Лайфстайл

Хүн болгонд нохой шиг, чоно шиг бас могой шиг найзууд байдаг. Яагаад гэдэв…

Надад “нохой” шиг, “чоно” шиг, “могой” шиг зантай найзууд бий. Араас муулдаг, итгээд хэлсэн үгийг тараадаг, атаархдаг, жөтөөрхдөг, хорлодог, ховлодог ч нөхөд бий. Хөөгөөд явуул гэж үү? Тийм хүнтэй нөхөрлөх хэрэггүй гэж үү?

Би тэгж боддоггүй ээ. Нохойд уруулахгүй нөхөрлөж чадвал хамгийн үнэнч найз болдог. Ганцаардмал чоно шиг хүнийг найзаа болгож чадсан бол насан туршийн итгэлт нөхөртэй боллоо гэсэн үг. Хорт могойд хатгуулчихгүй хажууд нь байж чадвал ямар ч хэцүү хэргээс мултлаад гаргаж чадах хурц ухааных нь хишгээс бас хүртэх шүү дээ. Араас муулаа л биз.

 

Аяга цайны ард инээгээд л уулздаг хорвоо. Муулуулах юмаа би өөрөө л хийгээ биз. Хов тараагаа л биз. Угаасаа ч хоёр хүн мэддэг нууц гэж байдаггүй гэдэг. Атаархаа л биз. Жөтөөрхөө л биз. Хэн хэнд атаархдаггүй билээ дээ. Би ч атаархдаг. Бас жөтөөрхдөг.

 

Жаахан муулвал муулчихмаар, багахан хорловол хорлочихмоор санагддаг. Би муу хүн гэж үү? Үгүй дээ. Сайн хүн үү? Бас л үгүй. Үнэндээ энэ хорвоод муу хүн, сайн хүн гэж үгүй. Хүн бүр тодорхой хэмжээгээр сайн, тодорхой хэмжээгээр муу. Хүн бүрийн дотор араатан бий.

 

Хүн бүрийн дотор чөтгөр шулмын эхлэл бий. Сэрээх хэрэггүй. Хүн бүрийн дотор буянтан сайхан сэтгэлтэн бий. Түүнийг нь олж харж сэрээж явах хэрэгтэй гэж бодном. Нөхрийн чанарыг танилаа гээд сүйд болоод яахав. Яг үнэндээ өөрийнхөө чанарыг таньж байгаа хэрэг шүү.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!