ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ОСЛООС АМЬД ҮЛДСЭН Ж.НАСАНБАТ УУЛЧНЫ ЯРИА

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ОСЛООС АМЬД ҮЛДСЭН Ж.НАСАНБАТ УУЛЧНЫ ЯРИА
“Оргил оргилын үүлс бол та нар Оройд гялалзах одод ч бас та нар Ирэх аяллын азыг та нар минь илгээдгийг бид мэднэ Эргээд бодох сэрэмжийг ч та нар минь өгдгийг бас мэдэрдэг Уул уулсын оргилд уулзъя найзууд минь Ус голын ундаргад учиръя андууд минь” хэмээн Ж.Насанбат Отгонтэнгэр хайрханд aмиa алдcaн 17 нөхдөө дурсаж, ослын өмнөх баяр жаргалтай гэгээн мөч буюу өөрсдөөрөө, байгаль дэлхийгээрээ бахархаж, омогшиж буй видео бичлэгээ цахим хуудастаа байршуулжээ.
Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 21-нд Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчны нэг. Монголын төдийгүй дэлхийн уулчдын хувьд хараар тэмдэглэгдэх энэ өдөр тэднийг уулнаас буухад мөсөн хавтан нурж, 17 уулчин харамсалтайгаар aмиa алдаж, монголчуудыг олон хоног, сар, жилээр автуулсан уй гашуу өдгөө ч тайлагдаагүй байна. Отгонтэнгэр ууланд болсон тэр ocлooc aмьд гарсан 10 уулчны нэг болох Ж.Насанбат дөрвөн жилийн өмнө болсон aйmшигт ocлын талаар болон энгийн биш дөрөв дэх намраа хэрхэн үдэж буй тухайгаа анх удаа манай сайтад ярьсныг уншигчдадаа хүргэж байна.
-БИД “ДӨРВӨН БЭРХ” ЦОМЫН БОЛЗОЛ ХАНГАХААР ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫГ ЗОРЬСОН НЬ НАСАН ТУРШИЙН УЙ ГАШУУ, ХАГАЦАЛ, НУЛИМС, ӨНЧРӨЛ АВЧИРСАН ДАА-
Ийм тийм элдэв уралдаан, шагнал, болзол гэх анхнаасаа хэрэггүй байсан. Амьдын тam, сэтгэлийн тарчлaaн, зүрхний цөхрөл, бахардал туйлдаа хүрсэн он жилүүд өнгөрч байна. Нүдэнд тэдний мөсөн хавтантайгаа нуран, нүд ирмэхийн зуурт харагдахаа больж, их цас пургих шиг л үзэгдэл, өмнөхөн нь хоолоо хуваан идэж, ууж, тоглож, нэгнээ “явуулж” асан дуу хоолой, гэрэлт төрхүүд үзэгдээд би, би л буруутай юм шиг, би л юу ч хийж чадаагүй юм шиг, би тэднийг явуулчихаад ганцаараа aмьд үлдсэн юм шиг бодогдоод… бодогдсоор л байна. Өнгөрсөн дөрвөн жилд мэнд үлдсэн бид цөөхөн уулзсан. Ууландаа ч цөөн гарсан. Энэ тухай хэн маань түрүүлж ам нээж чаддаггүй. Хэвлэлд бол бүр ярилцлага битгий хэл өгүүлбэр ч хэлэлгүй дөрвөн намар болж байна. Гэхдээ жил бүрийн энэ өдрүүд дэндүү хүнд өнгөрдөг.
