Лайфстайл

Өгүүллэг: ААВТАЙГАА ӨНГӨРҮҮЛСЭН СҮҮЛЧИЙН ШИНЭ ЖИЛ

Шинэ он гарах мөчид аав бид хоёр сүүлчийн удаа хундага тулгаад ерөөл өргөж буйгаа хоёулаа мэдэж байсан юм… Нэг мэдсэн он гарахад ердөө зургаахан цаг үлдсэнийг сэхээрч дэлгүүр лүү яарахдаа халаасандаа ердөө 10 гаруй мянган төгрөгтэй гэдгээ санаж явлаа.

Хагас жилийн өмнө аавыгаа 14-хөн хоногийн настай, ямар ч эмчилгээгүй гэсэн хариу эмчээс сонсоод гарахдаа итгэл найдвараа алдаагүй байсныг бодоход энэ өдөр би бүх зүйлээ шавхжээ.

Нутагтаа ирээд сар гаруй болохдоо хоногт заримдаа 20 минут унтаад бусад цагийг аавыгаа асрахад зарцуулдаг байв. Түүнээс өмнө баасан гарагт эртхэн ажлаасаа гараад Улаанбаатараас Сэлэнгийн Дулаанханд очиж аавынхаа ганц хүнс болох ингэний хоормогийг айлаас аваад шөнөдөө Архангайд ирдэг, бүтэн сайны шөнө буцаад Улаанбаатар руу давхидаг өдөр олон байсан.

Өглөө ажилдаа амжих гэж ганцаараа машиндаа хөгжмөө байдаг чанга дээр нь тавьчихаад л гишгэнэ. Нэгэнт анагаах ухаан эмчилгээгүй гэсэн болохоор лам, зурхайч, оточ маарамба гээд залаагүй хүнгүй. Сайн гэсэн бүхнийг авч өгнө. Харин шинэ жил болохоос долоо хоногийн өмнө аав минь “миний хүү одоо болно доо, аав нь явъя” гэж хэлсэнсэн.Тэгээд л шөнөжин галаа өрдөөд, хөл гар, хүзүү толгойг нь барих, өвчин намдаах эм, тариагаар торгоосоор нэг мэдэхэд он гарах болсон нь энэ…

Гэтэл итгэл найдвар, хүч чадал, санхүү гээд бүх зүйлээ дуусчихсан байдаг. Дэлгүүр хаахаас өмнө амжиж орлоо. Оргилуун дарс аваад үлдсэн мөнгөөрөө ганц дөрвөлжин зүсэм жижигхэн торт (жаахан байхад их авч иддэг байсан ч нэрийг нь мартжээ), нэг гожгор хиам аваад гэртээ ирэв. Нөхөр нь дахин дахин утсаар дуудсаар эмэгтэй дүү маань хот явчихсан, аавтайгаа хамт байхгүй юу гэтэл зөрж үгэнд ороогүйд нь тухайн үед гомдож л байлаа.

Аавынхаа орны өмнө даруухан ширээ заслаа. Гожгор хиамаа нарийхан зүсээд өргөст хэмх, салат энээ тэрээтэй холиод таваглав. Ээж минь буузаа гаргаад сайхан сүүтэй цайгаа аягаллаа. Олон хоног босоогүй аав минь өндийгөөд суучихав. Зурагтаар Ерөнхийлөгч үг хэлж байна… Он гарлаа.

“Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж аав үгээ дуусгаад хундагатайгаа хүчлэн тогтоочих нь тэр… Тэр шөнө би аавынхаа орны өмнө сөхөрч суугаад гараа нуруун доогуур нь ивээд хоёр алгаараа доороос нь түшээд хоносноо сайн санадаг юм.Гар, хөл сүүлдээ хамаг бие янгинатал өвдөж байснаа мэдээ алдсан юм даг.

Арав хоногийн дараа аав диваажингийн орноо заларсан даа. Таван жилийн дараа өнөөдөр би ээжтэйгээ шинэ жилийг хамт гаргах гээд нутагтаа ирлээ. Бид хоёрын хэн хэн нь тэр өдрийг биенээсээ нуун дурсаж л байгаа… Би мэдэж байна. Ээждээ нулимсаа үзүүлэхгүй юм сан.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!