Нийгэм

Асрамжийн газрын ахмадуудын нэг өдрийн хоолны зардал 5000 төгрөг

Он цагийн эргэлтэд амьдрах чадвар нь суларч, ач нэхэх хүнгүй торойж хоцорсон ахмадуудад төр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага улсын хэмжээнд 12, нийслэлд нэг бий.

Үүнээс найм нь төрөөс санхүүждэг бол дөрөв нь хувийн хэвшлийнх юм. Төрөлжсөн асрамжийн төвд хоол, хувцас, эм тарианы төсөв, байр, тасалгааны хүртээмж зэрэг олон асуудал тулгардаг.

Гэвч дорвитой арга хэмжээ авч, хангалттай мөнгө төсөвлөөгүйгээс 400 орчим үйлчлүүлэгч, 200 орчим алба хаагчийн эрх ашиг, эрүүл, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд зөрчигдсөөр байна.

Төрөлжсөн асрах төвд нэн тулгамдаж буй асуудал бол байр, сууцны хүрэлцээ, барилгын насжилт юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрах төвийн ердөө хоёр нь л шинэ байртай. Харин үлдсэн нь 90-50 жилийн өмнө баригдсан барилгад “толгой хорогдож” байна.

Тухайлбал, Говийн бүсийн асрах төвийн барилга 1942 онд баригдсан бөгөөд ашиглах хугацаа дууссан нь удаа дараа тогтоогдсон ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ.

Асрамжийн төвд амьдарч буй ахмадуудын 70 орчим хувь нь зөнөгрөх, тэнэгрэх өвчтэй бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй. Мөн асрамжийн төвд амьдарч байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 18 хүрэхээр нь ахмадын асрах төв хүлээж авдагийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Түүнчлэн орон гэр, төрөл садангүй, хөгжлийн бэрхшээлтэй идэр насныхан ч олон бий. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн болон бие физиологийн хувьд эрүүл, эмгэгтэй хүмүүс хамтдаа аж төрдөг аж.

“Ахмадын асрах төв”-ийн дарга Л.Эрдэнэхүү “Сэтгэцийн өөрчлөлттэй, харж хайхрах хүнгүй ахмадуудтай ажиллах хэцүү. Цалин мөнгө нь бага, ачаалал их болохоор ажил хийх хүн олох амаргүй юм. Аль болох орон нутагтаа амьдардаг хүмүүсийг бэлтгэж, ажилд авахыг хичээдэг. Гаднын хүн тэсэхэр хэцүү л дээ” хэмээн хэвлэлд ярьжээ.

Ахмадуудын нэг өдрийн хоолны зардал 5200-5800 төгрөг. Энэ төсвийг 2014 оноос хойш огт шинэчлээгүй байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байхад өнөө хэр нь энэ ханшаар хооллож байгаа нь зохисгүй юм.

Иймэрхүү ахмадын асрах төвийн “эргэн тойронд” асуудал ундарсаар л байна. Үр нь тоогоогүй буурлуудыг төр анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалж: livemn.club

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!