Зөвлөгөө
Хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна

Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна.
Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно.
- Тайлбар: х.х – хоолны халбага 15мл
- ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Хүрэн манжин – 1 кг Ус – 1 аяга буюу 240 мл
- Алимны цуу – 2 аяга буюу 480 мл
- Сахар – 30 гр
- Бүхэл хар перц – 1 ц.х
Хийх заавар:
- Хүрэн манжингаа 45 минут буцалгаж болгоно.
- Хальсыг цэвэрлээд, жигд зузаантайгаар хүссэн хэлбэрээр хэрчинэ.
- Ариутгасан варианы шилэнд хэрчсэн хүрэн манжингаа хувааж хийнэ.
- Ус, алимны цуу, сахар, хар перцээ хийж, сайтар хутгаад, 2 минут буцалгана.
- Буцалсан шүүсээ шилтэй хүрэн манжиндаа нэмнэ. Шингэнээ дүүргэхдээ тагнаас багадаа 2 см зай үлдээнэ.
- Шилний амсарыг арчин, сайтар таглаад, сэрүүн газар 7 хонуулаад, идэхэд бэлэн болно. Үүнийг нээсний дараа сарын туршид хөргөгчинд хадгалж болно. Нээлгүйгээр 2 сар хадгалах боломжтой.
- Хэрэв 6 сар хүртэл хадгалах хүсэлтэй бол 6-р алхмын дараа хүрэн манжингаа 20 минут жигнэнэ.