О.Билгүүн:Хэлээгүй л болохоос Мөнхжин , IZ нараас өмнө тэрбумтан болсон. Хүний ар мараас явах дургүй угаасаа…

Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн үе тэнгийнхээ моделиудын дундаас цэвэрхэн царай, өндөр нуруугаараа ялгардаг.
“Бүтэн амьдрал” олон ангит кинонд дүр бүтээснээр түүнийг танихгүй хүн үгүй болсон. Тухайн дүрээрээ охидуудыг нэг хэсэг хуйлруулаад авсан.
О.Билгүүн өмнөх амьдралаасаа хөөрхөн охинтой бөгөөд саяхан шинэхэн хайраараа мэргэжил нэгт бүсгүйг сонгосноо зарласан.
Ажил, амьдрал нь жигдэрч ид гялалзаж яваа загвар өмсөгч О.Билгүүнийг сошиал ертөнцөөр Influencer гэх тодотголтой “Мөнхжин” “IZ” нартай харьцуулсан пост цөөнгүй яваад байгаа билээ.
Мань эр үүнд нь ийнхүү хариу барьсан байна.
О. Билгүүн: Эргээд харахад НИЙТ 37 бизнес эхлүүлсэн байна
-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Одоогоор “IGX” энтертэйнмэнт, modus.mn сайт, “Monkey travel” аяллын компани дээрээ төвлөрөн ажиллаж байна. “IGX” бол артист бэлтгэдэг, modus.mn модель, инфлүүнсер, менежмент чиглэлийн сайт, мөн аялал жуулчлалын салбарт явуулын кемп гэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.
-Яг одоо бидний ярилцаад сууж буй “IGX” энтертейнментийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Энтертейнментээ байгуулаад хоёр жилийн нүүр үзлээ. Жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гээд бүх төрлийн артистууд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2019 оны намраас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр очин 4000 гаруй сурагчтай уулзаж, сонгон шалгаруулалт явуулан, лекц уншсан. “COVID-19” өв..чин гарсны улмаас үйл ажиллагаагаа онлайн хэлбэрээр явуулахаар бэлдэж байна. Одоогоор манай энтертэйнментэд гурван артист бэлтгэгдэж байгаа.
-Таны хувьд “IGX”-ийн үүсгэн байгуулагчаас гадна ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
-Би продюсер, санхүү менежментийн талыг хариуцаж ажиллаж байна. Харин Наки маань артист продюсер буюу дуучин бэлтгэх, дуу зохиох, уран бүтээл тал дээрээ ажилладаг.
-Та хоёр “Яг түүн шиг” шоуны дараагаар хамтарч ажиллаж эхэлсэн үү?
-“Яг түүн шиг” шоунд оролцохоос өмнө ч бид найзууд байсан. Шоуны үеэр дахин уулзаад энтертэйнмент байгуулах санаагаа хэлж, хамтарч ажиллах санал тавьсан. Бид хоёр нэлээд удаан ярилцаж, төлөвлөсний эцэст хамтарч ажиллах шийдвэрт хүрч, ажлаа эхлүүлсэн. Уран бүтээлчийнх нь хувьд Накигаа их хүндэлж явдаг учраас хамтарч ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг.
-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга хүлээж авсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Анхны улирлын дугаарт манай Э.Энхболд орж байсан. Харин хоёрдугаар улиралд загвар өмсөгч оролцоогүй юм билээ. Тэгээд дараагийн дугаарт загвар өмсөгч оролцуулах шаардлагатай гэж үзээд “Боловсрол” телевизээс надад санал тавьсан. Эхэндээ би өөрийгөө голсон. Тэр олон хүний өмнө дуулж, бүжиглэнэ гэдэг бол асар зориг, тэвчээр шаарддаг учраас өөрийгөө чадахгүй байх гэж бодоод саналаас татгалзсан. Гэтэл хэсэг хугацааны дараа “Боловсрол” телевизээс дахин холбогдож, “Чи энэ шоунд заавал орох ёстой хүн” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө сориод үзье гэж сэтгэл шулуудаад энэ шоунд оролцсон. Оролцсондоо ч маш их баярладаг.
