
Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан өөрөөс нь ярилцлага авах гэсэн сэтгүүлчийн толгойг гар утсаараа чичилж, цохижээ. Бид С.Жавхлангийн халдлагад өртсөн Unuudur.mn сайтын сэтгүүлч О.Алуунгуатай холбогдож тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Би өнөөдөр 12:30 цагийн үед Сүхбаатарын талбайн эргэн тойронд жагсаал зохион байгуулж буй болон өлсгөлөн зарлаад буй иргэдийг нэгтгэн сурвалжлахаар очсон юм.
Эхлээд жагсаж буй барилгачид болон өлсгөлөн зарлаж буй иргэнээс яриа авсан. Тэгээд УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас яриа авахаар очсон юм. Энэ оны есдүгээр сард АН-аас гарч, уран бүтээлдээ төвлөрч буйгаа зарласан атлаа “Гудамжны улс төр” хийгээд яваад буйг нь асуусан.
Дараа нь Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг төсвөөс нэхэмжилж өгөөгүй учраас суулт зарласан гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тодруулах гэсэн.
Гэтэл “Сангийн сайд Б.Жавхлан” гээд асуултаа асууж дуусаагүй байхад яриаг минь тасалж, “Худлаа мэдээлэл яриад байна” гэсэн. Уг хариултынх нь дараа би “Таныг УИХ-д нэр дэвшинэ гэж ойлгож болох уу?” гэж асуусан.
Гэтэл шууд уурлаад “Бэлдэж өгсөн асуулттай хүрч ирлээ. 13:00 цагаас хэвлэлийн хурал хийнэ гэж зарласан байгаа. 13:00 цагаас хүрээд ир. Цаашаа яв” гээд гар утсаараа толгой руу минь хүчтэй цохисон.
Өөрийнх нь хүссэн цагт ирээгүй, өөрийнх нь хүссэн асуултыг асуугаагүйгээс болоод над руу чичиж, цохив бололтой. Бантсан хүн хүн ална гэдэг шиг л юм боллоо. Манай редакцын удирдлагууд хуульчтайгаа дөнгөж сая уулзсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэж байна.
Нэмэлтээр хэлэхэд, С.Жавхлантай хамт жагсаж буй иргэд бас сэтгүүлчийг хөөж, худалдагдсан хэмээсэн. Тэдний ихэнхээс нь архи шиг юм үнэртэж байсан. Гар ариутгагчийн үнэр үү, архины үнэр үү гэдгийг сайн мэдэхгүй байна” хэмээв.
Эх сурвалж: Eguur.mn