Нийгэм

Б.Батзаяа: “За одоо ч Батзаяа бараг мартагдсан даа. Хүмүүс намайг санаатай болон санамсаргүй байдлаар мартдаг юм шиг байна”

Б.Батзаяа: “За одоо ч Батзаяа бараг мартагдсан даа. Хүмүүс намайг санаатай болон санамсаргүй байдлаар мартдаг юм шиг байна”

Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяаг Монголд танихгүй хүн гэж үгүй. Харин мартсан хүмүүс байж магадгүй. Учир нь, тэрээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй юм. Мөн мандаж явахад нь тахин шүтчихээд, эвгүй гишгэж алдахад нь зайгаа барьдаг монголчуудын муухай зан түүнийг тойрсонгүй. Гэхдээ ингэлээ гээд тэр “Гомддоггүй, бас туулсан амьдралдаа харамсдаггүй” хэмээн инээмсэглэж явна. Хэд хоногийн өмнө түүнтэй гудамжинд таарахад ярилцлага авах саналыг минь хүлээж авсан юм. Өдгөө 61 настай гавьяат жүжигчин маань тухайн үед “Саяхан өвөө боллоо” гээд их л баяртай явж байлаа. Бид товлосон ёсоороо уулзаж ярилцсанаа хүргэе.

 

Таны бие сайн уу. Ярилцлага хийх саналыг минь хүлээж авсанд баярлалаа.

Бие тэнхээ давгүй ээ. Тал харваснаас үүдэлтэй саажилт гайгүй болоод л байна. Таягаа хаячихсан. Ганцаараа гадуур гараад алхдаг болсон. “Хөдөлгөөн сайн хийвэл саажилт арилна” гэж эмч нар зөвлөсөн. Өтөлсөн болохоос үхсэн биш гээд өөрийгөө зоригжуулаад хөдөлгөөнтэй байх гэж хичээж л байна. Оюун санааны хувьд бол асуудалгүй.

Та хэдэн онд ийм болчихов оо?

Жил зургаан сарын өмнө. Хажууд байгаа хүн маань санаа тавьж, сайн асарч байгаагийн буянд богино хугацаанд сэргэсэн.

Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?

Хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байгаа.

 

Тантай анх таарахад “Саяхан өвөө болсон” гэж байсан. Нэлээд хожуу өвөө болж байх шиг байна. Хэдэн насандаа өвөө болов оо?

Би чинь 1958 онд төрсөн хүн. Манай бага хүү хүүхэдтэй болж, би 61 насандаа өвөө боллоо. Миний үеийнхэн бүгдээрээ аль эрт ач зээгээ үзчихсэн байх. Харин би нэлээд хожуу ачаа үзлээ.

61 гэдэг чинь та жилийн өмнө тэтгэврийн насанд хүрсэн юм байна. Тэтгэврээ тогтоолгосон уу?

Тогтоолгоогүй. Сард 280 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм билээ. Одоо тал харвасан гээд 310 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Хэрэв тэтгэвэр тогтоолговол тэтгэмжээ авахаа болино. Давхцуулж олгодоггүй хуультай юм байна. Тиймээс тэтгэвэр тогтоолгохгүй, тэтгэмжээ аваад явсан нь ашигтай гэж үзсэн.

Та биеэ өвдөхөөс өмнө ямар уран бүтээл хийж байв?

Сумдаар явж тоглолт их хийсэн. Урлаг соёлынхон тэр болон суманд очиж тоглоод байдаггүй учраас би зориуд сумдаар явж тоглосон. Биеэ өвдөхөөс өмнө гурван жилийн хавар, намарт дандаа сумдаар явсан. Нэг явахдаа 60 хоногоор явдаг байлаа. Суманд амьдарч байгаа иргэд их сайхан хүлээж авдаг. Ер нь манай ард түмний зочломтгой зан чанар хөдөө амьдарч байгаа хүмүүст л хадгалагдаж байна шүү дээ. Төвлөрөх тусмаа аливаа юм бохирддог юм шиг санагддаг.

Таныг жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?

