Шар Мэдээ

Ж.Оюунгэрэл:Амьдралд ч, бизнест ч чамтай хамт хол явах хүнтэй л хамтар!!Гэхдээ аль болох хамтарч, хамтын хүчээр илүү том зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй санагддаг. Том мөрөөдөлтэй, зоригтой өөртөө итгэлтэй байж юманд хүрнэ шүү дээ гэсэн юм.

“Петровис” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Шарк танк” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарт оролцож хийж бүтээх хүсэл мөрөөдөлтэй хэд хэдэн залууст хөрөнгө оруулалт хийж ажил амьдралаа өөрчлөх томоохон боломжийг бий болгож өгч чадсан билээ. Гэвч харамсалтай нь тэрбээр уг нэвтрүүлгээс удалгүй таалал төгссөн юм. “Амьдралд ч, бизнест ч чамтай хамт хол явах хүнтэй л хамтар” аминчлан захидаг Ж.Оюунгэрэл захирлын бизнесээ эхлүүлсэн түүхээс авхуулаад амьдралын филасофи, сая доллараа алдаж байсан гашуун туршлагыг хамтдаа сонирхъё.

Жанчивын Оюунгэрэл “Петровис”-ийн Оюунгэрэл болсон амжилтын түүхээс…

Би ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж ирээд 1979 онд Толгойтын нефть баазад нягтлан бодогчоор мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь, 1982 онд Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газарт дэвшиж ажилласан. 1990 онд Засгийн газрын тогтоолоор Нефть импортконцерн байгуулж, захирлаар нь томилогдсон. Тухайн үед мэргэжлийн хүн гэдэг талаас нь харж томилсон байх. 1996 онд засгийн эрх солигдож, төрийн өмчит компаниудын таван захирлыг өөрчилсний эхнийх нь би болсон. Ажлаасаа халагдаад юу хийх вэ гэж бодож байгаад “чаддаг юмаа л хийе, бензин заръя” гэж шийдсэн. Тэгээд л “Петровис” компаниа байгуулсан. Эхлээд ганцхан борлуулалт эрхэлдэг компани байгуулсан. Миний мөрөөдөл бол Монгол бол газрын тосны чиглэлээр судлагдаагүй орон учраас газрын тосны хайгуулд оролцох юмсан гэж боддог байсан. Одоогоос 12 жилийн өмнө Петро-Матад компаниа үүсгэн байгуулж, Лондоны бирж дээрээс хөрөнгө босгосон. Босгосон хөрөнгийн эх үүсвэрээрээ газрын тосны хайгуулын талбай авсан. Хятадын “Петро Чайна”-гийн нефть олборлож байгаа талбайн дараагийн 20 дугаар талбайг авсан. Тэндээ хайгуул хийж, өрөмдсөн ч амжилт олоогүй. Гэхдээ хайгуулаа үргэлжлүүлж Монголын төв хэсэгт хоёр талбай авсан. Манай компанийн зорилго бол босоо бүтэцтэй бүтэн нефтийн циклтэй, олборлолт, хайгуул, боловсруулалт, борлуулалт хийх юм. Зорилгодоо хүрэхэд газрын тос олох хэрэгтэй байгаа. Газрын тосоо олсныхоо дараа боловсруулах үйлдвэрээ барих том зорилготой компани. Үүнд хүрэхийн тулд маш их хөдөлмөр, их мөнгө орно. Хайгуулын ажлаа эхлэхийн тулд бид гадаад зах зээлээс хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай байсан. Монголын оффшорчин эмэгтэй, оффшор компанитай гээд байгаа чинь Лондонд бүртгэлтэй манай Петро-Матад компаниас минь эхтэй юм. Энд ямарч хуулийн зөрчил байхгүй.

