туулсан замнал, амьдралын хуудсууд мөнхийн тэмцэл байжээ.

 

Гэхдээ хэзээ ч, хэрхэвч ялагдаж болохгүй тийм ширүүн тэмцэл.Тэр Оросын ард түмэн эх орноо хоёр хувааж, иргэний дайнд тэн хагасыгаа нухчин дарж, ажилчин, тариачин ангийн хүчээр бас л нэг шинэ засаг тогтохын өмнөхөн буюу 1912 оны 10 дугаар сарын 1-нд Хаант оросын Хааны суурин хэмээх газар төржээ. Лев Николайвичийн аавыг цагаан цэргийн офицер Николай Степанович Гумилев гэдэг байсан бол ээж нь бүх Оросын мөнгөн үеийн яруу найргийн хатан хаан Анна Ахматова байлаа. Ингэхээр тэр яах аргагүй элитийн элит түвшний гэр бүлээс гаралтай төдийгүй айлын ганц хүү байжээ.

 

Гэвч түүний амьдрал хэзээ ч элэг бүтэн байсангүй. Төдөлгүй дэлхийн порлитарын их багш Ленины удирдсан гартаа улаан туг, хадуур, сэрээ, хайч, хутга барьсан хүмүүсийн хийсэн хувьсгал дэгдэж, эцэг Николай Стипановичийг нь 1921 онд бууд.ан хороожээ. Энэ цаг үеэс эх Анна Ахматова нь тэдгээр бүдүүлэг хувьсгалчдын нүдний гэм болж, байнгын дарамт, шахалтад ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг аж төрж эхэлсэн байх юм. Бяцхан Гумилев хүү Тверь мужийн Бежецкий суурингийн ойролцоо Слепнево тосгонд эмээгийнхээ асрамжинд өсчээ. Тухайн үед цагаан цэргийн офицерийн гэр бүл, үр хүүхэд байна гэдэг амаргүй явдал байв. Ээж Анна Ахматова нь хэд хэдэн удаа хэлсээр шо.ронд х.о.р.и.г.д.о.в.

 

Зөвлөлт засгийн он тоолол ар араасаа хүйтэн жавар исгэрсэн Сибирийн их уулсын дундуур Халимагийн ард түмнийг цөлсөн ачааны галт тэрэг шиг өнгөрч 1930 онтой золголоо. Гумилев дунд сургуулиа онц дүнтэй дүүргээд их сургуульд суралцах өргөдөл гаргасан ч “хувьсгалын эсэргүүний хүү тул үзэл сурталд нийцэхгүй” гэсэн ганцхан өгүүлбэр залуу хөвүүний урмыг хугаллаа. Гэвч тэр шантарсангүй. Ер нь хэзээ ч зорилгоосоо ухарч, шантарч байгаагүй нэгэн. Тэр жилдээ хотын трамбайны удирдах газар ажилд орж, хөдөлмөрийнхөө гарааг эхлэв. Мөн ажлынхаа хажуугаар хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн нь нүдээ олсон хэрэг болж нэг жилийн дараа геологи хайгуулын хүрээлэнд коллекторын алба хаших болов. Чингээд 1932 онтой золгоход Гумилев эртний Памирыг судлах шинжлэх ухаан, техникийн ажилтнаар томилогдлоо. Энэ ажлыг гүйцэтгэж байх ахуйдаа Перс, Араб хэлийг бие даан сурч, чөлөөтэй уншиж бичдэг, орчуулга хийдэг болсон байна. Дахиад нэг жил өнгөрлөө. 1933 онд Гумилевийг бүр ч илүү боломж хүлээж байжээ.

