ЛайфстайлСонин хачин

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ОНЦГОЙ ГЭР БҮЛҮҮД

Чухам хайр дурлалаас болж хүн төрөлхтөн дайтаж, бас эвлэрч байсан түүх дурдвал олон. Хайр дурлал гэгч ерөөс хүний оюун ухаанаас үл хамаардаг учраас бидний амьдралд ч гайхам, сонин дурлалын романс, түүхүүд олон бий. Бид энэ удаад олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, жинхэнэ гал халуун хайраар хамтын амьдралаа зохиосон олны танил эрхмүүдийн тухай та бүхэндээ хүргэж байна.

Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр

Монголын урлагийн түүхэнд гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол авсан нь энэ гэр бүл. Өдгөө үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн айл АЖ Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй. 1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе.

Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий. Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг. Ж.Мэндбаяр гуай гэр бүл, эр нөхөр, үр хүүхдээ бүсгүй хүн хэрхэн дээдэлж, асарч халамжлах талаар амьдралын том лекц уншихаар гайхалтай эзэгтэй гэгддэг.

МУГЖ Жаргалсайхан, Уранчимэг

Тэд Эрхүүд зохион байгуулсан урлагийн бэлтгэлд хамт оролцож танилцаж байжээ. Эхнэрийгээ ‘Дүрлэгэр алаг нүдэн’ хэмээн хочилдог жүжигчин Жаргалсайхны талаар элдэв цуурхал байдаг ч, тэд гэр бүлээ хамгаалж авч үлдсэн. Тэд танилцсан түүхээ нэгэн хэвлэлд ярихдаа “Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж үздэг юм. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр. Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн.

Яахав, тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү. Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр нь гэнэн ч юм шиг хөгжилтэй байсан хэрнээ одоо эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байж. Хоёулаа хамт сууж байгаад ‘Бие биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ’ гэж ярьж байтал хамгийн түрүүнд давс харагдлаа. Тэгэхээр нь би хоолны халбагаар хутгаж аваад ‘Энэ давсыг идээд чамд хайртайгаа батлая” гэж идсэн. Уугий маань ч үүний хариу болгож, нөгөө давснаас идээд бөөн инээдэм болж байлаа.

Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж ‘Би чамд хайртай’ гэж бичиж байсан тэр үе, Эрхүүгийн хавар гэх мэт олон сайхан дурсамжтай үйл явдал ард үлдэж. Энэ бүхэн маань бид хоёрын хувьд, сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж болж үлдсэн дээ” гэжээ.

О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар

Спортын хамгийн дуулиантай басхүү одтой хосуудын нэг. 2006 оны хувьд олны танил эрхмүүдээс хайр дурлалын романсаараа хамгийн дуулиантай байсан нь О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар хоёр. Шүхэрчин аавыгаа дагаж явсаар буудлагын спортод уруу татагдсан О.Гүндэгмаа дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа 10-аад жил хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь үрийн зулай үнэрлээгүй. Ямартаа ч тэр хоёрын хамтын амьдралыг спортын хүрээнийхэн хожоо харсан, тооцоотой амьдрал байсан гэж дүгнэх нь элбэг.

Анх өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагчтайгаа хамт амьдрахаар шийдэхэд О.Гүндэгмаагийн ээж нь “Нялх охины толгойг эргүүлж гүйж байгаад суулаа” хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг. Энэ бүхнийг үл хайхран О.Гүндэгмаа ноён Х.Ундралбаттай суусан нь спортын амжилтаа бодсоных байсан гэж үзэх хүмүүс олон. Юутай ч спортынхны шинэ жил, баяр ёслолыг үе мултарсан дасгалжуулагч, шавь эхнэр нөхөр хоёр олон жил чимж явсан нь үнэн юм.

Олимпийн одгүй гэгддэг О.Гүндэгмаа Афины олимпоос медальгүй ирснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө амжилтгүй явснаа нөхөр Х.Ундралбаттайгаа холбон тайлбарлаж, энэ үеэс хамтын амьдралынх нь зам салах нь тодорхой болсон. Үргэлж л тулга тойрсон хэрүүл уруултай, дээр нь нөхрийнхөө нь янаг амрагийн явдлуудаас залхсан О.Гүндэгмаа нэг л өдөр Х.Цагаанбаатартай болзож, ил далд явж эхэлсэн.

