Жүжигчин А.Гэрэлцэцэг: Би өөрийгөө ээж болохоор хүүхдээ ч харна, ажлаа ч хийнэ, би супер байх ёстой гэж бодсон

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа жүжигчин А.Гэрэлцэцэг нь мөн саяхан хоёр ихэр хүүхдийн ээж болсон билээ.
Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гvйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан “Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн ү.з.лэгт тэргүүн байрыг нь авна шүү. СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд хоёрдугаар курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж. Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.
Жүжигчин бүсгүйн амьдрал нууцлагдмал байдаг гэж хэлж болно. Хэр барагтай олны өмнө нөхрөө ил гаргадгүй ч түүний нөхөр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлжээ. Гэрэлцэцэгийн ханиар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гaaлийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.
Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа аж.
Харин Гэрэлцэцэгийн хувьд 40 насандаа анх удаа гэрлэж, бяцхан ихэр хүүхдүүдийн ээж болжээ. Энэ тухайгаа одооноос ил зарлаж, ээж болсон баяр бахдал, нярай хүүхдээ хэрхэн өсгөх тухай On&On подкастад өгсөн ярилцлагыг хүргэе.
Хананд маш үзэсгэлэнтэй цаг өлгөөтэй байсан, гэхдээ зайгүй. Ээж болоод л тэр зүү яг албан ёсоор чаг чаг гээд хөдөлж эхэлсэн тийм мэдрэмж авсан. Миний хувьд нилээд хожуу хүнтэй сууж, хүүхэдтэй болсон учраас ээж байх, эмэгтэй хүн байх хоёрын ялгаа их хурц мэдрэгдсэн. Хүүхэдгүй байхдаа би зүгээр л хий хоосон, үүлэн дээр хөвж явсан байна лээ. Эгч маань алдарт эх, олон хүүхэдтэй сайхан эмэгтэй бий. Өмнө нь эгчийгээ цамцных нь энгэр онгорхой, хоёр талдаа хүүхдүүдүүдээ хэвтүүлчихсэн хөхүүлж байхыг харангуутаа “Эгч ээ, та үс гэзгээ янзлаад, цэгцтэй сууж байгаад хөхүүлж болдоггүй юм уу?” гэж асууж байсан. Одоо бодохоор сэтгэл дотроо эгчээсээ уучлалт гуйдаг. Би өөрийгөө ээж болохоор хүүхдээ ч харна, ажлаа ч хийнэ, би супер байх ёстой гэж бодсон, яг л Уранхолбоо шиг… Эцсийн эцэст хэзээ ч тийм биш юм байна лээ.
Шөнө нойргүй хонох л хэцүү. Хоёр сарын хугацаанд хоёр цаг бүтэн нойртой хонож үзээгүй үе надад бий. Эхнэр нөхрөөсөө түрүүлж хөгширдөг ч үүнтэй холбоотой. Нэг хүүхэдтэй бол дор хаяж хоёр жил нойргүй хононо, хоёр хүүхэд дөрвөн жил гээд ихсээд явахаар бид хөгшрөлгүй яахав дээ. Эмэгтэй хүн нойргүй хонохоор ядарна, эрч хүчээ сэлбэхийн тулд иднэ, таргална, түүндээ сэтгэлээр унана. Энэ үед л эмэгтэй хүний сэтгэлийн хат, эр хүний хүн чанар танигддаг.
Нэг биеийг хоёр хуваадаг. Нэг хүүхдээ тэврэхэд нөгөө нь гомдож уйлдаг, тиймээс хоёуланг нь тэврээд л, хооллоод л, хайрлаад л өсгөж байна. Нэг нь баахад нөгөө нь бааж, баасаараа тоглоод хивсэн дээгүүр гүйнэ. Энэ бүхнийг хараад эмэгтэй хүн үсээ зулгааж, уурлахгүйгээр харин ч өхөөрдөж сурна гэдэг тэвчээр бөгөөд ухаан юм. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ унтсаны дараа, дөрвөн мөчөө арайхийн хөдөлгөөд, тосгуурт байгаа аяга шаазанг угаагаад дуусахад энэ дэлхий дээр том нээлт хийсэн юм шиг, надад өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.
Манай нөхөр маш их ажилтай. Гэртээ байх цаг нь бага байдаг болохоор нөхрийгөө хүүхдийнхээ живхийг нэг удаа солиход нь л би их баярладаг. Ер нь ээж болоод л эмэгтэй хүн ямар агуу тэсвэр, тэвчээртэй болохыг ойлгосон.
Энэ бүхнийг ганцаараа амжуулж байна уу, нөхрийн туслалцааг авч байна уу?
Тийм зав огт байхгүй. Тухтай усанд орох ч зав байдаггүй шүү дээ. Энэ бүхэнд хэрэв бухимдах гээд байвал нэг л зүйлийг бодох хэрэгтэй. Эмэгтэй хүн бол зовох гэж төрсөн, бусдыг хайрлахын төлөө төрсөн, энэ бол бидний тавилан. Эмэгтэй хүн бол зовлонг өөртөө шингээгээд, аз жаргал болгон түгээхээр төрсөн амьд бурхан юм. Би охиноосоо том болохоор нь юу ч шаардахгүй, үхрийн дуунаар унтаж байсан ч сэрээхгүй гэж боддог. Ээж болоод л угаасаа хэзээ ч тэгж их унтаж чадахгүй шүү дээ.
Юунд баярлаж, сэтгэл дүүрдэг вэ?
Би Эх нялхаст хүүхдүүдтэйгээ хэвтэж тэнд байсан ээжүүдээ их өрөвдсөн. Хүүхэд нь өвдөж уйлаад л, нойргүй хоноод. Тэгээд хэрвээ бага насны хүүхэдтэй ээжийг баярлуулъя гэвэл хүүхдийг нь гурван цаг харж өгөөд, хооллоод, хуурайлаад, өөрийг нь тайван унт, эсвэл сайхан гадуур зугаал гэвэл хамгийн том бэлэг болно доо гэж бодсон.
Орой гэрийхэн минь унтсаны дараа бүгдийг нь тойруулж харахаар бүгд хайр байдаг. Тэд амар амгалан унтаж байгаагийн гол үндэс нь би шүү дээ. Энэ гэрт би л байхгүй бол гал тогоо ажиллахгүй, зурагт асахгүй, хүүхдүүд инээлдэхгүй, нөхөр баяртай байхгүй, ерөөс энэ бүхэн нь хүч, эх ундарга нь би гэж бодож өөрийгөө тайтгаруулж, өөрөөрөө бахархдаг. Тэгээд ч одоо гэр бүлийхэндээ, үр хүүхдээ өсгөхөд зориулж байгаа цаг ердөө л гурван жил үргэлжилнэ. Хүүхдийнхээ дөнгөж толгойгоо дааж байгаа, алхаж сурч байгаа, үг хэлж байгаа тэр нандин мөчүүдийг харахгүй өнгөрвөл хайран санагддаг учраас энэ ахархан хугацааг сэтгэлийн хүчээр аз жаргалтай даван туулж байгаа.
Бүсгүй та бол амьдралыг цэцэглүүлэх гэж төрсөн амьд бурхан юм. Өнөөдөр та харанхуй шөнө уйлж байгаа ч маргаашийн өдөр нар мандаж, мишээх болно гэдэгт итгээрэй.