Нийгэм

БШУЯ: Оюутанд халдварын шинж тэмдэг илэрсэн бол танхимын хичээлд суух ёсгүй

“Оюутнууд халдвар авсан байсан ч хичээлдээ явах нь аргагүй юм байна. Багш нар оноог чинь нөхөж өгөхгүй гэж байна. Ковид туссан нь миний буруу л даа. Гэхдээ өвчтэй гээд муу дүн авмааргүй байна. Хичээлдээ яаж ийгээд л явна даа. Бусдыгаа бодоод очмооргүй байгаа ч өөрийн хичээл сурлагаа бодоод би өвдсөн ч хичээлдээ очно” гэх бичвэрийг цахим орчинд нэгэн сургуулийн оюутан бичсэн байлаа.

Их дээд сургуулийн оюутнууд халдвар авсан тохиолдолд тусгаарлалтад орж байгаа эсэх, түүнд тавих хяналт ямар байгаа талаар бид холбогдох албан эх сурвалжуудаас тодрууллаа.

 

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга С.Должин:
– Оюутан ойрын хавьтал болсон эсвэл ковидын шинж тэмдэг илэрсэн, халдвартай нь батлагдсан бол мэдээж хичээлдээ суух ёсгүй. Харин хичээлээ цахимаар үзэж, багш нараасаа нөхөж авч болно. Яамны зүгээс энэ талаар түр журам боловсруулж, их дээд сургуулийн удирдлагуудад чиглэл өгсөн. Бид ЭМЯ-тай хамтран халдвар авсан оюутнуудын тоон мэдээллийг яг одоо нэгтгэж байна.

МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн:
– Манай сургуулийн зүгээс халдвартай оюутан хичээлдээ заавал суух ёстой гэсэн журмыг огт гаргаагүй. Хэрэв халдвартай нь батлагдсан бол шинжилгээний бичгээ үзүүлээд цахимаар хичээлээ үзэх бүрэн боломжтой. Халдвар авсан нийт оюутны тоог нарийн мэдээлэх боломжгүй байна. Учир нь хувь хүний мэдээлэл учраас халдвар авснаа хэлэхгүй, нуух тохиолдол их байна.

Холбогдох албаныхан дээрх мэдээллийг өгч байна. Мөн бид МУИС-ийн дотуур байранд тусгаарлалтад байгаа, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн оюутантай холбогдож бодит нөхцөл байдлын талаар тодрууллаа.

ОЮУТАН: СЕМИНАРЫН ХИЧЭЭЛИЙГ ӨӨРӨӨ ТУРШИЖ, БУСАДТАЙГАА ЯРИЛЦАЖ ХИЙДЭГ УЧРААС НӨХӨХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ

– Та ямар учраас тусгаарлалтад ороод байна вэ?
– Энэ сарын 22-ны өдөр оюутны байрны өрөөнд хамт байдаг охины маань шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс намайг ойрын хавьтал болсон гэж үзсэн ч халуун үзэж, шинжилгээ авалгүй тухайн өдөр шууд өөр дотуур байр руу шилжүүлсэн. Шилжиж очсон байрны өрөөнд надаас гадна гурван охин байсан ба мөн л над шиг ойрын хавьтал болсон байсан. Халдвар авсан, аваагүй, ойрын хавьтал болсон гээд бүх хүүхдийг дөрөвдүгээр давхарт эхлээд хамт байлгасан.

Энэ байранд халдвар авсан болон ойрын хавьтал болсон гээд 300 гаруй хүүхэд бий. Бид мэдээж нэг гал тогоо, 00-ын өрөө ашиглаж байгаа учраас эрүүл байсан ч энд ирээд халдвар авсныг үгүйсгэхгүй. Эрүүл болон халдвартай хүүхдүүдийг хамт нэг давхарт байлгаж байгаа талаар удирдлагуудад гомдоллосны эцэст ойрын хавьтлуудыг доод гуравдугаар давхар руу шилжүүлсэн. Харин онош нь батлагдсан, халдвартай оюутнуудыг тус байрны дөрөвдүгээр давхарт байлгаж байгаа.

