АЛТАНХУЯГ: “PCR-аа бүр болиод, иргэддээ ковидын эмийг нь үнэгүй өгье”

Байлдаан дайн болоод бараг 2 жил болчихлоо.
Өнөөдөр яагаад гэнэт нийслэлийг сонсоод явчхав, Баттөмөр дарга аа. Би Ойлгосонгүй.
Уг нь толгой онцгойтой нь л ярих ёстой. Төрийн байгууллагын ажил ингэж Их Хуралд ярьж ирнэ гэдэг бол утга алга. Нийслэл ч бидэнд хандах ёсгүй юм л даа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудал, санал дүгнэлтээ УОК-тойгоо ярьсны дараа бидэн дээр ирээд УИХ дээр ийм ийм байна гэмээр байна.
Та нар уншаад байгаа олон тоогоо олон нийтэд хэлээч, хэрэгтэй юм бол. Олон нийтэд тэр тоо хэрэггүй шүү дээ. Хүн үхэх гэж байхад мянган тоо уншаад л, бид нар ийм зохион байгуулалттай арга хэмжээ авч байна гээд байх юм. Надад ийм асуулт байна.
Байлдаан болж байгаа юм чинь яаж байлдах гээд байгаа юм та нар? УОК-той хэзээ уулзах юм?
Энэ байлдааны стратеги, тактик чинь минийхээр бол биш байна.
Та нарын тоог харахаар 20 мянган хүн өвчлөхөд 200 хүн нь эмнэлэгт хүргэгдэж байна. Бусад нь хаачсан бэ? Яаж эмчлэх гэж байгаа юм бэ? Тэр хүмүүс чинь партизаны аргаар өөрийгөө эмчилдэг болчихсон. Ерөөсөө ойлгохгүй юм. Утсаа аваад байгаа л гэнэ. Миний ойр хавьд өвчилсөн хүмүүс дунд эмнэлэгт хүргэгдсэн хүн байхгүй. Утсаа авдаггүй. Өөрсдөө эм уугаад явж байсан чинь хэд хоногоос арбидол гэдэг эм нь болохоо байлаа.
Монголд төр засаг байна уу? УИХ дээр би хэлж байсан. Иргэддээ үлгэрчилсэн юм гаргаж өгөхгүй юм уу, гэсэн. Хүссэн ч, эс хүссэн ч энэ өвчнөөр өвчлөхөөс өөр аргагүй болчихлоо. Ямар ямар эм уувал зүгээр вэ гэдэг дээр үлгэрчилсэн юм гаргаад өгчихмөөр байгаа юм. Яагаад гэхээр өвдөж байгаа хүмүүсийн чинь өвчлөлийн түвшин янз бүр байна шүү дээ.
Зарим нь бол хүндрээд байна, ахмадууд. Архаг хуучтай юу, үгүй юу гээд янз бүр байна. Ядаж баталгаатай ийм ийм эм нь болно гээд өгч болдоггүй юм уу? Арай гэж арбидол уугаад явж байсан хүмүүс одоо яах юм?
Арбидол уугаад эдгэрчихсэн шүү дээ. Тэр арбидол үйлчлээгүй гэсэн үг үү? Би бол УИХ дээр ийм бодлогын асуудлуудаа яримаар байна.
Вакцинаар дэлхийд 6 дугаарт явж байна гэнэ. Тийм байж яахаараа өвчлөлөөрөө дээгүүр явж байдаг юм? Энэнд дүн шинжилгээ хийсэн юм байна уу? Энэ аж ахуйн нэгжүүдтэй холбоотой тодорхой юм байна, Сумьяабазар дарга аа. Мэргэжлийн хяналтаа зогсоочих л доо. Нэг ТҮЦ-ний хүн над руу мессеж бичээд арай гэж уулзаад. Ёстой нэг дампуу юм аа. ТҮЦтэйгээ байлдаад унах юм. Ковидтойгоо байлдаач.
Одоо энэ жижиг сажиг юм хийж байгаа хүмүүс больчих оо. Хянана, шалгана, цагдаагаар дарамтална, мэргэжлийн хяналт орж дарамтална. Больвол яадаг юм. Ковид дуустал хэдүүлээ энэ жижиг сажиг юм хийж байгаа хүмүүсийг хаявал яадаг юм? Тэртэй тэргүй улс тэр хүмүүст амьдрал ахуй дээр нь туслах нь байтугай өвчлөлд нь тусалж чадахаа байчихсан.