 

Тэр одоо Крымд нэрт эрдэмтэн Бон-Осмоловскийн экспедицид эрдэм шинжилгээний ажилтан болж Палеолитын үеийн бууц дээр судалгаа хийж, балар эртний хүмүүсийн мөрөөр мөшгив. Амьдрал алгуурхан урагшилсаар. Гэвч ердийн юм шиг ажин түжин энэ өдөр хоногууд угтаа хуурамч байжээ. Түүнийг энэ онд ямар нэгэн үндэслэлгүйгээр баривчилж, байцаалаа. Шалтгаан тодорхой бус… Гэсэн ч төдөлгүй буцаагаад суллав. Ногоон малгайтнуудаас азаар мултарсан Гумилев 1933 оны намар Ленинградын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж эхэллээ. Ажилчин тариачны анги төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг босгох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэн, төлөвлөгөө, ноором биелүүлэхээр унтах нойр, идэх хоолоо урамтана. Бас зарим нэг нь гэмгүй номхон хүмүүсийг элдвээр гүтгэж, шийтгэж өгөхийг хүссэн нууц бичгүүдийг дотоод яаманд хаяглан хэнд ч мэдэгдэлгүй шуудангийн хайрцганд хийсээр. 1935 он болоход Гумилевийг дэмжиж байсан цөөхөн хэдхэн хүмүүсийн нэг болох эрдэмтэн Бон-Осмоловский баривчлагдаж, Гумилев эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хөөгдлөө.

 

Гэвч удалгүй Ленинградын их сургуульд элсэлтийн шалгалт өгч түүхийн Факультетын оюутан болсон байна. Энд тэр Струве, Тарле, Ковалев зэрэг 20-р зууны эхэн үеийн түүхийн суутнуудын лекцийг сонсож, тэднээс суралцаж эхэлсэн. Мэдээж дутагдах, гачигдахын зовлон хязгааргүй. Гэтэл бас л… Түүнтэй хамт сурч байсан оюутнуудын нууц мэдүүлгээр “Зөвлөлтийн эсрэг үзэлтэй” гэгдэж Гумилев хоёр дахь удаагаа баривчлагдлаа. Ногоон малгайтнууд түүнийг өмнөх шиг ээ амархан тавьж явуулах дургүй өдөр болгон нам засгийн эсрэг яагаад босох болсон, хамсаатнууд чинь хэн бэ? гэх асуултыг дахин дахин тавина. Өнөөгийн суут хүмүүн, тэр үеийн залуухан оюутан зөвхөн үнэнийг өчих ч, хувьсгалчдад тэр үнэн хэрэггүй. Ингэж байтал Гумилевийн ээж яруу найрагч Анна Ахматова, Сталинд хүүгээ өршөөхийг хүссэн захидал бичив. Кремлын зөөлөн сандалдаа тухалж махир гаансныхаа хөх утааг амтархан сорох гүрж эр найрагч бүсгүйн хүсэлтийг ёсоор болгожээ.

 

Гумилев суллагдлаа. Мөн л их сургуулиасаа хөөгдлөө. Гэлээ гээд тэр эрдмийн ажлаа орхисонгүй. Ленинградын дорно дахины хүрээлэнд байнга очиж, эртний түрэгүүдийн түүхэн сурвалжуудыг бие даан судалж, 1937 онд их сургуулийнхаа эрхийг дахин сэргээж, Шинжлэх ухааны академийн салбар хуралдаанд “YI-YIII” зууны үеийн түрэгийн засаг захиргааны тогтолцоо” сэдвээр илтгэл тавив. 1949 он… Карагандын Чурай-Нуур хэмээх онцгой дэглэмтэй шоронгийн жижигхэн салхивчаар эрх чөлөө, шударга ёсыг үгүйлсэн Гумилев өргөстэй торны цаана байгаа дэлхий ертөнцийг, тэр тусмаа Монголын өргөн уудам газар нутгийн мөрөөдөн суулаа. Ямар ч шалтгаангүйгээр 10 жилийн хорих ял сонссон тэр удалгүй Междуреченскийн Омск хотын ойролцоох хорих Саяаны анги руу цөлөгджээ. Аз жаргал гэж юуг хэлдэг юм бол оо…Дөрөв дэх удаагаа шо.ронд орж аймшигт долоон жилийг ардаа орхисон эрдэмтний үсэнд цагаан сор сууж, нүдэнд нь гунигийн манан буужээ.