Энэ жилийнх бүр гойд уйтай байна. Би л үнэнийг хэлэхгүй юм бол тэд минь, 17 найз, 17 уулчны тухай хэн ч мэдэхгүй үлдэх юм шиг санагдаад чамтай ярилцахыг зөвшөөрлөө. Зөвхөн үнэнийг хэлэхийн тулд, бас тэднийгээ дурсахын төлөө. 2017 оны аравдугаар сарын 17-ны өглөө “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking” уулын клубын 27 уулчин гурван фургон хөлслөн Сүхбаатарын талбайгаас Отгонтэнгэр хайрхны оргилд хүрэхээр хүлгийн жолоо залсан. Тэр үед бид жил бүрийн намар, яг өдийд Монгол орны өндөрлөг ууланд яг энэ бүрэлдэхүүнээрээ авирч байхаар тохиролцож байлаа. Тус тусдаа ууланд авирч байхаар нэг оргил руу нийлээд авирах нь, нэг баг олон оргил эзлэх нь илүү үр дүнтэй хэмээн ярилцаж, тохиролцсон хэрэг.
Яг үнэндээ бид тэр үед Уулын спортын “Дөрвөн бэрх” хэмээх цомын болзол хангахаар хүч зориг, тэсвэр тэвчээр, итгэл найдвараа нэгтгэн Отгонтэнгэр хайрханыг зорьсон. Тус цомыг авахын тулд Монгол Алтай нурууны ноён оргил Хүйтэн д.т.д 4374 метр, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр д.т.д 4008 метр, Хэнтийн нурууны ноён оргил Асралт д.т.д 2799 метр, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг д.т.д 3491 метрийн оргилд тус бүр амжилттай авирсан байх ёстой байдаг юм. Бид аян замдаа алтан шаргал намрын сайхныг биширч, хоолой нийлүүлэн дуу дуулж, анх яагаад ууланд авирах болсон, авирч байхад болсон хөгжилтэй, мартагддаггүй дурсамжуудаа нэг нэгээрээ ярьцгааж, инээж хөхрөлдсөөр явлаа.
Хоноглох газраа хонож, явах газраа туулсаар аравдугаар сарын 20-нд Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагчийнд хүрсэн. Манайхны зарим нь тэндэхийн сонин хачныг сонирхож, байгаль хамгаалагчийн гэрт хоноглосон. Олонх нь гэрийн гадаа майхан барьж, үлдсэн нь машиндаа амарцгаасан. Энэ бол бидний бас тэдний маань хамтдаа хамгийн амар амгалан хийгээд дулаахан, бүтэн нойртой хоносон шөнө. Гэхдээ оргилд хүрэхийнхээ өмнөхөн амраад байгаа мэт санагдаж, догдлоод тэр шөнө бүтэн нойртой хоносон хүн тун цөөхөн байх. Ингээд 21-ний 07:00 цагт Бадархундага нуурын эхэнд машинуудаа жолооч нартайгаа үлдээгээд уул руу инээд хөөр болсон уулчид авирсан.
-ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ОРГИЛД ГАРАХАД ТЭНГЭРТ ГАНЦХАН ҮҮЛ БАЙСАН НЬ ТЭДНИЙ МИНЬ ХАРСАН ХАМГИЙН СҮҮЛИЙН ЦЭЛМЭГ ТЭНГЭР БАЙХ-
Тэр өдөр тэнгэр хангай хачин сайхан байлаа. Ёстой л “Биднийг ивээлдээ багтаалаа” гэсээр бид найман цагийн турш маш тайван алхаж, миний, чиний, бидний идэх дуртай, амттай бүхнээ хувааж идэн хөгжилтэй, эвтэй нь аргагүй мацсаар байсан. Бид өмнө нь хэзээ ч тийм амгалан, тайван алхаж байгаагүй гээд бод. Дөрвөн олстой бид 07:00 цагаас уулын бэлээр авирч, 16:00 цагийн үед оргилд гарсан. Уулчдын ёсоор төрийн далбаагаа мандуулж, оргилыг эзэлснээ өөрсдөдөө тунхаглалаа.