Энэ төрийн байгууллагынхан ямар муухай хариуцлагагүй юм бэ? Хүн үхэж байгаа тухай ярьж байхад өөдөөс ямар юмны төв байгуулна гэнэ үү, 600 сая төгрөг гэнэ. Тэрийг энд ч ярьдаг юм биш. УИХ ард түмний төлөөлөгч. Яах гэж байгаа юм? Нийгэмд болохгүй байгаа юмыг сонсож мэдэж, уламжилж заримыг нь шийдэх ёстой шүү дээ. Төв байгуулчихаар ковид зогсчих юм уу? Муухай хариуцлагагүй юм ярих юмаа эд нар.
Ингэмээр байна Баттөмөр дарга аа. Дараачийн удаа УОК-той яриад.
Би үнэхээр ойлгохгүй байгаа юм. Вакцин гэж хичнээн их мөнгө зарав аа? Вакцин ийм өндөр байгаа юм бол яагаад өвчлөл өндөр байдаг юм? Эсвэл ямар вакцин нь үйлчилдэггүй юм? Дахиад бүүстер гэнэ үү, янз бүрийн гоё нэр томьёо хэлчихсэн 3 дугаар тун гээд хийгээд явж байгаа. Баахан вакцин хийгээд үр дүн гарахгүй юм бол яах юм бэ? 20 мянган хүн өвчилж байхад тэрний дийлэнх нь гэрийн нөхцөлд өөрийгөө эмчлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд очиж байна.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Сая Орхон аймагт ажиллаж байхад хажуугийн нэг суманд 70 хүн өвчилж байхад нэг эмч, нэг сувилагч байгаа юм. Тэр эмч, сувилагч, эмнэлгийн буруу байхгүй. Би бол бодлого яриад байгаа юм. Өчнөөн олон хүн өвчлөөд эмнэлэгт багтахгүй байгаа юм чинь үлдсэн тэр армиа яаж эсэн мэнд авч гарах тухай л ажлаа хиймээр байна. Юун элэнцгийн төв байгуулах вэ?
Тэр эмнүүдээ хэлээд өг л дөө. Энэ энэ эм бол зөвшөөрөгдсөн эмнүүд. Ийм доз хэм,жээгээр уугаад эхний ээлжинд өөрсдийнхөө биеийн байдлыг хэд хоног хар за, гээд. Би одоо ийм л юм хүсээд байгаа байхгүй юу. Иргэдийнхээ төлөө эрүүл мэндийн байгууллага, нийслэл нь байна уу хэн нь ч байсан ингэж ажиллах учиртай юм. Шинжилгээнүүдийг нэг тийш нь шийдээд өгөөч.
Одоо би эргэлзээд байна. PCR-ын хэрэг байгаа юм уу? Алтанхуяг өнөөдөр PCR-аар сөрөг гэж гараад 3 хоногийн дараа эерэг гэж гарч мэдэхээр байна. Баахан мөнгө төгрөг үрээд байх юм. Тэрэн дор бол хүмүүстээ эмнүүдээ үнэгүй өгчих л дөө. Байлдааны арга тактикаа өөрчил гэдэг чинь ийм санааг л хэлэх гээд байгаа юм.
Дарга нар амьдралаас тасарчихсан юм шиг байна. Та нар зохион байгуулалтаар их оролдоод байх юм. Тэр дээр та нар ямар бүтцээр ажиллаж байгаа нь манай Их хуралд ямар ч хамаагүй. Иргэн хүнд ч хамаагүй. Иргэн хүн өвчлөхөд нь утсыг нь аваад өгөөсэй. Би танд хэллээ шүү Сумьяабазар дарга аа.
Оросууд ингэсэн юм гэнэ ээ. Мэргэжлийн хяналт гэж байгууллага бол манай социалист системээс үлдсэн орнуудын мангар систем л дээ. Энийгээ 2 жил ажиллахыг нь болиулчихсан юм гэнэ ээ. Хүмүүсийг дарамтлахаа боль. Аж ахуй эрхэлж байгаа ТҮЦ, 6 нэрийн бараа, 8 нэрийн бараа. Харин тэр зугаа цэнгээний газрууддаа та нар юмаа ярь л даа.
Манай дэлгүүрт нэг нөхөр ороод гарсны төлөө тэр өвчтэй хүний өмнөөс яахаараа би хариуцлага хүлээдэг юм. Бас л жаахан логик муутай юм байна лээ. Та нар ч гэсэн тэр шийдвэрээ эргэж хар. Ер нь бодлогын түвшинд эхлээд иргэнээ тавь. Байгууллагаа биш.