Мэдээ Мэдээлэл

Нураахаар төлөвлөж буй 100 жилийн настай соёлын өв дотор хүн амьдарч байна

Гоожингийн өндөр хэмээх 100 гаруй жилийн настай хохигор хуучин хоёр давхар байшинг төмрөөр хашаалжээ. Авирч, даваад орвол энд тэндгүй хог. Хаалга сэлт нь өмхөрч ойчсон онгорхой үүд рүү дөхөхөд тотгон дахь хээ хуар нь тэмдгэрэх төдий үлдсэн байх юм. Хоёр давхар луу гарах модон шатны тал нь үгүйрчээ. Сармагчин шиг мацсаар дээд давхарт гартал хүн амьдарч байх нь тэр. Энд хүнтэй таарна гэж санасангүй. Тэр толгой дээгүүрээ уранхай хөнжил хөнтөрчээ.

“Уучлаарай, ах аа. Таныг сэрээчихэв үү?” гэж мэнд мэдэхэд ганц нэг хөдөлсөөр толгойгоо цухуйлгаж байх юм. Тэр энд хоноглодог болсоор олон жилийг үдэж буй гэнэ. Дэргэдэх явган шүүгээн дээр хүүхдийн тоглоомууд ирийтэл өржээ. Охидынх нь аж. Харин ханандаа алгын чинээ төрийн далбаа хаджээ. Нэгэн үес Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч, Богд хаан хүртэл хоригдож явсан түүхт байшингийн галыг залгуулж буй түүнийг Ганзориг гэдэг юм байна.

ХАРАНХУЙ, ХҮЙТЭН БАС ХОГИЙН ЦЭГ ДЭЭР МЭТ ҮНЭР

Соёлын биет өвд бүртгэгдсэн эл байшинг нурааж, оронд нь автомашины зогсоол байгуулна гэх шуугиан сүүлийн үед цахим орчноор түгсэн. Уг нь аль 2018 онд л Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хэвлэлүүдэд “Гоожингийн өндрийг сэргээн засварлана” гэсэн ирээдүй цаг дээрх гарчигтай мэдээ нийтлэгдэж байв. Гэвч өнөөдөр энэ байшин дотор, гаднагүй хогийн цэг болжээ.

Яг дэргэд нь залгаад Христийн сүм байх. Сонин дүр зураг. Харин хойд хэсгийг нь орон сууцны автомашины зогсоолын үүд түшиж, наалдсан байна. 100 жилийн өмнө айхавтар өндөр харагддаг байсан болохоор “Өндөр” нэр зүүсэн байх. Харин одоо дөрвөн талаасаа ёстой л өндөр байшингуудаар хүрээлүүлж, үзэгдэхэд барагтайхан болчихжээ.

 

Сүрхий төмөр хашааг нь даваад, хогтой хөвсгөр хөрсөн дээр буухад хар алаг муур хаашаа ч юм сэлбэлзээд алга болов. Ойролцоох орон сууцны хогийн цэг Гоожингийн өндрийн яг хойно, хашааных нь гадна байдаг аж. Яг л хогийн цэг дээрх үнэр ханх тавина.

Эхэнд дурдсанчлан энд амьд хүнтэй тааралдана гэж өчүүхэн ч таамаглаагүй билээ. Харин хэдий нь 100 гаруй жилийн түүхийг элээсэн, түүхэн дурсгалт элэнц байшингийн байр байцыг оюундаа дүрсжүүлж авах гэсэн хэрэг. Дотогш ороход харанхуй, хүйтэн. Үнэр нь бас л хогийн цэг дээрх шиг. Хөл дор хогноос өөр гишгэгдэх зүйлгүй. Харин гол танхим бололтой, том талбайн нэг хэсэгт нэжгээд гааз хөглөрч байх юм. Нэгдүгээр давхрын бүх өрөөгөөр явж үзэхэд ижилхэн л дүр зураг. Хог, хог бас дахин хог. Харанхуй, хүйтэн.

Харин хоёр давхар луу гарах шатанд дөхөж очиход нар нэвт тусжээ. Энэ модон шатны дээд талын хэдхэн гишгүүр л үлдэж. Зүггүйтэн дээш мацахдаа байшингийн хуучин яс модыг тулав. 100 наслах хэрээрээ хатуужиж, чулуужсан гэмээр хатуу мод аж. Ингээд хоёр давхарт хөл тавихад чанх өөдөөс харагдах өрөөний үүдээр хамгийн түрүүнд хоолны тогоо, эрэгтэй хүний гутал хоёр цухуйв.

