Сонин хачин

Саид Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ

Тэрбээр Монгол Улсын өмнөөс медаль хүртсэн ч өөрийг нь дэмжихгүй байна гэсэн байна. Ингээд ХБНГУ-д байгаа Саид Моллайтай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд дахин баяр хүргэе. Та Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Чухам ямар учраас гомдсон юм бол?

 

-Сайн байна уу. Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байгаа. Энэхүү медалийг би юуны түрүүнд өөртөө болон гэр бүлдээ, хоёрдугаарт монголчуудад зориулсан. Бүх Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч асан ноён Х.Баттулгад талархаж байна. Гэхдээ өнөөдөр бол гомдолтой байна. Учир нь намайг орон сууцаар шагнуулсан, их хэмжээний мөн.гөөр шагнууллаа гэсэн хуурамч мэдээллүүд их цацагдаж байна.

 

Үнэндээ би аваагүй. Хэдийгээр би мөнгөн медаль хүртсэн ч эдгээр шагналыг аваагүй. Харин хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан байгаа. Олимпын дараа маш олон хүн надад баяр хүргэсэн. Би Монголд ирээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголд ирснээс хойш 10 гаруй хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын төр засгаас хэн ч надтай уулзаагүй.

 

Зарим хүмүүс надтай ирж уулзаад бэлэг өгч баяр хүргэсэн ч Монголын Үндэсний олимпын холбооноос ямар нэгэн арга хэмжээ ч зохион байгуулаагүй. М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүй учраас жаахан харамсаж байна. Би уг нь Монгол иргэншилтэй, Монгол иргэн болсон шүү дээ. Тиймээс би гэр рүүгээ эргэн ирэхээр шийдсэн нь энэ. Эхнэр маань надаас “Монголд юу хийгээд байгаа юм бэ, ямар нэгэн ёслолын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм уу” гэж асуусан.

 

Би түүнд “Үгүй, ямар ч арга хэмжээ зохион байгуулахгүй байна” гэж хариулсан. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпын медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Тиймээс би тэр өдөр өдөржингөө зочид буудалдаа хүлээсэн ч хэн ч надруу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл ирээгүй. Түүнд нь би бас их гомдсон. Миний өнгөрсөн амьдрал их ээдрээтэй. Би хоёр жилийн турш гэр бүлийнхэндээ анхаарал тавьж чадаагүй. Энэ хугацаанд эцэг эх, ах дүү нартайгаа ч уулзаж чадаагүй.

 

Гэтэл надад орон сууц бэлэглэсэн, надад тусалж байгаа гэх мэт худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Зөвхөн ноён Х.Баттулга л надад тусалж байсан. Зарим хүмүүс надад бэлэг өгч, намайг дэмжиж байсан ч Монголын төр засаг, олимпын хорооноос надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Ямар ч бэлэг өгөөгүй. Би гомдож байна.

-Танд машин бэлэглэсэн шүү дээ?

-Тийм. “Eco car”-ийн зүгээс надад машин бэлэглэсэн. Шинэ машин бэлэглэсэн. Гэхдээ 2010 онд үйлдвэрлэсэн машин байсан.

 

-Мөнгөн медаль авсан тамирчинд хангалтгүй гэж үзэж байна уу?

-Тийм. Мөнгөн медалийн хувьд хангалттай бус гэж бодож байна. Бусад орны тамирчдыг харахад медаль авсан тамирчдад өдөр бүр бэлэг өгч байсан. Тиймээс би энэ бэлгийг хангалтгүй гэж бодож байна. Хүний амьдралд маш их туслалцаа хэрэг болдог шүү дээ. Зарим хүмүүс надаас яагаад Монголд үлдсэн талаар асуудаг. Учир нь би эх орондоо харих боломжгүй. Өдөр бүр зочид буудалд байрлаад баймааргүй байна шүү дээ. Энэ нь надад тааламжгүй байна.

 

-Засгийн газраас танд 60 саяаас төгрөг өгөх шийдвэр гарсан шүү дээ. Мөн сар бүр гурван сая төгрөг авах эрхтэй?

-Би аваагүй. Надад зөвхөн “Eco car”-ийн зүгээс нэг машин бэлэглэсэн.

-Та Монголд үргэлжлүүлэн амьдрах бодолтой байна уу?

-Тийм. Надад өөр очих газар үгүй шүү дээ. Хүн өдөр бүр гэрээсээ гараад орой буцаад гэртээ ирдэг байх хэрэгтэй. Гэтэл би өдөр бүр зочид буудалд өнжиж байна шүү дээ.

 

-Та Монголын жүдочидтой ямар харилцаатай вэ?

-Сайн харилцаатай. Тэд бүгд надтай дотно нөхөрлөдөг. Гэхдээ тэд бүгд аль нэг газрын харьяалалтай буюу туслалцаа, дэмжлэг авч байдаг. Харин надад байхгүй. Үүнд бага зэрэг харамсаж байна. Аса аварга намайг медаль авбал орон сууц өгнө гэж хэлсэн. Би түүнийг хүлээсээр байгаа ч надтай холбогдоогүй. Гэтэл Аса аварга Саид Моллайд орон сууц бэлэглээ гэсэн худал мэдээлэл их гарч байна. Энэ нь сайн зүйл биш. Энэ бол хүндлэл биш.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!