Цалингаас илүү хүн чанарыг эрхэмлэдэг хүнийг ажилд авна

Миний хувьд менежментийн ажилд оролцохгүй 10 жил болж байна. Ер нь ажилд хүн авахдаа тухайн хүний эрхэмлэдэг зан чанар буюу хүн чанарыг чухалчилдаг. Дараа нь мэдээж боловсрол. Харин ажилд орохдоо хэдэн төгрөгийн цалин өгөх юм бэ гэж асуудаг хүнд дургүй. Юу хийж чадахаа биш, мөнгө л асуудаг хүн олон. Энэ байдал сүүлийн 10 жилд засагдаж, өөрчлөгдөж байгаа гэж найдаж байна. Бид дөрвөн уулынхаа дунд хэрэлдэж суухаар олуулаа нийлээд хэрхэн гадагшаа гарах вэ гэдгээ бодох ёстой. Ялангуяа санхүү, IT-гийн чиглэлээр манайханд боломж байна. Азийн зарим улсуудтай харьцуулахад манайд гар утас, банкны үйлчилгээ өндөр хөгжсөн. Хамгийн гол нь гаргаж байгаа төсөл нь чанартай, хөрөнгө оруулагчийн итгэлийг татахуйц байх ёстой. Тухайн компанийг удирдаж байгаа баг, хүмүүс нь хөрөнгө оруулагчийн итгэлийг төрүүлж байх хэрэгтэй. ММС гадаад зах зээл дээр гаргахад МСS-ийн маш том бага ажиллаж, гаднаас хуулийн болон эдийн засгийн зөвлөхүүд авч ажилласан. Монгол хөрөнгийн биржээ хөгжүүлж, компаниудыг нээлттэй зах зээлд гаргаж олон нийт хөрөнгөө зөвхөн банкинд хадгалах биш, компанийн хувьцаа худалдан авдаг соёлыг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Бизнес эрхлэхэд хамтрагчаа сонгох хамгийн чухал

1990-ээд онд хувийн хэвшил хөгжих үед зарим компани томорч чадахгүй задарсан түүх нь дандаа хамтрагчтайгаа таарч тохироогүйтэй холбоотой байсан. Багахан мөнгө олонгуутаа хоорондоо таардаггүй, салсан түүхүүд байдаг. Миний хувьд их азтай, сайн хамтрагч нартай таарсан. Гурвуулаа нийлж “Петровис”-ийг байгуулж байлаа. Бид хэзээ ч мөнгөө булаацалдаж, хэрэлдэж байгаагүй. Хамтарч бизнес хийхэд хамтрагчаа сонгох хамгийн чухал. Орчин үед хувьцаат компани гэдэг бол олон мянган хүний итгэлийг хүлээж, олон хувьцаа эзэмшигчтэй ажиллаж чаддаг менежмент гаргаж ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын ихэнх компани гэр бүлийнх байна. Хувьцаат компани жинхэнэ утгаараа хөгжихөд дутуу зүйл их байна. Гэхдээ цахиур хагалах компаниуд байгаа. Цаашид олон нийтийн эзэмшилтэй, сайн засаглалтай компаниуд зонхилно гэж найдаж байна.

Сая доллараа алдсан түүх

Бүх хүн алддаг. Миний хувьд буруу шийдлээсээ болоод хөрөнгө мөнгө, итгэл алдсан зүйл зөндөө байдаг. Анх Хятадын Тянжинь боомтын чөлөөт эдийн засгийн бүст нь Тянжинь-Замын-Үүд чиглэлд тээвэр хийдэг компани байгуулна, Тянжинь боомтын далайн тээврийн хөлөг онгоцуудад Монголын далбааг тавьдаг хөлөг явуулах бизнес хийнэ гэж явж байхдаа нэг сая доллар алдсан. Тэр нь миний ч мөнгө байгаагүй. Мөнгөө олж авах гэж 2-3 сар араас нь хөөцөлдсөн ч харамсалтай нь олж авч чадаагүй. Бас төрийн ажлаас халагдсаны дараа бензин оруулж ирнэ гээд 300 мянган доллараа оросуудад өгсөн. Тухайн үед Орост нефтийн үйлдвэрийн дарга нар солигдоод мөнгийг маань өгөөгүй. Тэр үед одоогийн хамтрагчаасаа 300 мянган ам.доллар зээлж, өрнөөсөө салж байсан. Хамтрагч маань надаас нэхээгүй л дээ. Гэхдээ би тэр мөнгийг олж өгөх гэж сар бүр Москва явдаг байлаа. Дараа нь, хамтрагчдаа мөнгийг өгч байсан түүх бий.