Биднийг оргилд хүрэхэд тэнгэрт ганцхан үүл байсан. Яагаад ч юм тэр үүлийг хараад догдлол, хөөр төрж байсан, хэн хэнд нь. Би өмнө нь ууланд, оргилд олон л удаа гарч байсан. Түүн шиг баярлаж байснаа яагаад ч санадаггүй юм. Ер нь 27-уулаа их л баяртай хэд хэдээрээ, бөөнөөрөө нийлж зогсоод л үй зайгүй зургаа авахуулцгааж, бие биедээ эрч хүч, урмын үг хэлж, улам дээшээ тэмүүлж байлаа. Тэр холоос хүсэн хүсэн, зорин зорин ирцгээчихээд оргилоос өндөр оргилыг дахиад л хүсдэг уулчны л зангаар бид өөр оргил хайхаар уруудсан. Гэхдээ бид ууланд авирахын төлөө явсан болохоос үхэхийн төлөө яваагүй.
Зургаан эмэгтэй, 21 эрэгтэйгээс хоёр нь гэр бүл, бусад нь найз нөхөд, зарим нь бүр илүү дотно, амьдралынхаа турш нэгнээ түшиж байгаа хүмүүс ч байлаа. Гэхдээ өөр өөр мэргэжилтэй, өөр өөр амьдралтай биднийг уулс, улам дээшээ авирах хүсэл, хообий, зүүдэлж сэрдэг оргилууд нэгтгэн Отгонтэнгэрийн оргилд “зогсоогоод” байгаа нь тэр. Буухаар олсондоо орох үеэр “Клуб клубээрээ явсан бол энд, ийм сайхан цагаар, ингэж бартаа саадгүй яваад ирээ ч үү, үгүй ч үү” хэмээн бидний хэн нэг нь хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогддог.
27-улаа бид гурван олсонд хуваагдан, тэнгэр багаднадсан мэт, тэр чигээрээ мөсөн далай мэт цасан хавтангаар уруудаж байлаа. Оргилд хүрэхээсээ эрсдэлгүй буух нь уулчны хувьд бас нэгэн том сорилт, амжилт байдгийг багийнхан маань надаар хэлүүлэлтгүй мэднэ. Бид Бадархундагаар өгссөн хэдий ч уруудахдаа арай өөр сорилт, өөр адал явдал хүсэж, нөгөө тийш буухаар маршрутаа гаргасан нь тэр. Бидний гурван групп бараа бараандаа ар араасаа уруудаж байлаа. Манайх сүүлийн баг, би багаа ахалж, өмнө нь явсан учраас урд яваа хоёр группынхнээ үе үе харж явсан. Гэнэт тэнгэр дуугарах шиг нүргэлсэн их дуу гарч, би “Тэнгэр дуугарав уу даа” гэсэн юм бодож байж байлаа. Гэвч тэр дуу тэнгэрийнх биш байсан. Бид 3800 метрийн өндөрт явж байлаа.
Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байсан. Тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухдаа хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангалын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийдсэн юм шиг байна. Ингээд хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж, Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ.
Хөдлөөд 50 орчим метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонсогдоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн яг хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна. Хэрэг бишдэснийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уулчдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтоцгоосон байна.
Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирснийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж байсан гэнэ. Ер нь бол аврагчдын хэлж байгаагаар эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж үзэж байгаа юм байна. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох дээд тэсвэр тэвчээр байсан бололтой.
Тэд мөснөөс гарсныхаа дараа цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвдөглөсөн ормон дээр нэг сантиметр ч алдалгүй гишгэж явж байсан байна. Эдгээр 10 хүн нь ямар ч удирдаж замчлах хүнгүй болсон нь тэднийг ийнхүү төсөөлөхийн аргагүй хүнд байдалд оруулжээ. Ийм aйmшигтай нүүр тулсан 10 хүн amь тэмцэн 34 цаг мөлхөж, айлын бараа харсны эцэст Завхан аймгийн төв рүү холбогдсоноор Монгол даяар айдас, хүлээлт, уй гашуудал эхэлж өнөөдрийг хүрлээ.