Би их сониуч, юм болгоныг сонирхдог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хүмүүс “Энэ чөтгөр шиг адтай хүүхэд шүү. Хаа сайгүй л гүйж явах юм” гээд өхөөрддөг байлаа. Миний төрөлхийн энэ зан чанарууд жүжигчин болоход нөлөөлсөн байх. Бас миний хөгшин ээж нөлөөлсөн. Миний хөгшин ээж их хурдан хөдөлгөөнтэй, хүмүүстэй их нийтэч хүн байлаа.

 

Та хамгийн анх “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон уу?

Тэгсэн. 10 жилийн сургуулиа төгсөөд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элссэн зунаа тоглосон. Намайг кино драмын ангид шалгалт өгч байх үед найруулагч Д.Жигжид гуай олж харсан юм шиг байгаа юм. Удалгүй надад кино пробонд орох санал тавьсан. Монгол кино үйлдвэрт очиж пробонд орсон чинь “Тэнцлээ. Маргааш хөдөө явж кинонд тоглоно. Аав, ээждээ хэлээрэй” гэдэг юм байна. Ингэж л анх кино үйлдвэрт хөл тавьж байлаа. Зөрсөн жүжигчин бүрийг гайхаж хараад л мөрөөдлийн ертөнцөд ирчихсэн юм шиг санагдаж билээ.

Та чинь Улаанбаатар хотод төрж, өссөн биз дээ. Гэнэт хөдөө очоод кинонд тоглоход хэцүү байв уу?

Манайх Төв аймгийн Лүн суманд гурван жил болсон юм. Тиймээс хөдөөгийн амьдралыг ерөнхийд нь мэднэ л дээ. Малтай ч яаж харьцахаа мэддэг байсан учраас кинонд тоглоход хүндрэлтэй зүйл тохиолдоогүй.

Ганцхан кинонд тоглоод л үеийнхэн дундаа од болсон уу?

Тэр үед одоогийнх шиг нэг киноны гол дүрд тоглоод өөрсдийгөө од боллоо гэж боддоггүй байлаа. Хүмүүс ч тэгж хүлээж авдаггүй байсан. Гэхдээ хүмүүс таньдаг болсон л доо. Анх кинонд тоглоод авсан цалин гэрийнхнийг маань маш их баярлуулсан.

Хэдэн төгрөгийн цалин авсан юм бэ?

Д.Жигжид гуай миний цалингаас надад таван төгрөг гаргаж өгөөд бусдыг нь костюмны дотор талын халаасанд хийгээд хувцас, жижиг хэрэглэл хариуцсан Самдан эгчээр битүүлж оёулаад “Гэрийнхэндээ аваачиж өгөөрэй” гээд явуулсан. Замдаа цалингаа хаячихаж магадгүй гэж бодоод тэгсэн биз. Гэртээ харьсан чинь аав, хөгшин ээж хоёр маань миний костюмны халаасыг задлаад 3500 төгрөг байхыг хараад их гайхсан. Аав бүр итгэхгүй Д.Жигжид гуайгаас асууж байсан санагдаж байна. Ингэж л анх удаа гэр бүлийнхэндээ тус дэм болж байлаа.

 

Цалингаа юунд зарцуулсан бэ?

Тухайн үед Румын мебель гэж байлаа. Манайх тэр мебель тавилгаас хоёр ор, нэг сервант авсан. Бас аав маань ойр хавийнхаа хүмүүсийг дайлж цайлсан.

Хөгшин ээж гэдэг нь таны эмээ юү?

Тийм. Миний ээж 13, 22 дугаар сургуульд ажиллаж байсан багш хүн байлаа. Ээж маань 35 насандаа бурхан болсон. Түүнээс хойш аав, хөгшин ээж хоёр маань манай дүү нарыг өсгөж хүмүүжүүлсэн.

Та ээжийгээ бурхан болоход хэдэн настай байсан бэ?

13 настай байсан.

Таны аав юу хийдэг хүн байв?

Манай аав малын эмч хүн байлаа. Аав маань 62-тойдоо бурхан болсон. Аавыгаа бурхан болоход дэргэд нь байж чадаагүй. Нэг орой тоглолтоо тараад аавдаа хоол аваад эмнэлэг дээр очтол аав минь өнгөрчихсөн байсан.

