Нийгэм

Ц.Цэцэгээ: “Ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад кондуктороор ажилд орсон юм. Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа”

Ц.Цэцэгээ: “Ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад кондуктороор ажилд орсон юм. Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа”

Туслах дүрийг тэр бүр хүмүүс сайн анзаараад байдаггүй. Харин түүний бүтээсэн дүр, кинондоо хэлсэн үгнүүдийг хүмүүс маш сайн мэддэг. Хүмүүсийн зүрх сэтгэлд туслах дүрүүдээрээ хоногшиж чадсан хүн бол тэртээ 1963 онд “Аман хуур” киноны “Чи л мэддэг шүү дээ” гэж хэлдэг жижигхэн биетэй дүрлэгэр том нүдтэй Соном өвгөн буюу жүжигчин Т.Цэрэнлхүндэв гуай юм. Хаа явсан газраа хөгжилдөж явдаг түүний амьдралын тухай төдийлөн хүмүүс сайн мэдэхгүй байх. Тэрээр төрөлхийн урлагийн авъяастай хүн байжээ. Арван зургаан настайгаасаа эхлэн урлагийн амьдралд хөл тавьсан байна.

 

Т.Цэрэнлхүндэв гуай Улаанбаатарын унаган хүүхэд. Хуучнаар Амгаланбаатар хотод Махандов гэдэг газар төрсөн. Айлын ганц хүү тэрээр өөрийгөө 1917 онд төрсөн гэж ярьдаг ч 14-15 настай байхдаа Жанжин клубт насаа нэмж элссэн байдаг. Яагаад гэхээр тэр үед Жанжин клубт 16-17 настай хүүхэд авдаг байсан. Жаахан жүжигчин байсан тул сэлэм нь уртдаад мөр гаргахад нь эргэж харж, тоглож яваад шонгийн мод мөргөсөн тухайгаа их ярьдаг байжээ. Жанжин клубт тавигдсан нэг жүжигт Дамбийжаагийн Тоодгор хэмээх анхны дүрээ бүтээсэн байна. Энэ дүр нь эсрэг талын дүр байсан тул нэг хэсэг хотын сахилгагүйчүүд зүгээр явуулдаггүй “Дамбийжаагийн Тоодгор явж байна” гээд чулуугаар нүүлгэдэг байжээ.

 

Клубтээ туслах жүжигчнээс туслах найруулагч хүртэл ажиллаж ахиж дэвшиж байсан авьяаслаг Т.Цэрэнлхүндэв гуай одоогийн Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд бас ажиллаж байв. 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Аман хуур”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Хүний мөр”, 1971 онд “Тэмцэл”, 1971 онд “Тунгалаг тамир-2” хэмээх алтан үеийн гайхамшигтай кинонуудад туслах дүрд тоглож байсан. Цорын ганц гол дүр бүтээсэн нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр бөгөөд энэ л дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдэх хувьтай байж. Намхан биетэй, дүрлэгэр том нүдтэй Т.Цэрэнлхүндэв гуай хаа явсан газраа хүмүүстэй инээлдэж, хөгжилдөөд явж байдаг ануухан, сэргэлэн өвгөн байсан.

 

Т.Цэрэнлхүндэв гуай маш сайхан сэтгэлтэй, тусч хүн байв. Нэг удаа охиноо хичээлээс ирэхэд нь гэртээ хэн нэгнийг дагуулаад ирчихсэн, галаа өрдчихсөн, авч ирсэн хүнийхээ хувцсыг нь угаагаад, хооллож, цайлаад байж байсан гэнэ. Нөгөө хүнээ явсных нь дараа Т.Цэрэнлхүндэв гуай “Нэг ядарсан өвгөн гудамжинд гуйлга гуйгаад сууж байхад нь авч ирсэн юм” гэж хэлж байж. Тэр үед гудамжинд гуйлга гуйж суудаг хүн ховор, бараг байдаггүй байсан цаг аж.

 

Хүүхдийг хүүхэд гэж голохгүй, хүүхэд байсан ч яриад хөгжөөгөөд инээлгээд, шоглоод явдаг. Т.Цэрэнлхүндэв гуайн тухай хүмүүсийн тэр бүр сайн мэдээд байдаггүй нэг яриа бий. Богд Жавзандамба хутагт ядуу зүдүү, хэцүү амьдралтай айлын хүүхдүүдийг өргөж авч өөрийн ордондоо өсгөж бойжуулдаг байсан ба тэдний нэг нь Т.Цэрэнлхүндэв гуай бөгөөд тахилч ламынх нь асрамжинд хүн болж байжээ. Т.Цэрэнлхүндэв гуай энэ тухайгаа “Би ер нь эрхлэхээс өөр юм мэддэггүй байсан. Тэр үед ном сурна гэж ер мэдэхгүй, эрхлээд явж байдаг. Харин осолдохгүй тэр усан тахилыг л хийж сурсан” гэж байж. 1932 оны хэлмэгдүүлэлтийн сургаар тахилч лам Т.Цэрэнлхүндэв гуайг “Цаг хэцүү болж байна” гээд төрсөн ээж, аавынх нь гар дээр буцааж өгсөн гэнэ.

