Мэдээ Мэдээлэл

Э.ЦЭНДБААТАР: Найзууд уух зүйлд минь мaнcyyруулах бoдиc хийснээс болж, би 20 хоног саатуулагдсан

Монголын Боксын холбооны бага хурал энэ сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болж, шинэ Ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг сонгосон. Боксын тамирчид хурлын дараа “Наран плаза”-ын зургадугаар давхарт байрлах “New york” ресторанд “найрлаж” зoдoлдсон байдаг. Зoдooн болсны дараа Э.Цэндбаатар цахим хуудастаа лайв хийж, “Энэ хоёр намайг зoдчихлоо. Ингээд нэг айлын амьдрал дуусна шүү дээ” хэмээн цyс, нөжтэйгөө холилдсон байдалтай ярьсан юм. Тэрбээр apхи, сoгтуyруулах yндааны зүйл хэрэглэсэн үедээ тус бичлэгийг хийж, боксчдод зoдyyлсан тухай цaгдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэдэг.

Тус зодоонтой холбоотойгоор Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын Боксын холбоо албажуулж, олон нийтэд зарласан билээ. Удалгүй түүний бусдад зодyyлж, yхаан алдсан бичлэг олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын олимпын үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

Э.БАДАР-УУГАН: Э.Цэндбаатар гаргасан үйлдэлдээ гэмшиж, “Амжилтаараа нэр хүндээ сэргээнэ” гэж ярьдаг
-Боксын холбооны бага хурал болдог орой юу болсон юм бэ. Зодоон болоход та байсан уу?

-Энэ сарын 5-нд манай холбооны бага хурал болсон. Хурлын дараа оройн зоог барих үеэр архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Би оройн хоол идчихээд гэр рүүгээ явсан. Тус хуралд орон нутгаас ирсэн багш, дасгалжуулагч нар ирж, хэдэн хүн шагнал авсан. Тэднийг өөр газар сууж байхад нь тамирчдын ахлагч Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар очсон юм билээ. Б.Чинзориг түүнийг удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох учир ууж болохгүй гээд гэрт нь хүргэж өгсөн гэсэн. Гэтэл Э.Цэндбаатар буцаж очиж согтyyрсан хүмүүстэй маргалдаж, нэр бүхий хүмүүст зодуулсан байсан. Тиймээс Боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүн түүнийг холбооноос хасах саналд нэгдэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэх шийдвэр гаргасан.

-Та Э.Цэндбаатарын өмнө нь гаргаж байсан хэд хэдэн зүй бус үйлдлийн талаар өөрийн цахим хуудастаа бичсэн байна лээ. Түүний гаргаж байсан үйлдэлд өмнө нь яагаад хариуцлага тооцож байгаагүй юм бэ?

-Боксын холбооны Ерөнхийлөгчөөр 2013-2020 он хүртэл “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ажиллаж байсан. 2020 оны аравдугаар сард тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, түр орлон гүйцэтгэгчээр би ажиллаж байсан юм. Тухайн үед коронавирусийн халдвар гарч, хорио цээрийн байдалтай байсан. Манай холбооныхон түүний удаа дараа гаргасан зүй бус үйлдэлд энэ удаа хариуцлага тооцож байгаа. Өөрөө ч гаргасан үйлдэлдээ гэмшиж, “Амжилтаараа нэр хүндээ сэргээнэ” гэж ярьдаг. Түүний цаана янз бүрийн хүмүүс улстөр хийгээд байдаг юм болов уу гэж боддог. Тэр архи ууж, хэрэгт холбогдоогүй бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар байлаа. Олон нийтэд өөрийгөө ямар байдалтай байгаагаа илэрхийлсэн учир бид түүнийг тэмцээнд явуулахгүй байх шийдвэр гаргахаас өөр аргагүй. Боксын спорт хүнээр дутдаггүй. Боксын спортод хөл тавьж буй хүүхдүүдэд буруу үлгэр жишээ үзүүлж болохгүй шүү дээ.

-Та “Э.Цэндбаатарыг сайн мэднэ. Түүнд тусалж байсан. Цаашид ч тусална” хэмээн бичсэн байна лээ. Ер нь ямар зан чанартай тамирчин бэ?

-Боксын спорт хүнийг төлөв, даруу зантай болгож, хүнд хэзээ ч гар хүрдэггүй болгож хүмүүжүүлдэг. Боксын тамирчин ямар байх ёстой тийм л зан чанартай гэж боддог. Харин архи, сoгтyyруулах ундаа хүний нэр хүнд, алдар гавьяаг сэвтээж байна. Бүхнийг цаг хугацаа харуулна биз дээ.

