Нийгэм

Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг гуйж нүүрсэнд явуулжээ. Гэтэл…

Иргэндээ ээлтэй, ард түмэндээ хэрэгтэй шийдвэр гаргах нэн шаардлагатай болоод байна шүү!!! Эрхэм дарга нар минь…

Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг гуйж нүүрсэнд бичиг баримтаа өгөөд явуулжээ. Залуу хэдэн цаг даарч хөрөн очерлож байгаад нормын 3 шуудай шахмал түлшийг нь авч өгөх гэтэл заавал өөрийн биеэр ир гэж загнаад буцаад явуулсан байх юм. Юу гэсэн үг вэ?!

Хятадад гуйж гувшаад ч зарж чаддаггүй нүүрсээ иргэдээсээ харамлав. Монголын иргэд шуудай нүүрсэн дээр шөнөжин очерлодог, бас нүүрсний талон авдаг, тэрийг нь хороон дарга зөвшөөрч олгодог, бас болоогүй настай, хөл муутай хүнийг заавал өөрийн биеэр ирж ав гээд даналзаж суух! Ингэж засагладаггүй байх аа.

Өвөл болохоор хүйтэн болдог нь тодорхой байхад зуны зургаан сар бэлдэж байхгүй юугаа хийсэн юм бэ? Нөгөө нам нам гэж гүйсэн жижиг том дарга нарт хүнээ бодох, ажлаа явуулах мэдлэг чадвар, сэтгэл байна уу?

Одоо тэгээд шийдэл нь юу вэ?
Гаргасан шийдвэр болгон нь асуудал дагуулж байдаг аа болих хэрэгтэй байна. Хөлдөж үхэлтэй биш, даарч хөрснөөс корона нь ч гаарчихна. Иргэндээ ээлтэй, ард түмэндээ хэрэгтэй шийдвэр гаргах нэн шаардлагатай болоод байна шүү!!! Эрхэм дарга нар минь…

Миний сайхан Монгол очерын орон билээ
Яагаад Монголын үйлчилгээ бүхэн иргэдээ очерлуулж, дугаарлуулж, амьдралын хором мөч бүрээс нь хумсалдаг юм бэ? Амь насаа аварч, эрүүл мэндээ хамгаалахаас эхлээд энгийн хэрэгцээгээ хангах хүртэлх бүх үйлчилгээ очер дугаартай. Дээхнэ үед мах, сүүндээ очерлодог байсан бол одоо төрийн үйлчилгээнд бас түлшиндээ. Зарим хүн насаараа л очерлолоо гэж гомдоллох, хошигнохын завсар ярьж байгаа ч үнэндээ цөхрөл шүү дээ.

Шахмал түлшинд очерлов
Одоо харин нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшинд очерлож байна. Энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн 40 цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Гэвч энэ үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасангүй, мөн л уртаас урт очер дараалал үүсгэлээ. Хүйтэн сэрүүний улирал ирэх нь тодорхой байхад ядаж иргэдээ гал хөсөөр нь хясаж боохгүй байх юмсан. Хүнд хэрэгтэй, шаардлагатай үйлчилгээ хүртээмжтэй байсан бол хэн очерлож, цаг заваа барахыг хүсэхэв дээ!

Шинжилгээнд очерлов
Коронавирусийн халдвар дэгдэж, бидэнд бас нэг шинэ очер үүсэв. Эхэндээ хөдөлгөөн бүхэн ПСР шинжилгээ шаардаж, иргэд шинжилгээний цагт хэдэн зуугаараа очерлож байв. Эмнэлгээс үйлчилгээ авах, ажилдаа очих, хөдөө гадаа явах гээд үйлдэл бүхэн сөрөг гэсэн хариу шаардаж, бид өнөөх л заншлаараа очер дугаарын зовлонг амссан. Одоо шаардах шалтгаан багассан ч шинжилгээний цаг очер дугаартай хэвээрээ л байгаа. Эмнэлгийн оронд очерлов Коронавирусийн халдвар авсан бүхэн эмнэлэгт хэвтэх боломжгүй гэдгийг ухамсарласан иргэд аль болох эмнэлэг явахгүй, гэртээ өөрийгөө эмчлэхийг хүсч байгаа. Гэвч эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай олон хүн бий. Тэд мөн л эмнэлгийн ор хүлээн очерлож байна. Хэзээ эмнэлгээс дуудах бол гэсэн хүлээсэн дунд биеэ дордуулчихгүйн төлөө хичээж байна.

Шатахуунд очерлов
Асуудал мундсан мэт шатахуун бас нэмэр дээр нэрмээс болов. Шатахууны хомстол үүсэх нь, үнэ нэмэгдэх нь гэсэн сургаар очерлож дугаарладаг нийслэлчүүд энэ удаа жинхэнээсээ хомстолыг мэдэрлээ. Замын нэгдүгээр эгнээг хааж, өдөржин шөнөжин шатахуунд очерлолоо. Машиныхаа банкийг дүүргэх бус 30 мянган төгрөгийн лимиттэй шатахуун авахын төлөө зарим нь бүр зодолдож байв. Импортлогч орны зовлонг иргэд нь ч амслаа. Орос, Хятадаас ирэх шатахууныг цувааг харж баярладаг цаг ирэх гэж.

Торгуулиа төлөх гэж очерлов
УИХ-ын баталсан Өршөөлийн хуульд хамрагдахын тулд иргэд хэдэн өдөр очерлож байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлчихвөл үлдэгдэл нь Өршөөлийн хуульд хамрагдан, хүчингүй болох учиртай. Энэ өршөөлд хамрагдахыг хүссэн иргэд банкинд очерлон дугаарлаж өдрийг барж байна. Аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг монгол зан цахим системийг нь бүрэн гацааж, очерлож дугаарлахаас өөр аргагүй нөхцөлийг үүсгэлээ. Ээ дээ, монгол хүний зан, монгол төрийн үйлчилгээ, хэцүү дээ, хэцүү.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!