Б.Ялалт: Манай эхнэр гоё нүд, үнэртэй… Мэдээний өрөөнд орж ирэхээр…

Хүмүүний амьдралын хуудсанд амьдралын гэгээн сайхан түүхээ сийрүүлж яваа Б.Ялалтын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа урьсан юм. Сагсан бөмбөг тайлбарлагч, цахимд орчин өөрийн гэсэн орон зайг хэдийнэ олсон “BAJI&YLALT” влогийн хөтлөгч гэдгээр нь түүнийг эчнээ танина. Үзэсгэлэнт гэргий Л.Ариун-Учрал нь сэтгүүл мэргэжилтэй. Гадаад харилцааны яаманд Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Сэтгүүлзүйн салбарын тод өнгө болсон хосуудын хайрын түүхийг сийрүүлье.
Б.Ялалт багадаа хүнд үг хэлж чаддаггүй бүрэг ичимхий, даруухан хүү байжээ. Энэ байдал дунд ангиасаа найзуудтайгаа үүсгэсэн нөхөрлөлийн холбооноос өөрчлөгдөж, илүү чөлөөтэй сэтгэж, өөртөө итгэлтэй ярьж чаддаг болсон байна. Хүмүүстэй чөлөөтэй харилцаж эхэлсэн нь одоогийн ажлын гараагаа эхлүүлэхэд түлхэц болж хожим телевизийн эфирт гарах хүртэл нөлөөлжээ.
Л.Ариун-Учралын хувьд тэс өөр. Багын удирдан зохион байгуулах чадвар сайтай охин байсан ч дунд ангиасаа төлөв даруухан сурагчдын эгнээ рүү шилжсэн гэдэг. Хүүхэд нас сэтгэлд хоногшсон дурсамж, хөгжилтэй түүхээр баялаг. Зуны амралт, зуслангийн өдрүүд. Б.Ялалт ах, дүүгийнхээ хамт хоёр удаа зусланд явжээ. Явах бүрдээ бүтэлгүйтнэ. Эхний удаад шатнаас бууж байгаад хөлөө хугалсан бол дахин явахдаа холер өвчин гарснаар хөл хорио тогтоож, цагдаагийн машинаар ачигдан ирж байв. Аав нь цагдаа. ЦЕГ-ын гадаа дүрэмт хувцастай алба хаагчид хүүхдүүдийг буулгах ажлыг зохион байгуулалттайгаар өрнүүлж, аав ээж нь ирж авна. Аавыгаа хараад баярлаж байсан тэрхүү агшин одоо ч түүний сэтгэлд тодхон санагддаг. Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн алтан гурвын эзэн сурагч байсан ч монгол бичгээр яруу сайхан бичдэг хэмээн багшдаа магтуулдаг байжээ. Сэтгүүлч болно хэмээх төсөөлөл түүнд байсангүй. Санаандгүй байдлаар найзыгаа дагаж Ийгл телевизэд эвлүүлэгчээр ажилд оржээ. Жил хагасын хугацаанд хичээл зүтгэлтэй ажилласнаар спортын сэтгүүлчээр ажиллах завшаан тохиосон байна, 2006 онд. Тэр үеэс Ялалт 15 жилийн турш телевизийн салбарт тасралтгүй ажиллаж байна.
Л.Ариун-Учрал аавын амин хайртай охин. Цайны цагаараа ирэх бүрдээ авчирч өгдөг чихрийн амт юутай ч зүйрлүүлэшгүй сайхан. Хөтлөлцөж явахдаа аавынхаа хурдыг гүйцэхгүй. “Ааваа аядуу алхъя” гэнэ. “Ойлголоо охин минь” гэчихээд төд удалгүй хурдална. Аав нь хурдан алхдаг учраас хажууд нь гүйхээгээрээ шахуу явдаг байсан хэмээн инээмсэглэл тодруулав. Дөрөвдүгээр ангид байхад нь нийтийн дууны тэмцээнд оруулахаар хичээлээс нь сарын хугацаанд чөлөөлжээ. Энэ нь нөлөөлсөн үү? хэлж мэдэхгүй, ямар ч байсан долдугаар ангид ортлоо математикын хичээлийг ойлгох гэж хичээсэн ч талаар болжээ. Тиймээс дахин тоо бодох гэж толгойгоо гашилгахгүй гэснээр монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлд илүү сонирхолтой болсон байна.
Тэд хоёулаа кино үзэх сонирхолтой. Гэхдээ Л.Ариун-Учрал аавынхаа хамт EAGLE, 25 дугаар суваг телевизийн мэдээг шимтэн үздэг байсан нь сэтгүүлч мэргэжилд дурлах шалтгаан. Долдугаар ангидаа сэтгүүлч болох шийдвэр гаргаж, аавдаа хэлэхэд “Тэг миний охин. Сайхан мэргэжил” гэжээ. Тэгэхэд мэдээний анкор болох өрсөлдөөнийг харуулсан олон ангит кино гардаг байсан энэ мэргэжилд улам дурлах сэдлийг төрүүлсэн байна. Ингэж тэр МУИС-ийн сэтгүүлчийн ангид оржээ.