 

“Мартагдашгүй намар” кинонд та оюутан байхдаа тоглосон уу?

Хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглосон. Найруулагч хүмүүс байнга дүрээ хайж, ажиглаж явдаг юм шиг байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагч киноныхоо зохиолтой танилцаад намайг шууд Отгоны дүрд тоглуулна гэж бодсон гэсэн. Оюутан байхдаа хоёр ч уран сайхны кинонд тоглосон нь л би болохоос манай ангийнхан бүгд мундаг уран бүтээлчид болсон. П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Н.Бямбацогт, А.Цэгмэд, Т.Карма гэх мэт алдартай жүжигчид төрсөн. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү гэсэн хоёр сайхан багш манай ангийг дөрвөн жилийн хугацаанд дааж сургасан.

Таныг хүмүүс сурагч байхдаа “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон гэж боддог байх. Гэтэл 10 жилийн сургуулиа төгсчихсөн байжээ.

Жижигхэн биетэй байсан болохоор магадгүй тэгж боддог байх. Би чинь 16 настайдаа 10 дугаар ангиа төгсөж байлаа. Зургаан настайдаа сургуульд орсон юм. Уг нь тэр үед найман настайд нь сургуульд оруулдаг байлаа шүү дээ. Тиймээс би жижигхэн биетэй оюутан байсан. Кино драм, биеийн тамирын анги нэг факултет байсан юм. Лекцэнд суухдаа заримдаа улсын начин Д.Адъяатөмөрийн ард суугаад унтаад өгнө. Тийм л жижигхэн оюутан байлаа.

Та Хүүхэд, залуучуудын театраас ажлын гараагаа эхэлсэн үү?

Тэгсэн. Манай театрын суурийг Цагааны Цэгмид гуай тавьсан гэж үздэг юм. Намайг ажиллаж эхлэх үед Гадаад харилцааны яамны урд байж байгаад Хүүхдийн 100-д одоогийн ХААН банкны байр руу нүүсэн. Нэг урлагийн байгууллага устаж банкны барилга болсонд харамсдаг. Та энэ театрт ажилласнаасаа гадна Хошиг урлагийн театрыг байгуулалцсан.

 

Хэдэн онд анх Хошин урлагийн театраа байгуулсан юм бэ?

1989 онд байгуулсан. Хүүхэд, залуучуудын театрт хамт ажиллаж байсан Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Амгалан, Энхбаатар, гэрлийн техникч Хүрлээ нартай хамт театраасаа өрх тусгаарлаж Хошин урлагийн театрыг байгуулж байлаа. Бас гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч бидэнтэй нэгдсэн. Ингэж Хошиг урлагийн театр байгуулагдсан нь орчин цагийн Монголын хошин урлагийн хөгжлийн суурь болсон гэж боддог. Түүнээс хойш олон продакшн байгуулагдаж Монголын хошин урлагийн “тогоо дүүрч, амттай хоолоор бялхан”, үзэгч олондоо таашаагдсан. Би энэ салбарынхныгаа хараад өөрөөрөө бахархдаг.

Тэгэлгүй яахав. Таныг чинь Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэдэг шүү дээ?

Тэгдэг л юм. Гэхдээ “Би загалмайлсан эцэг нь” гээд сүржигнэж явсангүй. Би ер нь сэтгэлийн хөөрөл багатай. Баргийн юманд хөөрөөд, гутраад байдаггүй мужик эр гэж өөрийгөө боддог. 1979-1982 он хүртэл гурван жил цэргийн алба хаасан маань үүнд нөлөөлсөн байх. Миний он жавууд их сайхан хүмүүс бий. Хэн нэгэнд нь өвчин зовлон тохиолдоход бүгд “жагсдаг”. Намайг тал харваад эмнэлэгт хэвтэж байхад бөөнөөрөө эргэж ирээд “Хамаагүй шуугилдлаа” гэж эмнэлгийн ажилтнуудад загнуулсан.

Та урлагийн салбартаа ч олон сайхан найзтай биз дээ?