-Э.Цэндбаатарын оронд хэн тэмцээнд оролцох вэ?

-“Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга явахаар болсон” гэлээ.

 

Мөн тэрбээр өөрийн цахим хуудастаа Э.Цэндбаатартай холбоотой хэд хэдэн асуудлын талаар бичсэн байв. Тухайлбал, “Шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар олимпын циклийн хугацаанд удаа дараа бэлтгэлийн дундуур архидан сoгтyyрдаг, багшаа зoддог, бүр сэтгэцэд нөлөөлөх бoдис xэрэглэсэн нь тогтоогдсон. Түүнийг би багаас нь мэднэ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодooны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтад багшийгаа зoдсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална” хэмээн бичсэн юм. Бид энэ талаар Э.Цэндбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Э.ЦЭНДБААТАР: Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган ах руу битгий дайраарай. Намайг зодсон хоёр ахад ямар ч гомдолгүй-
-Э.Бадар-Ууган дарга таныг “Сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэж, нүцгэн гүйж явахад нь шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн” хэмээн бичсэн байна лээ. Энэ үнэн үү?

-Би сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаагүй, бүр харж ч үзээгүй. Тухайн үед юу болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Надтай хамт байсан найзууд миний уух зүйлд өөрийгөө хянах чадваргүй болгох ямар нэгэн зүйл хийсэн болов уу гэж би харддаг. Түүнээс хойш би тэдэнтэй дахиж уулзаагүй. Тухайн үед миний дотнын ах н.Гантулга намайг эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ. н.Гантулга ах үргэлж намайг ойлгож, өнөөдрийг хүртэл хамт байгаа. Би эмнэлэгт хэвтээд хоёр дахь хоногоос өөрийгөө хянах чадвартай болж, ухаан орсон. Эмнэлэгт долоо хоноод гарсан.

-Та эмнэлэгт хэвтэж, ухаан орохоосоо өмнө юу ч санаагүй юу?

-Би нүцгэн гүйж байгаагаа хальт санасан. Түүнээс өөр юу ч санаагүй.

-Тухайн үед таныг МУГТ Н.Төгсцогттой хамт мансууруулах бодис хэрэглэсэн гэх юм билээ?

-Бид хоёр хамт байгаагүй. Төгсөө ах Америкт байсан.

-Таныг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Тиймээ, олимпод явахаас өмнөхөн 20 хоног саатуулагдсан. Одоо надаас 14 хоногт нэг удаа шээсний шинжилгээ авч байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийхдээ “ Би Монголын боксын холбооноос гаргасан шийдвэрт харамсахгүй байна. Тус шийдвэрээр дэлхийн аваргад оролцох эрхийг хассан болохоос биш боксын спортоор хичээллэх эрхийг хасаагүй. Үе үеийн боксчид болон холбооныхоо хамт олноос уучлалт гуйж байна. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Би холбооныхоо удирдах зөвлөлд байсан бол зүй бус үйлдэл гаргасан тамирчиндаа хариуцлага тооцох байсан. Хоёрдугаарт, тухайн өдөр болсон хурлын дараах зоогийн ширээнд согтууруулах ундааны зүйл байгаагүй. Би нэр бүхий хэдэн тамирчинтай өөр газар орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, асуудал үүсгэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах руу битгий дайраарай. Намайг зодсон хоёр ахад ямар ч гомдолгүй. Гомдолгүй гэдгээ цагдаад мэдэгдсэн. Архи уусан нь миний буруу учир өөртөө гэмшиж байна. Дүү нараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцуулахын тулд би сайн бэлтгэл хангагч нь болно. Дүү нараа дэлхийн аваргаас медаль авна гэдэгт 100 хувь итгэж байна” гэсэн юм.

 

Тус мэдээллийг хийсний дараахан тэрбээр “Аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэл байна. Надад нэг боломж олгооч” хэмээн бичсэн аж. Мөн түүний ээж “Миний хүүгээс байнга шинжилгээ авдаг. Хэрвээ хэрэглэдэг бол шинжилгээгээр гарна биз дээ. Миний хүү санаандгүй байдлаар бодис үнэртэж, өөрийн мэдэлгүй нүцгэн гүйж, эмнэлэгт хэвтсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгасан” гэв.

Дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа “Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!