Хошин шог, аймшгийн кино үзэж эхлүүлсэн болзоо амьдралын зам руу хөтлөв
Б.Ялалтыг ажилд ороод жил гаруйн дараа хоёр сэтгүүлч охин туршилтаар ирсний нэг нь ирээдүйн гэргий Л.Ариун-Учрал. Аядуу зөөлөн, цайлган сэтгэлтэй гэрэл гэгээ цацруулсан сайхан инээмсэглэдэг охин аргагүй харц булааж, хайр татжээ. Гоё нүд, үнэртэй… Мэдээний өрөөнд орж ирэхээр тэрхүү үнэр ханхийнэ. Хамт байхад үнэрт нь мансуурдаг байсан тухайгаа ч Ялалт нуусангүй.
Гэхдээ Л.Ариун-Учрал Ялалтыг эртнээс танидаг байв. Эфирээр сагс тайлбарлахыг хардаг байнгын үзэгчийн нэг. “ЕAGLE”-ийн үүдэнд анх таараад “Сайн байна уу… Та” гэж мэндэлсэн нь тэдний анхны харилцаа. Туршилтаар ажилд ороод удаагүй учраас мэдээндээ бүх анхаарлаа хандуулна, завгүй ажиллана. Цаг хугацаа өнгөрөх тусам бусадтайгаа хөгжилтэй, хошин зүйлс ярихаас гадна өөрийнхөөрөө байдаг Ялалтын зан түүнд таалагдаж эхэлжээ.
2008 онд Соёлын төв өргөөнд хошин шог үзсэн нь тэдний анхны болзоо. Үргэлж хотын төвөөр мэдээнд явдаг бүсгүй Б.Ялалттай хамт тоглолт үзсэнээр хайрын галд нь зучил болов. Төдийлөн жүжиг үзээд байдаггүй учраас хоорондоо ярилцаж “Инээвэл дараа нь хамтдаа кино үзье” гэжээ. Тэр нь ч биеллээ олж Л.Ариун-Учрал элгээ хөштөл инээсээр дараагийн кино үзэх тов тодорхой болжээ.
Хоёр дахь болзоогоороо аймшгийн кино үзсэн ч Б.Ялалт гэртээ хүргүүлснээр өндөрлөв. Уг нь эрэгтэй нь эмэгтэйгээ хүргэж өгдөг атал эсрэгээрээ Ялалт өөрийгөө хүргүүлсэн байгаа юм. Тэгтлээ айсан уу? эсвэл эр хүний мэх ч байж мэдэх… Хэн хэнийгээ харж, хаа нэгтэй мессеж бичнэ. Гэвч ямар нэгэн шийдвэртэй алхам хийхгүй байгааг анзаарсан эргэн тойрныхон нь “Та хоёр үерхэх байх аа” гэлцдэг байжээ.
Хөвсгөл далайн эрэг, сартай шөнийн амлалт…
Уулзаж эхлээд хоёр сар өнгөрөв. Албан ёсоор үерхэхийг амьдрал цаанаасаа шаардана. Л.Ариун-Учрал “Чи эр хүн байна даа. Үерхэх албан ёсны санал тавь” гэж маазрах маягаар эфирийн доогуур урсдаг чатаар мессеж бичжээ. Б.Ялалтын сэтгэлдээ бодсон зүйлийг хэлсэн учир үг дуугүй “Үерхье” гэхэд “Сэтгэлээ дагъя” гэснээр хайрын романсаа эхлүүлэв.
Хэн хэнийхээ сэтгэлийг ойлгож, хүлээн зөвшөөрснөөр эхлүүлсэн тэдний үерхэл эх орныхоо үзэсгэлэнт байгаль Хөвсгөл далайд аялж, Хайнань арлыг зорьсноор үргэлжиллээ. “Чамайг сайхан амьдруулахын тулд хичээнэ. Хайрлана. Хуурахгүй…” гэж чин сэтгэлээсээ амлалт өгөв. Одод түгсэн намуухан шөнө далайн эрэгт, сарны туяанд анир чимээгүй орчинд Ялалт ирээдүйн гэргийдээ хандаж хэлсэн нь тэр. Хорвоо ертөнц тэдэнд зориулж, хоёулхнаа байх боломжийг бүрдүүлж өгсөн тийм сайхан орчинд хайртай залуугийнхаа амлалтыг сонсоод сэтгэл нь маш ихээр догдолжээ. Амьдралын олон даваа нугачааг давж, аз жаргалыг бүтээж яваа гэрийн эзэн гэргийдээ өгсөн амлалтаасаа хазайсангүй. Бат итгэл төрүүлж, сайн хань, аав байх гэж хичээсээр явна.
Хайнань руу хийсэн аялал амьдралын баяр жаргал, хүн болж төрсний утга учрыг мэдрүүлж ханашгүй их хайрыг баланд умбуулсан гэдэг. Паркийн савлуур дээр тоглож байсан Л.Ариун-Учрал учиргүй уйлж орхив. Өөрөө ч гайхав. Айж, уйлах юусан билээ хэмээн гайхширч, сэтгэлээ чагнав. Харин тэр үед хэвлийд нь бяцхан зүрх цохилж байлаа.