 

Тэр сэтгэл хөдлөлгүй, Ижил мөрөн дүнсгэр шиг болсон байлаа. Энэ мөчөөс л Гумилев жинхэнэ тэмцлээ эхэлж, эрдмийн цол зэргээ хамгаалж, эртний түрэгүүдийн тухай бүтээлээ туурвиж, Төв Азийн цээжинд нүүдэллэж ирсэн Монголчуудын шастир руу гүн оржээ. Гэхдээ түүний бүтээлүүд 1959 оноос л зарим нэг сэтгүүлүүд хэвлэгдэх болсон байна. Гумилев бол 20 дугаар зуунд Монголчуудыг, тэр тусмаа Чингис хааныг өмөөрч, өмгөөлөн, Монголчуудын хийсэн их аян дайныг ончтой зөв талаас нь тайлбарлаж, түүхийн шинжлэх ухааны эргэлтэнд оруулж чадсан цөөхөн хүмүүсийн нэг юм. Энэ үед манайх ч мөн л ялгаагүй эцэг дээдсээсээ татгалзаж, тэдний тухай дурсаж, бичиж, ярьсан нэгнийгээ хатуу залхаан цээрлүүлж байсан авай.Харин Гумилев энэ бүгдийн эсрэг эсрлэн зогсож, Монголын түүх бол дэлхий түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан гэдгийг олон удаа нотолсон юм.

 

Үнэндээ тухайн үед манай өвөг дээдсийн түүхийг гадаадын ихэнх эрдэмтэд буруугаар дүгнэж, алуурчид, яргачид гэх мэт сөрөг ойлголтыг дэлгэрүүлчихсэн байлаа. Харин Гумилев гарч ирснээр энэ бүгдийг зөв байранд оруулах нөр их ажил эхэлсэн юм.Бүхий л насаараа Монголчуудын үнэн түүх, гавьяа зүтгэлийг ил тод болгохын төлөө тэмцсэн энэ алдарт түүхч хэзээ ч манай эх оронд ирж байгаагүй. Өөрөөр хэлбэл, манай нам төрийн эрхэмсэг удирдагчид түүнийг нэг ч удаа урьж байгаагүй. Гумилев энэ тухай хэлэхдээ “Би Монголчуудад гомдохгүй. Тэд намайг мартаж болно. Гэхдээ Чингисээ мартсан байсанд л би гайхаад гайхаад ханадаггүй юм. Хэрвээ намайг Монголд урьсан бол би бүх цаг үеийнхээ мөрөөдлийг биелүүлж Чингис, Жамухын нүүж, суусан газруудаар морь, тэмээгээр явж, Дэлүүн болдог, Бурхан Халдуны орой дээр гарч, судалгаа хийх байсан юм” гэжээ. Гумилев чухам яагаад Монголчуудын тухай тэгтлээ судлах болов гэсэн асуултанд өөр, өөр олон хариулт байдаг.

 

Гэвч түүний эцэг, эх нь Монгол гаралтай хүмүүс байжээ. Ээж Анна Ахматова нь өөрийгөө Зүчи хааны угсааны хүн гэсэн бол аав Николай нь бас ч шаггүй найрагч байсан хийгээд түүний нэгэн шүлэгт талд цайрах Монголын эсгий гэрүүд Миний өвөг дээдсийн өлгий гэсэн байдаг байна. Гумилевтэй мөн манай их эрдэмтэд болох Бямбын Ринчин, Цэндийн Дамдинсүрэн нар холбоотой байжээ. Хожим түүний эхнэр нэгэн дурсамжиндаа билгүүн номч Бямбын Ринчинг ихэд биширсэн тухайгаа өгүүлсэн байдаг. Түүхээ мэдэхгүй бол ард түмэн богино настай. Та нар харин түүх, бичиг, соёлоо сэргээж байгаа чинь сайн хэрэг. Ингэхэд та Монгол бичгээ мэддэг үү? Би Монгол бичгээр уншиж, бичдэг байлаа. Даан ч Сталины шо.ронд тамлагдаж байх үедээ мартчихжээ. Танай сайхан бичгээр гарын үсгээ зурахтайгаа үлдсэн минь их юм. Ер нь юмыг мартах амархан шүү дээ. Харин түүхээ л мартаж болохгүй. Энэ бол Лев Николаевч Гумилевийн бидэнд хандаж хэлсэн үг юм. Эх сурвалж: яруу найрагч О.Цэнд-Аюуш

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!