Мэдээ Мэдээлэл

Г.Ундармаа: Намайг эрхлүүлэх аав байхгүй ч нөхөр минь намайг 23 жилийн турш аав шиг минь л эрхлүүлж, халамжилсан…

Өнөөдөр “U film”-ын захирал жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр баярт өдрөөрөө аавыгаа маш их санаж байгаагаа нулимс дуслуулан шууд лайвын үеэрээ хэлсэн юм. Хүүхэд байхаасаа аав, ээжийн хайранд умбаж эрхэлж өссөн тэрээр хүнийх болсноосоо хойш хангалттай тэдэндээ хангалттай эрхэлж чадаагүй ч нөхөр нь түүнийг аав шиг нь эрхлүүлж, хайрлаж, халамжилж ирсэнд талархдаг гэдгээ хэлэв.

 

Г.Ундармаа: Энэ хорвоод ирээд дөчин хэдэн жил амьдарчээ. Өглөө сэрээд ер нь юу хийснээ бодлоо. Алтайн Анагаах Ухааны Дунд сургуулийн багш Гончиг Алтай чуулгын бүжигчин Туяа гээд тэр үеийнхээ сайхан хос, аз жаргалтай гэр бүлийн хайрын баталгаа болж ирсэн өдөр өнөөдөр билээ. Ээж минь өнөөдөр надаас ч илүү чийрэг, эрүүл, өөдрөг дэргэд минь байж сэтгэлийн сайхан бүхнийг өгч охиноо эрхлүүлээд байж байгаа.

 

Аав минь холын хол миний хэзээ нэгэн цагт очих газар нойрсож байгаа. Аз жаргалтай мөч, амжилттай хийсэн ажил бүрийнхээ ард аав минь байсан бол ямар их баярлах байсан бол гэж бодох өдөр олон байдаг. Хүнд хэцүү, доромжлол, өвчин зовлон гээл хэцүү үедээ аав минь сонссонгүй охиныхоо өмнөөс шаналж зовсонгүй дээ, энэ нь дээр ч гэж өөрийгөө л хуурч тайвшруулах үе ч байдаг даа. Багаас минь эхлээд л сайхан аав ээж ах дүү 10 жилийн нэг ангийнхан, багш нар гээд үргэлж сайхан хүмүүс дэргэд минь байжээ. Сургууль маань улсын тэргүүний сургууль. Бүх сурагчид заавал гутлаа сольж, солих гутлынхаа улыг угааж шалгуулж сургуульдаа ордог.

 

Анги маань 3,6,8 дугаар ангидаа Монгол хэл бичгийн Улсын олимпиадад 1,2,3 байр эзэлж байсан хүчтэй хамт олон байсан. Дуу хөгжмийн багш Нэргүй багштайгаа их дотно. Багш маань урлаг руу хамгийн их чирч сургуулийн бүх л концерт тоглолтод оруулдаг байсан. Одоо ч гэрэл цацруулсан мундаг эмэгтэй байдаг. Сургуулийн ПАУ Хургаа, Ганхуяг нар маань бас надад их итгэдэг сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгож хамгийн их итгэл найдварыг өгч хамтарч ажилладаг ухаалаг тэр үеийн залуу сайхан багш нар минь . Орос хэлний 2 Тунгалаг гээд сайхан бүсгүйчүүд үеийн найзууд шиг зовлон жаргалаа хуваалцдаг ёстой догь багш нар.

 

Ангийн багш Янжин дотроо хайрлаж гаднаа илүү ихийг шаарддаг байсан мундаг багш гээл 10 жилийн олон сайхан дурсамжуудтай хүндээ. За тэгээд л төгсөөд Найруулагч , зохиолч ,орчуулагч МУГЖ Л. Лхасүрэн багшийн удирдсан жүжигчний ангид орж хүндлэлтэй олон багш нар, цоглог өлссөн ч даарсан ч жаргасан ч хамтдаа нэг хүн шиг байж чаддаг ангийнхантайгаа мэргэжлийн жүжигчин болох гэж хамтдаа шамдаж төгссөн. Дараа нь Их сургуулийн ангийнхантайгаа Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт хамтдаа 3 жил ажиллаж сонгодог инээдмийн олон жүжгийг Эрдэнэтчүүддээ толилуулсан.

 

Дараа нь хотод ирж MCS хэмээх бизнесийн маш өндөр соёлтой, хүчирхэг залуусаар багаа бүрдүүлсэн их айлын охин компани Анун ХХКд тавилгын худалдагчаар орсон. Сайхан сэтгэлтэй Уранбилэг захиралтай гоё хамт олны дунд орж ёстой нэг сайхан хамт олны дунд их зүйлийг мэдэж сурч авсан. Тэгээд Хошин урлагийн театрт шалгуулж тэнцээд 3 жил МУГЖ Батзаяа, Туяа, Жагдаг , Лхагвасүрэн хошин урлагийн гээл акулуудтай ажиллаж, “Шинэ үе” хэмээх цоо шинэ нэртэй хамтлагт орж 13 жил “Анун” ХХК даа ажиллаж 2 ажил хамт хийж эхэлсэн. Азаар нэг нь өдөр нэг нь орой ажилладаг. Амбий ах, Хүрлээ ах , Бооео, Аси, Чимгээ эгч нартайгаа шинэ шинэ тоглолтуудын ард амжилттай гарсан.