Монголын гол оффшорчин эмэгтэй гэж нэрлэгдэх болсны учир

Хонгконгийн хөрөнгийн бирж дээр мөрддөг Англи Саксоны хуульд нийцсэн компани хөрөнгийн бирж дээр гардаг учраас манай “Энержи ресурс”, “Петро-Матад” ийм л замаар гарсан. Өөрөөр хэлбэл, оффшор бүст компани байгуулж хөрөнгийн бирж дээр гараад, хөрөнгө оруулагч энэ компанийн засаглал, хууль дүрэм нь олон улсын жишгээр явна гэж итгээд хөрөнгөө оруулдаг. Ийм л замаар олон улсын зах зээлд гарсан туршлагатай юм. Монголд оффшорыг зохицуулсан хууль саяхан гарсан. Хөрөнгийн биржгүйгээр, бидний ажиллаж байх үед оффшороор бүсээр дамжиж гадаад зах зээлд гардаг байсан. Одоо ч тийм л байгаа. Нөгөө талд төрийн өндөр албан тушаалтай хүмүүс улсын мөнгийг татвараас зайлсхийж аваад оффшор бүст нуусан бол энэ өөр асуудал. Гэтэл бүгдийг нь нийлүүлээд оффшорчин гэж цоллоод, олон нийтэд буруу ойлголт өгөөд эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид маш их болгоомжилж байгаа байх гэж айж байна. Бид ч дүүрсэн хэрэг. Муу хэлсэн ч Монголдоо л амьдарна. Хэдий гаднын хөрөнгийн бирж дээр гарсан ч бид Монголдоо татвараа төлж байгаа. Оффшор бүст бүртгэлтэй компанид ямар хүн хэдэн ширхэг хувьцаатай, мэдэх боломжгүй. Байнга л хөдөлгөөнтэй байдаг. Жижиг хувьцаа эзэмшигчид бүртгэл дээр огт харагддаггүй, 5-аас дээш хувьтай нь харагддаг. Манай Петро-Матад дээр 300 сая ширхэг хувьцаа гарсан байдаг. Би тэр дунд нь байгаа, надаас өөр олон мянган хүн байгаа. Одоо давхар хувьцаа гаргах боломжтой болох ёстой. Энэ чиглэлд Монголын хөрөнгийн бирж маш сайн хөгжих хэрэгтэй байна.

Амжилттай бизнес эрхлэх гурван зарчим

Нэгд, хамтарч бизнес хийх гэж байгаа бол түншээ зөв сонгох хэрэгтэй. Чамтай хамт холын замд явах хүн мөн үү, биш үү. Хоёрт, хүн өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ л хийх ёстой. Би яагаад бензиний компани байгуулсан гэхээр миний мэддэг, чаддаг л ажил учраас сонгосон гэж боддог. Гуравт, алсын зорилго мөрөөдөлтэй байх ёстой. Миний мөрөөдөл нефть олох. Удахгүй цагаан дээл өмсөөд энд, тэндээ газрын тос нялж, нефть олсноо зарлана даа гэж мөрөөддөг. /инээв/ Эмэгтэй хүний хувьд бизнес хийхэд юуг анхаарах вэ Эр нөхөр нь дэмждэг эмэгтэйчүүд амжилт олдог байх гэж боддог. Гэр бүл, бизнес хоёрыг баланслах нь маш чухал. Аль нэг талыг нь даваад явчихаар болохоо больдог. Бизнес эрхэлж байгаа эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй харьцуулахад хоёр дахин илүү хүч гарна. Миний хувьд их азтай, манай нөхөр намайг маш их дэмжиж, миний ажлыг ойлгодог байсан учраас амжилт олсон гэж боддог.

“Петровис” 400 гаруй салбартай, 2400 ажилтантай

Монголын хувьд өргөн уудам нутагтай, хүн ам тархай бутархай нөхцөлд нефтийн хангамж гэдэг маш өндөр ач холбогдолтой. Ялангуяа хүйтний улиралд зам харгуй боогддог, сум болгоны станц дээр шатахуун байх шаардлагатай. Энэ талаасаа харвал хамгийн том сүлжээтэй компани Петровис л доо. Улсын хэмжээнд манай компанийн 400 гаруй ШТС ажиллаж байна. Анх НИК-ийг хувьчилж авсны дараа ихэнхийнх нь үйл ажиллагаа сул байсан. Нэг машин бензин гурав сар ч болох тохиолдол байсан учраас заримыг нь хаая гэж бодож байсан. Гэхдээ хувьчилж аваад ашигтайг нь үлдээгээд, ашиггүй нь хаах нь ёс зүйн хувьд байж боломгүй зүйл байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч станц хаагаагүй, ажиллуулж байгаа. Цаашдаа ШТС-уудаа хувь хүмүүст ашиглуулж, хангалтаа өөрсдөө хариуцах төсөл дээр ажиллаж байна. Манайх одоо 2400 гаруй ажилтантай. Нефть бол энергийн чиглэлийн бизнес. Энэ хангамжгүйгээр манай эдийн засгийг төсөөлөх боломжгүй. Цусны эргэлт шиг хэрэгтэй бизнес л дээ.