– Танд халдварын шинж тэмдэг илэрсэн үү?
– Ойрын хавьтал болоод өөр дотуур байранд шилжиж ирэхэд надад шинж тэмдэг байгаагүй. Гэтэл хоёр хоногийн дараагаас миний хоолой хөндүүртэй босож ирсэн. Шинжилгээ өгтөл сөрөг гэж гарсан болохоор эмч надад ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй. Одоо толгой өвдөж, ханиалгах, хамар битүүрч нус гоожсон шинж тэмдэгтэй байна. Өнөөдөр шинжилгээ аваад эерэг байвал дээшээ дөрөвдүгээр давхар руу шилжүүлнэ гэсэн. Эмч ирэхийг хүлээж байна.

20 мянга гаруй оюутантай сургуульд хичээл эхлэхэд мэдээж халдварын тохиолдол ихсэх, тэр дундаа дотуур байрнаас халдвар илрэх нь тодорхой байсан, энэ талаар удирдлагууд мэдэж л байсан байх. Тиймээс аль нэг дотуур байраа тусгаарлах байр болгож бэлдээд хоосон байлгах эсвэл аль нэг давхрыг нь урьдчилаад бэлдэх боломжтой байсан. Гэтэл эрүүл, халдвартай оюутныг хольж эрсдэлийг улам нэмэн, энэ байранд амьдрахаар төлбөрөө төлж, анхнаасаа байсан хүүхдүүдийг ч давхар хохироож байна.

– Тусгаарлалтад байгаа учраас хичээлдээ хэрхэн хамрагдаж байна вэ?
– Лекцээ цахимаар үзэж байна. Харин семинарын хичээлээ яах аргагүй үзэж чадахгүй байна. Багш нартаа учир байдлаа хэлэхэд ирцийг өвчтэй гэдгээр тавьж болох ч хичээлийг дараа нь нөхөх боломжгүй гэдгийг хэлж байна. Семинарын хичээлийг өөрөө туршиж, багш болон бусадтайгаа ярилцаж байж хийдэг учраас нөхөх боломжгүй. Ер нь оюутнуудыг лекц, семинарын хичээлээ танхимаар ч, онлайнаар ч үзэх боломжтой гэсэн сонголтыг анхнаасаа өгсөн бол бидэнд илүү хялбар байх байсан. Гэтэл тийм зүйл байхгүй байгаа нь харамсалтай.

– Оюутны байранд байгаа халдвартай болон ойрын хавьтал болсон хүүхдүүдийг гарч, ороход хяналт тавьж байгаа хүн бий юу?
– Байхгүй. Гэхдээ бид зөвхөн хоолоо хийж идэхээр гал тогоо, 00 орох гэх мэтээр давхартаа л өрөө өрөөнөөсөө гарч байна. Гэтэл гадуур нэгдүгээр хавьтал болсон хүн бүр өөрийгөө үнэнчээр тусгаарлахгүй байгаа шүү дээ. Миний шинжилгээ эерэг гараагүй учраас ямар нэгэн эмчилгээ эхлүүлээгүй. Гэхдээ би өөрийн биеийн байдал, шинж тэмдгээ ажихад халдвар авсан байх гэж таамаглаж байна. Халуун цай, аарц ууж өөрийн дархлаагаараа л дарахыг эрмэлзэж байна даа.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та хурдан эдгээрэй.

Ойрын хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн болон онош батлагдсан бол та хариуцлагаа ухамсарлаж өөрийгөө тусгаарлахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Тиймээс ойрын хавьтал болсон, хөнгөн өвдсөн бол өөрийгөө тусгаарлан ажиглаж, эмчилж, бусдыгаа эрсдэлд оруулалгүй, ухамсартай байхыг зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!