“ЭНД СҮНС БАЙХГҮЙ. СҮНС НЬ ГЭВЭЛ БИ БАЙНА”

Шууд тийш орж зүрхлэлгүй, хоёрдугаар давхрын бусад өрөөнүүдээр явлаа. Хүний хатсан баас ч байх. Хатаж хорчийсон гэдэс, цувдай зэрэг харагдана. Мөлжсөн яс цөөнгүй. Гутал, хувцасны үлдэгдэл ч байна. Доод давхраа бодвол эндэх өрөөнүүд гэрэлтэй үе таарчээ. Ингэж эрэгцсээр нөгөөх тогоо, гутал сэлт цухуйсан, амьд хүний буй шинжтэй өрөөнд хөл тавьсан юм.

Ганзориг хэмээх эр гудиггүй мэндэлж, тамхины өөдөс олж асаагаад, “Ахынхаа зургийг ав, ав. Зүгээр. Байгаа нь л энэ юм чинь” гэв.

-Та энд хоноглодог болоод удаж байна уу?

-Овоо хэдэн жил болж байна аа. Өглөөдөө зах дээр ачигч хийдэг. Ажлаа дуусгачихаад хоолны ганц нэг материал олж аваад, эндээ ирнэ. Тэр гаазан плиткан дээр хоолоо хийгээд идчихдэг. Олон жил ачигч хийснийх, ногоо цагаагаа үнэгүй олоод авчихна. Энд хувцсаа тайлаад тавьчихдаг юм.

-Харин энэ юун тоглоомнууд вэ. Таны хүүхдийнх үү?

-Тийм ээ. Миний охид тоглож байсан.

-Энд охидтойгоо байдаггүй юм шиг байна, тийм үү?

-Байхгүй ээ. Хоёр охин ээж дээрээ байдаг. Бид салсан. Том охин 20 гарсан. Бага охин 14-тэй. Би Засгийн газрын ордны манаачаар олон жил ажилласан. Гэтэл эхнэр нөгөө ээлжийн манаачтай заваараад. Би тэгээд салчихсан.

-Ачигч хийсэн мөнгөө та архинд зараад байна уу?

-Би архи уудаг аа, уудаг. Нуух юу байх вэ.

-Ахуй амьдралаа өөд нь татъя гэж бодогддог уу?

-…

-Энд та болоод л байна уу?

-Болдог. Энэ байшинг хүмүүс сүнстэй л гэлцэнэ. Яг амьдрахаар тийм юм байхгүй. Би өөрөө сүнс нь байна /Инээв, Сурв/. Яг гэр минь л гэсэн үг дээ. Намайг хүчээр хаашаа ч билээ, нэг байнга хүн загнаж, дарамталдаг газар аваачихаар нь “Би гэр оронтой хүн” гэж хэлээд гараад ирдэг. Тэр хар л даа. Төрийн далбаагаа хүртэл ханандаа хадсан байгаа биз дээ? Амьтад үүгээр их гүйлдэнэ. Цээжин дээр муур, болжмор гишгэлээд өнгөрнө гээч. Энэ цонхоор ингээд л талх үйрүүлж, шувуу хооллодог юм.

-Өөр хүмүүс үүгээр хэр орж гардаг вэ?

-Хааяа хүүхдүүд орж ирж гааз үнэрлэнэ. Нэг хүүхэд ганцаараа гааз үнэрлэж байхаар нь би булаагаад авсан. Гэтэл “Та архи уугаад шартдаг биз дээ. Би ч гэсэн шартдаг. Хэцүү байна. Өгчих л дөө, гуйя. Би танд мөнгө өгье” гэсэн. Тэгээд нээрэн бодсон. Би ч гэсэн шартдаг ш дээ. Тэгээд буцаагаад өгсөн. Нэг шөнө доор хүн амьтан дуугараад байхаар нь буугаад очтол овоо хэдэн бацаан гааз үнэрлэж байна. “Гөлөгнүүд ээ, гааз үнэрлэх гэж ирээ юу. Гарцгаа” гэж орилтол нэг нь намайг хутгалсан. Би чинь хутгалуулаад, энэ хоёр давхрын цонхноос нисээд. Хөгжилтэй л дөө.

-Гэснээс, шат нь бараг алга. Би л гарч ирэх гэж хэрэндээ хөглөлөө. Одоо яаж бууна аа. Өөр буудаг гарц байхгүй юу?

-Ах нь наад шатаар чинь гулсаад л буучихна. Болохгүй бол доод цонхоор шууд үсэрчихнэ.

-Энэ байшинг нураах тухай яригдсан гэх мэдээлэл байгаа. Та дуулав уу?

-Би сонссон. Дүүрэг, хорооны засаг дарга нар ирдэг юм. Хорооны цагдаа нар ч ирнэ. Нэг нь “Энэ балгасыг чинь нураана” гэж байна билээ.

-Хэзээ?

-Мэдэхгүй ээ, тэгж хэлсэн. Би нураатал нь л энд амьдарна

-Уг нь таныг эргэж, тойрдог юм байна даа?

