Лайфстайл

Б.МӨНХ: Ирээдүй хойч үеээ элсэн шуурганд биш, ойн төгөлд салхилаасай гэсэндээ би цөлжилттэй тэмцэж байнаа

Элсний нүүдэл эргэх дөрвөн улирал, шөнө, өдөргүй үргэлжилж байна. Тэр тусмаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сум Их Монгол элсний баруун хаяанд оршино. Хөхморьт сумын зүүн хаяанд өдөр бүр элс нүдэлж, өмнөө таарсан бүх зүйлийг нарийн ширхэгтэй шар шороон элсээр дарна. Хөхморьт сумын иргэн Г. Жавхлан зах хязгаар нь харагдахгүй нүргэлсэн их элсэн манхны орой дээр зогсчихоод “Яг энд ногоон зүлэгтэй. Хүүхэд байхдаа зүлгэн дээр хар хурдаараа гүйдэг байлаа. Одоо хардаа ийм л элс болчихоод байгаа юм. Тэр юу ч биш манай сумынхан чинь арав гаруй жилийн өмнө хашаа, байшин тэр чигтээ элсэнд дарагдчихсан. Хашаатай чацуу элстэй. Хашаан дээгүүрээ алхаж гардаг байлаа. Одоо харин элсээ зөөсөөр байгаад арай дээр болчихоод байгаа юм. Сумын төвийн гудамжинд ямар ч машин элсэнд суучихаад хамаг уур барьж, мах “иддэг” байлаа шүү дээ” хэмээн яриад инээд алдах.

“ХАМАГ ХАРГАНАА ТҮҮГЭЭД ГАЛ ТҮЛЧИХСЭН ЧИНЬ ЭЛС НҮҮЖ, УРСААД ОРООД ИРСЭН”

Хөхморьт сумынхан олон жил элсэндээ дарагдчихаад амьдран суудаг байжээ. Харин хэдэн жилийн өмнөөс элсний нүүдэл, цөлжилттэй нүүр тулж, тэмцэлдэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, сумынхаа газар нутгийг тэр чигтээ элсэн манхан болохоос хамгаалж, элсний нүүдлийг таслан зогсооход хүч хөдөлмөрөө зориулах болжээ. Бүр цөлжилттэй тэмцдэг. Элсэн дээр мод ургуулдаг болсон байна. Элсний нүүдэл зогсоох эгэл жирийн мөртлөө хүнд хүчир ажлыг Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар хийдэг ажээ. Тэдний нэг өдрийн ажлыг сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна. Хөхморьт сумын зүүн хэсэг 60 га талбайг хашаалжээ. Хашааны хойд хэсгээр ногоорч говийн харгана бут ногоорч сулийн тариа алд дэлэм ургачихсан. Говийн халуу дүүгсэн бүлээн салхинд найган ганхах ажээ.

Байгаль хамгаалагчид буюу цөлжилттэй тэмцэгчид өглөө нар ургахтай зэрэгцэн ажилдаа гарцгаажээ. Халуун нар шарахаас өмнө хашаалсан талбайдаа очиж, ургаж байгаа моднуудаа арчилж тордох, усалж ургуулах, шинээр суулгац тарьж байв. Биднийг Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Даржаа тосож авч уулзлаа. Түүнтэй мэнд мэдэлцээд шууд л хийж байгаа ажлыг нь асуулаа. Тэрбээр “Элсний нүүдэл хэд хэдэн шалтгааны улмаас болдог юм байна. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Үүнээс болоод цөлжилт маш хурдацтайгаар нэмэгдэж байна. Мөн хүмүүсийн байгальдаа буруу хандаж байгаа нь цөлжилтийг бүр ч их хурдасгачихлаа. Манай нутаг түлэх түлээ муутай газар юм. Үүнээс болоод говийн харганыг машин машинаар нь түүж ирээд өвөл, хавартаа түлдэг байлаа.

 

Гэтэл говийн харгана, мод чинь цөлжилтийг зогсоож, элсийг өөр дээрээ хураагаад цааш нь явуулахгүй гагнаад үлдчихдэг байсан юм байна. Гэтэл харгана байхгүй болчихсон чинь элс тэр чигтээ, нүүж урсаад ороод ирж байгаа юм. Энд өдөр бүр элсний нүүдэл болж байна. Ингээд цөлжиж, хүн мал амьдрах аргаггүй болтол элсээр дарчихаад байх юм. Ямар сайндаа элсний нүүдлийн угтуулж хашаалаад мод, бут сөөг тариад зогсож байх вэ дээ. Гэхдээ элс нүүж байгаа хэсгийн захыг хашаалчихаар нүүдэл нь зогсчихдог юм байна. Бүр чихэр өвс, суль, сульхирын тариа хүртэл ургаад, энэ хавь ногоон төгөл болчихоод байгаа нь энэ. Хэдэн жил тасралтгүй ингээд ноцолдчихвол сумынхаа төвийг элсэнд даруулчихгүй авч үлдэж чадах юм шиг л санагдаад байгаа юм даа” хэмээн ярив.