Энэ бүхэнд бухимдсан Х.Ундралбат Х.Цагаанбаатартай эр хүний ёсоор ярьж, эхнэрээ эргүүлж авах төлөвлөгөөтэй очиход Х.Цагаанбаатар “Би танай эхнэрийг зөвхөн тамирчных нь хувьд биш эмэгтэй хүнийх нь хувьд хайрладаг. Бид хоёр суумаар байна” гэж түс тас хэлсэн нь түүнийг хэлэх үггүй болгож, энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэдэг.

Х.Цагаанбаатар 1982 оных. Шүлэг найраг тэрэлчихдэг, бас уяртал уран уншдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй Дохагийн олимпоор “бал сар”-аа тэмдэглэж, хайр дурлалаа зарлан тунхагласан хоёр хос маань “Бөртэ чоно”-д ижилхэн үндэсний хувцсаар гоёж, хослон алхсан нь олны харааг булааж бас ч үгүй гайхашруулж байсан цаг эртнийх. Одоо хоёр хос маань 40 саяар авсан шинэхэн байрандаа албан ёсоор тусдаа гарч, аав ээждээ Олимп болоод Дэлхийн аваргын медаль авчирсан Ховор-Эрдэнэ хүүтэйгээ аз жаргалтай амьдарч буй.

Л.Мөнхбаясгалан, Б.Идэрчулуун

Монголын сэтгүүлзүйд мөрөө тод үлдээж яваа бүсгүй бол Л.Мөнхбаясгалан. Түүний талаар элдэв цуурхал байдаг ч тэр бүгдэд ганхийж хариу дуугарч үзээгүй нэгэн. Сэтгүүлч бүсгүйн ханийг Б.Идэрчулуун гэдэг. Ардчилсан намын угшилтай тэрээр хоёр жилийн өмнө Төрийн албаны зөвлөлд ажилладаг гэх мэдээлэл тархаж багагүй сенсаци дэгдээсэн. Б.Идэрчулууны хувьд эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 20 жил ажилласан туршлагатай нэгэн гэдэг. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ.

Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэрийнхээ сонгосон мэргэжлийг ихэд ойлгон хүндэлдэг нэгэн бөгөөд ийм эр хүнтэй ханилсандаа өөрийгөө үнэхээр азтайд тооцдог тэрбээр цахим хуудаснаа нэгэн сонирхолтой гарчигтайгаар үзэл бодлоо нийтлэсэн нь олны анхаарлыг татаж байв. Нэгэн удаа Л.Мөнхбаясгалан “Нөхөр маань надад хайргүй болсон бололтой. Ийн дүгнэх болсонд дараах шинж тэмдгүүд нөлөөлсөн юм. Шинэ жил болох гээд турах хэрэгтэй байна гэж хэлсээр байхад албаар шим тэжээл ихтэй хоол хийж хамарт үнэртүүлж “идчих идчих гэсэн маягтай харсаар байгаад идүүлж байна.

Өглөө ажилдаа гарахад цүнхэнд сэмхээн хоол хийснийг сая мэдлээ. Бас саяхны нэг өглөө өндөр өсгийтэй гутлаа өмсөх гэхэд нуусан байв. Яагаад нуусныг нь асуухад хальтарч унана гэнэ. Хүн гоё харагдах гээд байхад хальтарч унахаар түрээ барин өсгийгүй гутал өмсүүлж “хорлов. Үсээ гоё сэнсдүүлээд гарах гэхэд “малгай өмс гэж үглэв. Бас хүйтэнд даарна, ядарна гээд албаар мах чанаж аарц буцалгаж уулгав. Эртээд ханиад хүрсэн чинь муухай сармистай сүү буцалгаж өгөөд уулгах гэж зовоов.

Би таргалаад байна гэж үглэхэд “Чи ерөөсөө тарган биш…. таргалахгүй гээд хоолоо хасах нь буруу” гэж цаанаасаа захиалгатай юм шиг хэлдэг боллоо…Зөндөө олон ноосон оймс байсаар байтал шинээр оймс авчраад даарна өмс гээд байна. Тэрний оронд шилэн торико авчирч болохгүй юу. Машинаа өөрөө бариад явах гэхэд “зам хальтаргаатай байгаа, би барьж өгье” гээд дагаад байна. Тэгвэл автобусаар явья гэхэд заавал автобусны буудал хүргэж өгнө гээд салахгүй байна. Орой шөнө сууж шинэ контент дээрээ жаахан ажиллья гэхээр “ядарна эрт унт” гэх боллоо. Энд хэн нэгний захиалга этр байна уу, үгүй юу… Энэ мэтээс дүгнэхэд манай хүн надад “хайргүй” болсон юм шиг санагдаад байна. Харин та нар минь юу гэж бодож байна”… гэж бичиж байв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!