-Эргээд харахад дуурайхад хамгийн хэцүү нь ямар дүр байв?
-БНСУ-ын дуучин, жүжигчин “Rain”-ийг дуурайхад хамгийн хүнд байсан. Бүжиглэнгээ дуулна гэдэг амаргүй даваа юм билээ. Маш шахуу хуваарьтай, ядарсан, тур..сан байсан учраас богино хугацаанд бүжгээ сурах гэж нэлээд хүч шаардсан. “Rain”-ийг дуурайхад хурц хөдөлгөөнүүдийг нь гүйцэтгэл сайтай, лаг бүжиглэх шаардлагатай байсан. Хичээсний үр дүнд ялалт байгуулсан даа.
-ОЛОН САЛБАРТ ХҮЧ ҮЗСЭНИЙ ЭЦЭСТ УРЛАГИЙН ХҮН ГЭДГЭЭ МЭДЭРСЭН-
-Модель байх олон давуу талтай. Одоогийн хийж буй ажил, амжилт тань үүнээс эхлэлтэй байх?
-Тийм шүү. Ажил, бизнесийн минь гараа загварын салбараас эхэлсэн гэж боддог. Модель хүнд загвар өмсөхөөс гадна тал бүрийн боломж бий.
– Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?
-2008 онд 16 настайгаасаа эхлэн загварын салбарт хөл тавьсан. Манай хамаатны эгч намайг хараад “Загвар өмсчихөөр хүү байна” гээд загвар өмсөгч Э.Энхболдтой танилцуулсан юм. Ингээд анх Загварын холбоонд орж байлаа. Тэндээ зургаан сар загвар өмсөж байгаад Монгол модель агентлагт орсон. Үүний дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцоод “Гранпри” шагнал хүртэж, БНСУ-д зохиогдсон “Asian New Face Model Festival Awards”-д оролцон “Asian Photogenic Top Model”-оор шалгарч байсан. Загварын ертөнцөд хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй.
-Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байв уу?
-Тэгж бодож байгаагүй. Багадаа дуучин болно л гэж боддог байлаа. Байнга л дуулж явдаг хүүхэд байсан.
-Гэхдээ урлагаар биш, олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгов?
– Урлагт хэчнээн дуртай ч, өөр мэргэжил эзэмших нь надад илүү өгөөжтэй санагдсан. Гэхдээ дуулах хоббигоо орхиогүй. Урлаг бол соёлын зөөлөн бодлого учраас бас давхар дипломатчийн ажлаа хийгээд явж байгаа гэж боддог.
-Та загвар өмсөөд яг ид олонд танигдаж эхлэх үедээ БНСУ-ыг зорьсон. Эндээ үргэлжлүүлэн загвар өмссөн бол одоогоос илүү өндөр карьертай байх байсан гэж боддог уу?
-БНСУ руу явсан нь миний нүдийг нээж өгсөн гэж боддог. Солонгос руу явж Азийн топ модель болсондоо олзуурхаж тэр улсын хэлийг сураад, тэнд артистаар танигдвал зүгээр юм байна гэж боддог байлаа. Тэгээд тэнд Ионсей их сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Өөр улсын амьдралын хэв маягийг сонирхоод явж байхад бусад орны хөгжил болон өөрийгөө яг ямар түвшинд байгааг мэдэрдэг юм билээ. Тэр ч утгаараа үзэл бодол, зорилго минь өөрчлөгдсөн.
-Тэнд байхдаа загвар өмсдөг байсан уу?
-Үгүй. Санал ирдэг байсан ч загвар өмсдөггүй байсан. Солонгос хэлээ түргэн сурахдаа илүү анхаарсан. Гэхдээ тэнд ч бас зүгээр суугаагүй. Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл, гутал оруулж ирдэг байлаа.