“ТАРЬСАН СУУЛГАЦ ЭЛСЭНД ДАРАГДААД ХОНОНО. БИД ЭЛСИЙГ НЬ ЦЭВЭРЛЭЭД СУУЛГАЦАА ИЛ ГАРГАНА. МАРГААШ НЬ ДАХИАД Л ЭЛСЭНД ДАРАГДЧИХСАН БАЙДАГ”

Биднийг ийнхүү ярилцаад талбай дээгүүр алхаж явтал 50 эргэм насны эрэгтэй “Өө ямар баларсан юм бээ. Нөгөө хэдэн модыг чинь урд шөнийн шуурга дарчихсан байна шүү дээ. Овоо хөөрхөн нахиалчихсан байсан юм” гээд л дуу алдаад явчихлаа. Дөрвөн байгаль хамгаалагч өдөр бүр ийнхүү хурц наранд, илч төөнөсөн халуун элсэн дунд ажилладаг ажээ. Ингээд элсэнд дарагдсан тод, бут, сөөгөө аврах ажиллагаа эхэлдэг юм байна. Арав гаруй метр газрын элсийг гараараа, хүрзээр ухаж гарлаа. Гэтэл доороос нь тод гараад ирэх ажээ. Энгийн бид эхлээд бол битүү элстэй газар юм байна гэж харахаар байсан юм. Гэтэл элсийг нь ухаад байхаар тарьсан мод гараад ирэх ажээ. Ийнхүү тарьсан модоо элсэн дундаас тэмтчиж олоод тогоолж ухсан хэсгээр гараараа элс ухаж, самардсаар байх.

Энэ талаар байгаль хамгаалагч Б.Мөнх “Элсний нүүдэлтэй бид тэмцээд л байгаа. Модны үрийг хүлэмжид суулгаж байгаа юм. Арчилж тордсоор байгаад төө хэртэй болтол нь ургуулна. Дандаа говьд ургадаг модны үрийг тарьж, суулгац бэлдэж байгаа юм. Ингээд талбай дээрээ суулгана. Тэр цагаас хойш элсний нүүдэлтэй үзэж тарж байгаа юм. Үр байхаас нь ургуулсан суулгацаа элсэнд даруулчихгүй нэг жил болчихвол тэр хавь нэлэнхийдээ ногоороод төгөл бий болчихдог. Тэр болтол нь бид өглөөнөөс үдшийн бүрий болтол элсэн дээр ажиллана. Хашаалсан талбайд ургасан харганы элсийг зайчилж холдуулахаас эхлээд модоо усална. Суулгацынхаа тогоог цэвэрлэх гэж ярьдаг юм. Шөнө элсээр шуураад нөгөө хэдэн модыг юу ч харагдах аргагүй болтол нь элсээр дарчихна. Өглөө ирээд модныхоо элсийг ухаж гаргана. Маргааш нь дахиад л элс дарчихсан байна. Цөлжилттэй тэмцэнэ гэдэг тийм амархан ажил биш. Тэсвэр тэвчээртэй хүмүүсийн хийдэг ажил. Гүрвэл гүйсэн халуун элсэн дээр өдөржин бөгтийгөөд суух хамгийн хэцүү. Доороос халуун элсний элч төөнөөд даралт ихсээд байдаг юм” хэмээн яриад хэсэг санаа алдлаа.

 

 