 

Анун ХХК ажиллах үедээ хамт ажилладаг MCS ХХК ын спортын наадмуудад Ануныхаа нэрийг дажгүй аваад гарчихдаг Батжаргал гэдэг тамирчин залуутай хуримаа хийж өнөөдрийг хүртэл хайрлаж, эрхэлж хөөрхөн охин Бэрцэцэгтэйгээ хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа. Тэгээд л хаанаас ч бие биенийгээ олсон юм бол гэхээр гайхалтай найзууд минь. Ёстой хаана ч ямар ч ажилтай байсан зовлонгоо яриад дээрэлхээд дуудчихдаг хөөрхөн найзууд байнаа байна. Бас төрсөн эгч шиг минь үргэлж анхаарал тавьдаг өөрсдөөрөө надад үлгэр дуурайлал болсон эгч нар минь гээл Ингээд цааш та нар бараг мэднэ дээ тэ. Зүгээр л өглөө дурсан бодсон дурсамжаа буулгачихлаа. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээсэн юм бэ.

 

Би ер нь хүний үгийг хурдан хүлээж авдаг талдаа хүн. Ялангуяа хүндэлдэг хүмүүс маань юм хэлэхэд дор нь тусгаад авчихдаг. Олон жилийн өмнө ганц бие байхад “Анун”-д ажилладаг эгч маань манайд ирсэн юм. Тэгэхэд гэр хөглөрсөн байдалтай байлаа. Эгч маань “Хүүе, чи яасан онцгүй суудаг юм бэ?” гэж зэмлэсэн. Түүнээс хойш яагаад ч юм бэ, гэр орноо маш цэвэрхэн сайхан авч явдаг болсон доо. Эгч маань яаж харин намайг залуу байхад манайд ирсэн юм бэ дээ гэж одоо баярладаг.

 

Муу аав минь байхдаа над руу их ярьдаг байлаа. Ер нь аав ээж нар охин хүүхэд рүүгээ их ярьдаг шүү дээ. Ирж хоол цай ид, цуг ийшээ тийшээ явъя гэнэ.. Би тэгсэн завгүй гэх дүрдээ итгэчихсэн амьтан амжихгүй амжихгүй гээд л. Нэг удаа машинд явж байхдаа аавтай утсаар ярьчихаад, нөхөртөө “Аав намайг л тэгээдэх, ингээдэх гээд байх юм” гэж хэллээ. Нөхөр маань “Миний хань ямар олон аавтай биш дээ” гэснээ өөр юм хэлээгүй юм. Түүнээс хойш болж л өгвөл аавдаа цаг зав гаргахыг хичээх болсон. Харамсалтай нь тэр хугацаа тийм урт байгаагүй дээ.

 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Намайг тойрон хүрээлж байдаг сайхан хүмүүсээс асар их урам зориг, эрч хүч авдаг. Хамгийн түрүүнд нөхрөө дурдах ёстой. Миний хань намайг юу ч хийсэн байнга дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг. Цаг наргүй ажлыг маань ойлгож, байнга утсаар ярьж, ус уугаарай, би очих уу гэх мэтээр халамжилдаг юм. Заримдаа уут дүүрэн юмтай манай багийнхан дээр ороод ирнэ. Миний найдвартай түшиг тулгуур болдог хүн. Жүжигчин хүмүүс ер нь амархан баярлаж, амархан гомддог. Би багын л айлын бага эрх хүүхэд байсан. Аав ээж минь намайг эрхлүүлж, хайранд умбуулж, зөв өсгөсөн учраас би эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн болж өссөн гэж боддог. Өөрийгөө ч эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэхийг, тийм хүмүүстэй л ойр байхыг хичээдэг юм. Ах дүү нарын маань дэмжлэг бас их. Манай ээжийн талынхан их сайхан тусархуу хүмүүс. Аавын талынхан бол өндөр боловсролтой, үлгэр дууриал болсон хүмүүс. Тэднээсээ суралцсан зүйлс надад олон бий. За тэгээд мэдээж үзэгчдээсээ асар их хүч авна. Фэйсбүүк рүү үргэлж орж чадахгүй ч хааяа зочлоод таних танихгүй хүмүүсийн урмын үгийг сонсоход сайхан байдаг. Боломжоороо тэр хүмүүст хариу бичиж, харилцаа үүсгэхийг хичээдэг. Ер нь нэг танихгүй хүн хажуугаар инээгээд өнгөрөхөд ч эрч хүчтэй болж, цааш эргээд нуруугаа цэхэлж алхдаг даа.

 

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн үед бол ёстой хэлэхэд хэцүү, янз бүр байгаа. Сүүлийн хагас жил дутуу нойртой явна. Оройн 10 цагт гэртээ орж ирээд баярлаж байх жишээтэй. Ер нь ажил гайгүй үед бол орой 10.30-11 цаг гээд орондоо орчихдог. Өглөө 6.30-7 гээд босчихно. Нойрны тал дээр би толгой тавиад л унтчихдаг, сэрвэл нойрмоглолгүй шууд босчихдог онцлогтой. Хошин урлагт анх орж байхад аав маань “Үг чинь тод сонсогдохгүй, сайн ойлгогдохгүй байна шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр нь үгээ тод хэлэх гэж дасгал хийгээд л байсан. Тэгсэн дараа нь аав тоглолт үзчихээд “Арай л хурц хэллэгтэй яриад байна уу. Р үсгээ хэлэхдээ РРРРР гэж хэлээд байна шүү” гэхээр нь тоглоод“ Арай л хэтрүүлээд сурчихжээ. Ааваа” гэж хэлж байсан юм. Бас Бооёо бид хоёрын “Шилэн бүрхүүл” гэж үзүүлбэрийн санааг аав, ээжээсээ авч байсан. Нэг өдөр ээж “За Гончиг минь би шилэн бүрхүүлтэй болсон шүү. Намайг ядрааж болохгүй шүү” гэсэн чинь аав хошигноод “Хагалана даа” гэччихсэн байж байсан.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!