Сайхан найзууд бий. Гэхдээ гурван жилийн турш байнга хамт амьдардаг учраас онжавууд нэг нэгнээ хэзээ ч мартахгүй, жинхэнэ найзууд болдог. Хэн нь хэн бэ гэдгээ бүрэн гүйцэд таньдаг. Урлагийн найзуудтайгаа байнга уулзахгүй болохоор тэгээд л бүдгэрэх юм байна ш дээ. Холдох тусам хүн хүнээ мартаж, сайхан дурсамжууд бүдгэрэх юм. Зөвхөн найзууд ч биш ах дүү нар ч гэсэн хол хөндий болохоор нэг нэгнээ мартчих гээд байх юм. Ер нь нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс амьд харилцаагүй болж ойр хавьд нь хэн амьдарч байгааг ч анзаарахаа больж. 10 жилийн хугацаанд нэг давхарт хамт амьдарсан айлууд нэгнээ танихгүй байна. Хуучны өв соёл уламжлагдахаа больчихлоо. Гэхдээ үүний бурууг залуучууд руу чихэж болохгүй. Бид уламжлуулах ёстой байсан юм. “Одоогийн залуучуудыг ойлгоход хэцүү боллоо” гэж ярьдаг. Яг үнэндээ хэцүү болгох юмыг нь бид хийсэн. Өв соёл, уламжлал нэг үед тасрахаараа тэр чигтээ тасарчихдаг юм байна.

 

Таны урлагийн салбарын найзуудаас одоо ойр дотно байгаа хүн бий юү?

Бараг байхгүй дээ. Хамгийн ойр байгаа нь хань, зурагт хоёр маань л байна даа. Гэртээ зурагттайгаа хэрэлдээд л суудаг болсон.

Та хэдэн хүүхэдтэй вэ?

Хоёр хүүтэй.

Хоёр хүү нь юу хийж байна?

Бага хүү маань хоёрдугаар курсын оюутан. Том хүү маань Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд ажилладаг. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хятадад айлчлахад миний хүү орчуулагч хийгээд хажууд нь зогсож байна лээ. Хүүгээ зурагтаар харах сайхан санагдсан. “Хүү маань төрд хэрэгтэй хүн болжээ” гээд зөв яваа хүүгээрээ бахархаж суулаа. Энэ жил томилолт аваад явсан юм. Хэдэн жил тэндээ амьдрах байх. Хүүгээ одоо гэр бүлтэй болоосой гэж боддог. Гэхдээ их завгүй ажилтай байх юм. Харин дүү нь ахаасаа түрүүлээд намайг өвөө болгочихлоо.

Та өөрөө эхээс хэдүүлээ вэ?

12-уулаа. Дээрээ гурван ах, дороо есөн дүүтэй.

Таны ах, дүү нараас тантай адилхан урлагийн хүн байгаа юу?

Байхгүй.

Нийтлэлч Баабар гуай та хоёр ах дүү хоёрын хүүхэд гэсэн байх аа?

Тийм ээ, манай аавын төрсөн ахын хүүхэд шүү дээ.

Танаас нэлээд хэд ах уу?

Дөрвөн насаар ах.

 

Баабар ахтайгаа хэр зэрэг ойр дотно байдаг вэ?

Ах дүү хамаатан саднууд учраас бие биедээ тус дэм болоод л явдаг. Би Баабарыгаа их хүндэлж хайрладаг. Зөвхөн би ч бус Монголын ард түмний хайрлаж хүндэлдэг хүний нэг шүү дээ. Гэхдээ би Баабартай хамаатан гээд нэрийг нь бариад явахыг боддоггүй. Өөрөөс нь тусламж дэмжлэг авах тохиолдол бий. С.Батболд хотын даргаар ажиллаж байхдаа надад хоёр өрөө байр өгсөн. Миний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж өгсөн байх. Гэхдээ бас ах маань байртай болоход нэлээдгүй хичээл зүтгэл гаргасан.

Та одоо тэр байрандаа амьдарч байгаа юу?

Тэгж байгаа. Таны ах Баабар бол ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсийн нэг.

Та тухайн үед ахынхаа үйл хэргийг хэр зэрэг дэмжиж байв?

Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт өөрийнхөө хэмжээнд оролцсон. Анхны жагсаал цуглаанд нь оролцож “Урлагийнхан бид үзэл суртлын жад, сэлэм биш” гэж хэлж байлаа. Миний хэлсэн энэ үгийг хүмүүс мартдаггүй юм билээ. Гэхдээ тухайн үед бидний тэмцэж олсон ардчилал одоо биш болсон.

Та 2012 онд Монголын уламжлалын нэгдсэн намаас УИХ-д нэр дэвшсэн байх аа?

Тэгсэн. Би нэг их улстөржөөд байдаггүй ч аливаа зүйл шударга байгаасай гэж хүсдэг. Бас худлаа зүйлийг сонсож, харж чаддаггүй. Тэр утгаараа 2012 оны сонгуульд нэр дэвшсэн.

 

Хаана нэр дэвшлээ?

Баянзүрх дүүрэгт дэвшсэн. Их том тойрог л доо. Сонгогдоогүй ч авсан саналынхаа хэмжээгээр нэлээд хэдэн нэр дэвшигчийг ардаа хийсэн. Ер нь заавал улстөрч хүн бус бүх хүн нийгмийнхээ болохгүй, бүтэхгүй байгаа асуудалд санаа тавьж байх хэрэгтэй. Харамсалтай нь, манайхан одоо арай л дэндүү хувиа хичээсэн зантай болчихож. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд хандах юм. Би 2015 онд УИХ-ын шийдвэрийг эсэргүүцээд Сүхбаатарын талбайд ганцаараа суулт хийж байлаа. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг тухай бүрт нь тэмцэж л байх хэрэгтэй. Худлаа зүйлийг өөгшүүлж болохгүй. Гэхдээ ирээдүй гэрэл гэгээтэй байгаа гэдэгт итгэдэг. Залуучууд зөв амьдрах хэрэгтэй. Ингэвэл ирээдүй илүү сайхан болно. Хүнд алт, мөнгө, эд хөрөнгө, албан тушаал ямар ч хэрэггүй. Энэ хорвоод шалдан ирсэн шигээ шалдан буцацгаана шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүс үүнийг ойлгохгүй юм. Зальтай хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ардчиллыг буруу ашигласаар өнөөдрийг хүрлээ. Үүнд харамсаж явдаг.

Та өөрийнхөө туулж ирсэн амьдралд харамсдаг уу?

Би өнгөрсөн амьдралынхаа тухай бодоод хэзээ ч сэтгэл дундуур сууж байгаагүй. Алдаа оноо, зовлон жаргал гээд бүх л зүйл миний амьдралд тохиолдсон. Ер нь хүн болгоны амьдрал ийм л байдаг шүү дээ. Хэрэв ийм биш байсан бол хүн яаж ухаарч ойлгож, хөгжиж, дэвших юм. Хүн алдаанаасаа суралцаж амьдардаг шүү дээ. Тиймээс би “Өнгөрсөн цаг хугацаанд буруу амьдарч дээ” гэж боддоггүй. Баян ч амьдарч үзлээ, ядуу ч амьдарч үзлээ. Хүний туулах ёстой, дээшээ доошоо хэлбэлзсэн амьдралыг туулсан. Амьдралд харамсах шалтгаан алга. Харин ч би энэ амьдралдаа хайртай. Бурханы оронд буцах болсон ч сэтгэл хангалуун явах болно.

 

Ний нуугүй хэлэхэд, таныг мөрийтэй тоглоомд донтсон гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Та бас “Баян ч амьдарч үзлээ, ядуу ч амьдарч үзлээ” гэж байна. Баянаас ядуу руу шилжих үед яг юу болсон юм бэ?

Намайг хүмүүс мөрийтэй тоглосон гээд л ярьдаг юм. Мөрийтэй тоглодоггүй хэн байгаа юм бэ. Залуудаа мөрийтэй тоглож алдаж, онох үе байх шүү дээ. Би ямар улсын мөнгөөр, эсвэл хүний амьдралыг дэнчинд тавиад тоглочихсон биш. Өөрийнхөө олсон мөнгийг л дэнчинд тавьж тоглосон. Энэ нь надад л хамаатай алдаа болохоос биш бусад хүмүүс, нийгмийн өмнө хийсэн алдаа биш шүү дээ. Үүний төлөө миний өмнөөс битгий харамсаад бай л даа, ард түмэн минь. Батзаяа нь зүгээр.

