Шагчид АИ-92 шатахууныг 5000 төгрөгөөр зарж, ганц шөнийн дотор 13 сая төгрөгийн цэвэр ашиг олж иргэдийг мөлжиж байна

-Хотын төвөөр шөнийн 02:00 цагт 4.5 тоннын багтаамжтай запровшикт дүүрэн шатахуун аччихсан шаглаад явж байна гэвэл итгэх үү. Ингэхдээ бүр цагаандаа гарчихсан, нэг литр нь 2050 төгрөгөөр зарагддаг АИ-92 шатахууныг 5000 төгрөгөөр шаглаж байна-
Шагчид цахим орчинд “АИ-92 шатахуун жижиглэнгээр болон бөөнөөр зарна” гэх зар тавьж, утасны дугаараа үлдээж, захиалга авах байдлаар шагийн бизнесээ явуулдаг аж. Эргэлт.мн мэдээллийн сайтын “Нууц дуран” шатахууны шагчдын цахим орчинд байршуулсан 888141.. гэх утасны дугаараар нь холбогдож дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид олон нийтийн цахим сүлжээнд “Шатахуун зарна” гэж хайлт хийж үзэхэд олон илэрц гарч ирж байна. Тухайн илэрцүүдээс бид “Дизель түлш, АИ-92 шатахуун жижиглэнгээр болон бөөндөж зарна” гэх зарыг сонгож, 888141.. дугаарын утсанд холбогдсон юм. Тэгтэл “Мөнгө чинь байвал хэд бол хэдэн л литрээр авч болно, хангалттай шатахуун байгаа. Хүргэж өгч болно, эсвэл ирээд ав” гэж байна. Бид очиж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хаана очихоо лавлавал “Сансар орчимд олон захиалга байна. Хүрээд ир. Саваар авах бол ус, тосгүй цэвэрхэн савтай ирээрэй” гэж байна.
Бид дуудсан газарт нь буюу Сансарын уулзварт явж очвол таван машин тойруулж зогсоогоод ээлжлэн шатахуун шахаж байх аж. Тухайн автомашинууд бүгд л банкаа дүүргүүлж, тэр байтугай 20 литрийн канистрт шахуулан авч байх аж. Төд удалгүй шагчид тэндээсээ хөдөлж, бид ч тэднийг сэм дагатал Чингис зочид буудлын өмнө явж очиж зогсов. Тэнд зургаан машин хүлээгээд зогсож байх аж. Шагчид шатахуун авах захиалга өгсөн жолооч нарыг өөр өөр газар цуглуулж, өөрсдөдөө ойр газраасаа эхлэн түгээлт хийдэг юм байна. Сансарын уулзвар, Чингис зочид буудал гэх хоёр байршилд очиж, цагийн дотор нийт 12 машины банкийг дүүргэж өглөө. Нэг автомашин нь 40 литр шатахуун авсан, нэг литр нь 5000 төгрөг гэж тооцвол 2.400.000 мянган төгрөгийг ердөө цагийн дотор л олсон гэсэн үг.
Бид хотын төвөөр, шөнийн цагаар ил цагаан шатахууны шаг хийж яваа энэхүү запровшик ямар компанийн машин болохыг судалж үзэхэд “Хармаг хулан” ХХК-ийнх юм байна. Улсын бүртгэлд Хорлоо Бака, Хорлоо Биньяа, Бака Баасанхүү гэх нэг гэр бүлийн гурван хүний эзэмшид бүртгэлтэй байдаг аж. Тус компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, автомашины засвар үйлчилгээ, талх нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Гэсэн атлаа ахуйн нэгжүүдэд дизель түлш, АИ-92 шатахуун бөөндөх, зуучлах, тээвэрлэж өгөх үйлчилгээ явуулж иржээ.
Бяцхан тоо бодож үзье. Тэд нэг шөнийн дотор л 4.5 тонн шатахууныг нэг литрийг нь 5000 төгрөгөөр зарсан гэхээр 22 сая 500 мянган төгрөгийн орлоготой ажилласан гэсэн үг. Тэгвэл цэвэр ашгийг нь тооцож үзье. АИ-92 шатахууны зах зээлд одоо зарагдаж байгаа энгийн үнэ 2050 төгрөг буюу 4.5 тонн нь 9 сая 225 мянган төгрөг болно. Харин тэд 4.5 тонн шатахууныг нэг литрийг нь 5000 төгрөгөөр буюу 22 сая 500 мянган төгрөгөөр зарсан гэхээр даруй 13 сая 275 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа гэсэн үг болж таарч байна.
Улсаараа шатахууны эрэлд хатаж дөрөв хонолоо. Шар гэрэл нь анивчсан автомашинтай жолооч нар шатахуун түгээх станцуудын үүдэнд хэдэн зуугаараа оочерлож, зарим нь шатахуун нь дууссан автомашинаа түрж, чирч, ачиж шатахуун түгээх станцын дэргэд аваачиж байна. Гэтэл шатахуун импортлогчид, жижиглэнгийн шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд, түгээгч нар, шатахуун түгээх станцад танил талтай хэсэг бүлгийнхэн ийнхүү хомсдол үүссэн энэ хэдэн өдрүүдэд шагийн бизнесээ цэцэглүүлж амжлаа.