-Тэгээд нэмэргүй ээ. Хүчээр баривчилгаанд явуулдаг юм. Тэр нь муухай газар. Тариа хийдэг. Тэр нь унаж татдаг болгодог. Тэнд очоод би унаж татдаг болсон. Гарын шөрмөс хүртэл зүгээр байж байгаад татчихдаг. Тийшээ очих дургүй. Юу гэдэг газар юм мэдэхгүй. Лав их хол. Налайхаас л цаашаа. Олон жил ачигч хийсэн болохоор захынхан намайг хараад “Чи даанч яав даа” гэж халаглаж байсан. Хорооны цагдаа нар их муухай. Надаар өрөөгөө цэвэрлүүлнэ, хар бор ажил хийлгэнэ. Юу ч үгүй зодно. Тэгээд гаргахдаа “Наад юмаа аваад яв” гэдэг. Шил архи. Би уух дуртай, юуг нь нуух вэ.

-Танд ах, дүү бий юу?

-Байгаад яах юм. Залгахаар, “Та дугаар андуурсан байна” гэнэ. Хоолойг нь таниад байхад шүү дээ. Том ах руугаа залгахаар заналхийлнэ. Том тогооч хүн шүү дээ. Би аав, ээж хоёроо түшиж, тулж байсан ганц хүү. Тэднийг өнгөрсний дараа би амьдралаа алдсан. Архинд орсон.

-Энэ байшин их арвин түүхтэй. Нураавал та дэмжих үү?

-Дэмжихгүй. Тэгж болохгүй. Би түүхийг нь мэднэ. Мундаг улс амьдарч байсан. Нурааж болохгүй шд ээ. Нураана гээд л уурлаж байна билээ. Би гэр оронтой хүн шүү.

Тэр хөнжилдөө эргэж шургаад үлдлээ.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА: ГООЖИНГИЙН ӨНДРИЙГ НУРААХ ТАЛААР ЯРИАГҮЙ

Харин дараа нь байшингаас гарч, ойролцоох оршин суугчдын санал бодлыг сонсов. Хэдхэн өдрийн өмнө “Гоожингийн өндрийг нурааж, оронд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулбал дэмжих үү?” гэсэн утгаар гарын үсэг зуруулж авсан гэж 59-р байранд амьдардаг эмэгтэй хэлж байна.

Тэр “Дэмжинэ” гээд гарын үсгээ зуржээ. Харин хаанаас, ямар хүмүүс ийн санал асууж явсныг мэдэхгүй гэв.

Тус орон сууцны СӨХ эзэнгүй байна.

Харин Гоожингийн өндөр оршдог Баянзүрх дүүргийн 6-р хорооны Засаг даргатай холбогдоход “Оршин суугчид өөрсдийн санаачилгаар ийм гарын үсэг цуглуулж яваа байх. Дүүрэг, Нийслэлийн хэмжээнд нураах асуудал огт яригдаагүй. Нэг бол нүүлгэж, сэргээн засварлаад музей болгоно. Үгүй бол энд нь сэргээн засварлана гэсэн л чигтэй байгаа” хэмээж байна.

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэмжээнд эх сурвалжаас тодруулахад “Дотоодод Гоожингийн өндрийг нураах тухай асуудал яригдаагүй байна. 6-р хорооны оршин суугчдын фэйсбүүк группт, иргэд өөрсдөө ийм санал дэвшүүлж байхыг харсан хүмүүс цахим сүлжээнд нийтэлсэн бололтой билээ” гэж байв.

Өмнө дурдсанчлан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 онд захирамж гаргаж, Гоожингийн өндрийг Нийслэлийн өмчид бүртгэн, 2019 он дуусахаас өмнө сэргээн засварлах үүрэг өгч байв. Ажлын хэсэг ч томилсон. Гэвч өдгөө нөхцөл байдал ийм байгаа нь анхаарал татаж байгаа юм.

 

Харин өөр нэгэн эх сурвалж: Гоожингийн өндөр өөрөө соёлын биет өвд бүртгэлтэй. Гэвч нэр бүхий хувь хүний өмч. Иймд Нийслэлийн өмчид бүртгэх гэхээр 1 тэрбум төгрөгөөр зарна гэдэг. Гэтэл Нийслэлд төдий чинээ эдийн засгийн боломж байдаггүй гэх мэдээллийг өглөө.

АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Т.НАМНАНСҮРЭН ЭНД АМЬДАРЧ БАЙВ

1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн томилогдож байв. Тэр 1919 онд таалал төгсөх хүртлээ долоон жил энэ албыг хашсан. Харин эл байшинг Т.Намнансүрэн Ерөнхий сайд анх бариулжээ. Ингээд бодохоор даруй 100 гаруй жилийн түүх яригдаж буй.

Энд мөн Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб ч байрлаж байсан үед олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ.

Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн хялбарчилж, улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” нэршсэн талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг. 1920-иод онд гамин цэргүүд Богд хааныг энд 50 гаруй хоног хорьж байсан гэх.

1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!