 

Т.Цэрэнлхүндэв гуайн ач охин Ц.Цэцэгээтэй ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай /өвөөгөө аав гэж дууддаг/ дурсамжаас хуваалцлаа.

-Үзэгчдийн үзэх дуртай монголын уран сайхны киноны нэг бол “Аман хуур”. Аав нь Соном өвгөний дүрд хэдэн насандаа тоглосон юм бол?

-“Аман хуур” уран сайхны киног 1963 онд бүтээсэн. Аав маань 1917 онд төрсөн гэхээр 46 настайдаа Соном өвгөний дүрд тоглож байжээ. Анх энэ кинонд нэрт жүжигчид болох Цагааны Цэгмид, Т.Цэвээнжав тоглох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглох боломжгүй болсон юм билээ. Тэгээд Ц.Цэгмид гуай “Би нэг хүнийг зааж өгье. Энэ дүрд яг тохирно” гээд аавыг зааж өгсөн гэдэг. Аавын минь анхны гол дүр л дээ. “Аман хуур” киноны дугуй унадаг зургийг авахад их хэцүү байсан гэсэн. Аав дугуй унаж чадахгүй, унаж сурах гэж нэлээд юм болсон. Дугуй унаад нэг давхивал зогсож чадахгүй, заавал унаж байж зогсдог. Нэг удаа Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдуур зам дагуу эргэхдээ хувин бариад явж байсан эмэгтэйг дайраад унагачихсан. Тэгсэн эмэгтэй босч ирээд, аавыг алгадаж… Яг тэр дүрсийг киноны хэсэгт оруулж байснаа хэтэрхий инээдмийн кино болчихно гээд хассан юм билээ. Зам дээр цагдаа шүгэл үлээдэг хэсэг дээр л аав өөрөө дугуйгаа унасан гэсэн. Харин дугуйтай давхидаг хэсэгт өөр хүн тоглосон.

 

-Хүмүүс аавыг нь Соном өвгөний дүрээр төсөөлдөг. Ер нь ямар зан араншинтай хүн байв?

-Аав Соном өвгөн шиг хүн шүү дээ. Тэр кинонд бараг л өөрөөрөө тоглосон. Гэхдээ дүрээ бодвол арай хөгжилтэй, сэргэлэн, нүүрэмгий, цоглог хүн байсан. Соном өвгөний дүр чинь их томоотой өвгөн шүү дээ. Аав маань хүнд муу санадаггүй, их тусч хүн байсан. Ядарсан зүдэрсэн хүнд чадлаараа туслахыг хичээнэ. Би бас тэр занг нь дууриасан юм шиг байгаа юм.

-Та ач охин нь гэсэн үү. Одоо үр хүүхдүүд нь хаана юу хийж байгааг сонирхож болох уу?

-Тийм ээ. Би өвөө, эмээ дээрээ өссөн учраас Цэрэнлхүндэвийн Цэцэгээ гэж өвөөгөөрөө овоглодог. Тэднийгээ аав, ээж гэж дууддаг юм. Аав маань ядуу айлын ганц хүү байсан. Ах дүү гэх хүнгүй. Нэг хүү, нэг өргөмөл охинтой. Хүүгийнх нь охин нь би юм. Ач охин нь гэсэн үг. Миний эмээ (ээж) намайг дөрвөн настай байхад даралтаар бурхан болсон. Тэр үеэс л өвөөтэйгөө (аавтайгаа) хүнтэй гэрлэх хүртлээ хамт байсан даа. Одоо аавын минь үр хүүхдүүд өнөр өтгөн гэр бүл болсон. Би доороо найман дүүтэй. Таван хүүхдийн ээж. Эгч маань долоон хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд гээд улам олон болцгоосон. Гэхдээ үр хүүхдүүдээс нь урлагийн замыг сонгосон хүн байхгүй. Би оёдолчин мэргэжилтэй.

 

-Аав нь багаасаа урлагийн амьдралд хөл тавьсан гэж байсан. Ер нь хэчнээн кинонд тоглосон бэ?

-Би жаахан хүүхэд байсан болохоор аавынхаа талаар нарийн зүйл сайн санахгүй байна. Гэхдээ аавыг маань Богд хааны өргөмөл хүүхдүүдийн нэг байсан гэж ярьдаг байсан. Хараад байхад Богд хааны асрамжинд байсан хүүхдүүдээс урлагийн авьяастнууд төрөн гарсан байдаг. Жишээлбэл, нэрт зураач Ү.Ядамсүрэн, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, “Сэрэлт” киноны лам багшийн дүрд тоглосон З.Цэндээхүү гээд л. Аав маань Улаанбаатарын унаган хүүхэд. Хуучнаар Амгаланбаатар хот буюу Махан дов гэдэг газар төрсөн. Тэрээр 14, 15-хан насандаа Жанжин клубт анх жүжигчнээр ажилд орж, туслах жүжигчнээс туслах найруулагч болж, ахиж дэвшсэн. Тэр клубт анхны Дамбийжаагийн Тоодгор хэмээх эсрэг дүрээ бүтээж байсан гэдэг. Мөн одоогийн Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд найруулагчаар ажиллаж байсан. Аавын маань тоглосон кино нь ес, арав л байдаг. Хамгийн анх 1930-аад оны эхээр гарч байсан “Аймшиггүй эх оронч” кинонд япон манаачийн дүрд тоглосон юм билээ. Дараа нь 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Аман хуур”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Хүний мөр”, 1971 онд “Тэмцэл” кинонд гол болон туслах дүр бүтээсэн нь үзэгчдэд хүрч, хэлсэн үг бүр нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн нь сайхан санагддаг. “, 1971 онд “Тунгалаг тамир-2” киноны гол болон туслах дүрд тоглосон. Ихэнх нь туслах дүрүүд. Ганц гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр юм. Аав маань хамгийн сүүлд 1992 онд юм уу даа “Бадарчин” гээд кинонд тоглосон санагдах юм.