Гэхдээ тэр таван жил элсний их нүүдэлтэй тэмцэхдээ ганц ч өдөр шантарч үзээгүй гэнэ. Учир нь, өөрийнхөө төлөө бус ирээдүйн төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө хичээсэн зүтгэл нь ногоон төгөл болж ирнэ гэдэгт итгэдэг учраас өдөр, шөнөгүй цөлжилттэй тэмцэж байгаа юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд, өнөөдөр, цаашид хийх их үйлсийн минь хариуд 30 жилийн дараа Хөхморьт сум говь, хангай хосолсон сайхан нутаг болно гэж итгэдэг юм. Миний ач, зээ, түүний хүүхдүүд ойн модон төгөл дунд салхилаад сууж байхын төлөө би энэ насаа дуустал тэмцэхээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Хөхморьт сумын хүүхэд, багачуудын төлөө бид шантрахгүйгээр, ажрахгүйгээр ажилласаар л байх болно. Өдөр бүр үүрийн 05:00 цагт сэрчихээд “Шөнө салхилж хоносон болов уу. Өчигдөр өглөө тогоолж, суулгасан мод байгаа болов уу” гэж боддог. Эсвэл шөнөжин салхилаад хонохоор “Ид шидтэй, эсвэл бэрд болоод энэ салхийг, шуургыг зогсоочих юм сан” гээд нойр ч хүрдэггүй юм аа. Хашаалсан талбай дээрээ өдөржин, шөнөжин л байж байвал санаа амардаг. Цөлжилтийг зогсооход иргэн оролцоо хамгийн чухал. Дээрээс нь сэтгэл гэдэг зүйл чинь гуйлгахгүйгээр гарахаараа амьтай бүрийг л амьдруулдаг даа” хэмээн ярьсан юм.

50 ХЭМИЙН ХАЛУУНД АЖИЛЛАГСАД

Байгаль хамгаалагчид цөлжилтөд нэг өдөр ялагдаж, маргааш нь ялсаар байна. Говийн нар улайсан зуух шиг л төөнөнө. Тэр тусмаа элсэн дээр 50 хэм хол давж хална. Тэд уйгагүй ажиллагааны үр дүнд 30 гаруй га талбай ногоорч, мод, ургамал ургаад цөлжилт зогсжээ. 30 га талбайгаас залгаад 24 га талбайг хашаалчихаад өглөөнөөс үдшийн бүрий болтол элсний нүүдлийг зогсоохын төлөө тэмцэж байна. Элсэнд дарагдсан модоо гаргаж ирсний дараа усалгааны ажил эхэллээ. 20 тоннын сав дүүрэн ус нөөцөлж байгаад талбайг тэр чигт нь услав. Хашаалсан талбайн нэг хэсэгт харгана ургаж, дэлхийд нэн ховордоод байгаа чихэр өвс бүрхэн ургасан байлаа. Мөн сулийн тариа үелж ургажээ. Харин хашааны урд хэсгээр элсэн манхан хамарлаж, дүнхийж байлаа. Элсний нүүдэл хашаанд тулж зогсоод, ТЭНДЭЭСЭЭ УРАГШАА НҮҮДЭЛЛЭЖ БУЙ НЬ ЭНЭ АЖЭЭ.

ШОРОО БИТГИЙ ШУУРААСАЙ

Байгаль хамгаалагчид “Бид цалин аваад ажиллаж байгаа. Уг нь биеэ зовоохгүй байх боломж бий. Гэхдээ үр хүүхэд хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө, нутгийнхаа газрыг элсэнд даруулчихгүй юм сан гэсэн бодол биднийг энд хөтөлж авчирдаг. Хүүхдүүд минь үр хүүхдээ хэдэн жилийн дараа дагуулж ирээд “Манай сум энд байдаг байлаа. Элсэнд дарагдчихсан юм” гээд элсэнд манхан үзүүлэлттэй биш. Тийм эмгэнэлт ирээдүйтэй нүүр тулахгүйн тулж бид өдөр бүр энэ ажлыг хийж байна. Элсний нүүдлийг зогсоох ажил хийж байгаа гэхээр хүн бүр л шоолж, гайхдаг юм. Ямар ч байсан ажлынхаа үр шимийг эхнээс нь үзээд л байна даа” хэмээн бидэнд ярьсан юм.

Элс нүргэлээд л хүнгэнэн нүүдэг юм байна. Сөөм сөөмөөр өмнөх газраасаа “идсээр” битүү элсээр бүрхчихдэг юм байна. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын дуунд мөнхөрсөн Эрээн нуур, Сангийн далай жилээс жилд элсэнд “идэгдэж” жижгэрсээр байгаа гэсэн. Нутгийн иргэд тэр тусмаа байгаль хамгаалагчид “Битгий л хүчтэй салхилж, шороогоор шуураасай билээ” гэсэн ганцхан хүсэлтэй юм билээ.

Элсний их нүүдэл, цөлжилтийг зогсоох эх зориг байгаль хамгаалагчдад л бий. Тэдний хэдэн га талбайд тарьсан бут, нялх ургамал Хөхморьт сумыг цөлжилтөөс аврахаар тэдэнд цуг суга суга ургасаар эцэстээ мөчрөө даахгүй болтлоо бөхийгөөсэй хэмээсээр бидний сурвалжилга өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!