Таны мандаж явсан цаг үе бол гавьяат жүжигчин болсон үе үү?

Би өөрийгөө “Тэр үед л мандаж явж дээ” гэж боддоггүй. 1995 онд Д.Сосорбарам бид хоёр хамтдаа гавьяат жүжигчин болж байлаа. Хошин урлагийг шинэ түвшинд гаргаж ирсэн хөдөлмөрийг минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж боддог. Миний уран бүтээлүүд ардчилалтай шууд холбоотой. Яагаад гэвэл, ардчилал надад чөлөөтэй сэтгэх, хүссэн уран бүтээлээ хийх боломж олгосон. Тиймээс би “Бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан нь хошин урлаг” гэж хэлж байсан юм.

Ер нь Монголын хошин урлагийг хэдэн жилийн түүхтэй гэж үзэж байгаа вэ?

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын “Далан худалч” жүжиг хамгийн анх тавигдаж эхэлснээр монголчууд албан ёсоор хошин урлагтай танилцсан гэж үздэг. Албан бусаар бол хошин урлаг бадарчдын паянгаас эхлэлтэй. Тийм ч учраас “Азтай бадарчин” гэж хошин урлагийн наадам хийж байлаа шүү дээ. Ер нь Монголын хошин урлагийн түүхийг өгүүлсэн ном байдаггүй. Тиймээс “Монголын хошин урлагийн нэвтэрхий толь” хэмээх номыг хэвлүүлэхээр төлөвлөж байгаа. Амьд сэрүүн байгаа дээрээ хошин урлагийнхаа түүхийг үнэнээр нь бичиж үлдээе гэж бодсон. Хэвлээд үлдээчихвэл залуучуудад их хэрэг болно. “Непко” гээд Баабар ахын хэвлэлийн газар туслаад хэвлэж өгье гэсэн. Гэхдээ бас яаж зүгээр хийлгэх вэ. “Үнэгүй юм хулганын хавханд л байдаг” гэдэг шүү дээ. Тиймээс тодорхой хэмжээний санхүүжилт босгох санаатай байгаа. Би бас циркт алиалагч хийж байлаа. Тэр үедээ Т.Латиф ахтай хамт Чех рүү явж тоглолт хийж байсан. Монголын алиалагчдын түүхийг өгүүлсэн ном ч гэж байхгүй. Бас алиалагч нарынхаа тухай ном хийх юмсан гэж боддог. Энэ мэтээр бодсон юм их байна.

 

Та өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээр хэзээ хамгийн их бахархаж байв?

Хошиг урлагийн театр байгуулаад ажиллаж байх үедээ урлагийн ахмадуудаа хошин урлагийнх энэ тэр гэж ялгахгүйгээр бүгдийг нь оролцуулсан уулзалтыг жил бүр зохион байгуулдаг байсан. Тэр үедээ олон ахмадыг уулзуулж, хэсэг хугацаанд ч гэсэн инээд хөөр, аз жаргал бэлэглэж байгаадаа өөрөөрөө бахархдаг байлаа.

Одоо таныг урлаг соёлын ахмадуудын уулзалт, хүлээн авалтад хэр их урьж байна?

За одоо ч Батзаяа бараг мартагдсан даа. Бие өвдөөд таагүй болсон болохоор хүмүүс санаатай болон санамсаргүй байдлаар мартдаг юм шиг байна.

Нэг хэсэг бүгд л таныг хүрээлдэг байсан байх. Одоо харин мартагдаж байгаагаа бодохоор гомдох сэтгэл төрдөг үү?

Би нэг их гомддоггүй. Жүжигчин Н.Отгонтогос тэргүүтэй уран бүтээлчид нэг удаа Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч уулзсан. Бараг гэрээс гардаггүй хүн удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзахад сайхан л санагддаг юм билээ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!