 

-Жүжигчнээс гадна манаач, жижүүр гээд олон ажил хийж байсан гэж дуулсан?

-Ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад кондуктороор ажилд орсон юм. Тэр үед хүмүүс 50 мөнгөөр автобусанд суудаг байлаа. Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа. Хүмүүс автобусан дотор орж ирэхдээ зарим нь нэг төгрөг өгдөг. Тэр болгонд нь тавин мөнгө хариулж өгнө гэдэг хэцүү. Иймд аав албаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хос болгоод та хоёр дундаа, учраа олоорой гээд явуулчихдаг. Хэн нэгэн хүн нэг төгрөг өгөхөөр та хоёр дундаа гээд бодчих. Гараад бие биенээсээ тавин мөнгөө аваарай гээд хэлчихдэг. Хүмүүс нь тавин мөнгөө олж авах гээд хамт явж байхдаа бие биетэйгээ танилцаад, хайр дурлал үүсгээд явчихдаг байсан гэсэн. Сүүлдээ хүмүүс хүртэл хос болох их дуртай болчихсон. Би энэ хүнтэй хос болно шүү гэж хэлдэг болсон гэнэ лээ. Зарим нь “таны автобусанд л суух гэж ямар удаан хүлээв ээ” гэж хүртэл хэлдэг байсан гэж ярьдаг юм. Аавыг ажлаа хийж байхад нь би автобусанд дагаад л явна. Анх “Од” кино театр баригдахад манайх тэнд сахиулаар бууж, ашиглалтад орсон хойно аав минь жижүүрээр ажилласан. Бас арваннэгдүгээр цэцэрлэгт жижүүр хийж байсан юм. Хүмүүс аавыг “Та “Аман хуур” кинонд тоглоод, байранд орчихсон биз дээ” гэхээр аав “Үгүй ээ. Юун байранд суух вэ. Би “Аман хуур” кинонд тоглосноос хойш нүүдэг л ажилтай болсон” гэж ярьдаг байсан. Манайх ийш тийшээ их нүүдэг айл байв. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн ахмадын хорооноос нэгдүгээр хороололд хоёр өрөө байр өгсөн ч буцаагаад авчихсан.

 

-Аав нь их ануухан, ганган хүн байсан гэсэн?

-Тийм. Аав минь их цэмцгэр хүн байсан. Тэр үеийн урлагийн хүмүүс цэмцгэр, ганган, өөртөө их арчаатай байлаа. Урлагийн хүн болохоор гоо сайхны тос их түрхэнэ. Би ч жаахан байсан ч “Нүүрэндээ тос түрх” гээд л авч ирж өгнө.

-Одоо ч телевизүүдээр хуучны кинонууд олон гардаг. Аавынхаа тоглосон киног үзэх сайхан биз. Аль дүрд нь илүү хайртай вэ?

-Тэгэлгүй яах вэ. Аавын маань тоглосон кино гарахаар “Аавын чинь тоглосон кино гарч байна. Ямар гоё юм бэ” гээд л хүмүүс над руу их утасдана. Аав байхад манайд хүмүүс их бужигнаж орж, гардаг байлаа. “Аман хуур” кино нь телевизээр их гардаг. Надад хамгийн гоё дүр нь “Гологдсон хүүхэн” киноны агсам тавьдаг тайжийн дүр их хөөрхөн санагддаг. “Гэлэн гуай гэх нь битгий хэл. Гөлөөг гэх ч хүн алга” гэж хэлдэг. Байж байгаа нь их инээдэмтэй. Тэр кино нь зурагтаар их цөөн гарах юм.

-Аавынхаа амьдрал, уран бүтээлийн тухай ном гаргах бодол бий юу?

-Тийм бодол их байна. Уран бүтээлтэй нь холбоотой цуглуулж барих ажил байна. Би ажлынхаа хажуугаар тэр болгон амжихгүй юм. Уг нь Гавьяат жүжигчин М.Бадамгарав гуайн хүү П.Батчимэг “Аман хуур” киноны гол дүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөө босгохоор ярилцаж, зургийг нь гаргаж, газрыг нь хүртэл авсан. Даанч мөнгө төгрөгийн боломж нь болсонгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!