Технологи, боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтууд

Манай групп томоохон групп компаниуд шиг олон салбарт үйл ажиллагаа явуулдаггүй. Харин компаниасаа тусдаа хувь хүний хувьд боловсрол санхүүгийн салбарт хөрөнгө оруулсан. Сүүлийн үед Старт Апуудад хөрөнгө оруулж байна. LendMN, Unplug-гийн төслүүдэд зээл олгосон. Мөн Ард санхүүгийн нэгдэлд ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад саяхан гишүүн болсон. Монгол шуудан компанийн хувьчлалд Ард санхүүгийн нэгдлээр дамжин оролцсон. Боловсролын салбарт “British” сургуулийг долоон жилийн өмнө байгуулсан. Англид баримталдаг боловсролын системээр сургалтаа явуулдаг. Ухаахудагт үйл ажиллагаа явуулдаг ММС компанид бага зэргийн хувьцаа эзэмшдэг.

Ядуурлаас гарах гол гарц нь боловсрол

Боловсрол бол улсын хөгжлийн гол цөм бөгөөд ядуурлаас гарах гол гарц гэж хардаг. Боловсролтой хүн ядуу амьдрахгүй. Тиймээс боловсролын асуудлыг бүх төвшинд хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Английн үндэсний сургуулийн хэрэгжүүлдэг боловсролын системийг Монголдоо нэвтрүүлсэн. 1990 оны эхээр Сингапурын Ерөнхий сайдтай уулзах боломж гарсан. Жасрай гуай Ерөнхий сайд байхдаа Сингапурт айлчлахад нь хамт явах боломж гарсан юм. Оройн зоогийн үеэр Сингапурын Ерөнхий сайд улсаа хөгжүүлсэн түүхээсээ хуваалцахдаа боловсрол, боловсрол, бас дахин боловсрол гэдэг зүйлийг л ярьсан. Сингапурын Засгийн газар дэлхийн хамгийн топ сургуулиудад шилдэг залуучуудаа явуулж, сургасан. Эх орондоо ирэхэд ажлыг нь бэлдсэн байсан. Дэлхийд шилдэг боловсрол эзэмшиж ирсэн хүмүүс нь улсаа хөгжүүлсэн түүхтэй юм билээ. Гэтэл манайд төрийн сангийн тэтгэлгийг дандаа арын хаалгаар дарга нарын хүүхдүүд авдаг. Одоо арай өөрчлөгдөж байгаа байх. Улсад ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй, хэрэгцээтэй байгааг судлахгүйгээр дуртай мэргэжлээрээ төрийн мөнгөөр сурдаг. Дээр нь сургуулийнх нэр хүнд, боловсролын чанар сайн биш учраас улсын хөгжилд нэмэр болохгүй байна гэж хардаг. Сингапурын хөгжлийн, амжилтын түүх боловсролын салбарын бодлогод байсан гэж боддог . Тиймээс бид боловсролд дээд зэргээр анхаарах ёстой.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ

Аялах дуртай. Үхэхээс өмнө заавал очиж үзэх улс орон, газруудын тухай ном аваад тэрийгээ хараад л сууж байна. Нэлээд хэдэн улсаар явж үзээгүй. Латин Америкийн оронд огт очиж үзээгүй. Африк, Арабын оронд очоогүй. Арабын орнууд эмэгтэйчүүдийг үл тоодог учраас очихгүй байгаа /инээв/. Ойрын үед Дубай явж үзье гэж бодож байгаа. Мөн чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж ярилцах дуртай. Цаг гарахаараа их ном уншдаг байсан. Залуу байхдаа нэг өдөр нэг ном уншдаг байлаа. Сүүлийн үед утас, компьютерийн хэрэглээнээс болоод багасгасан.

Залууст хандаж хэлэхэд…

Бидэнд хамтарч ажиллах чанар дутагдаж байна. Бүгд л компанийн захирал болсон байдаг. Гэхдээ аль болох хамтарч, хамтын хүчээр илүү том зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй санагддаг. Том мөрөөдөлтэй, зоригтой өөртөө итгэлтэй байж юманд хүрнэ шүү дээ гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!