Шар Мэдээ

Жүжигчин Н.Зориг:Би ч хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн. Сонин хэвлэлээр элдвээр бичүүлсэн байгаад бүр хаширсан даа

Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг “Загийн алим” уран сайхны киноны Ханбүргэдэйн дүрээр бид мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд кино урлагаас эрүүл мэндийн шалтгаанаар хөндийрсөн ч сүүлийн үед “Маш нууц”, “Бүү март”, “Зоорь” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон байна.

Түүний тоглосон “Санаж яваарай”, “Загийн алим”, “Амьдралын нахиа”, “Эргүүлэг” гэхчилэн олон бүтээлийг үзэгчид одоо ч үзэх дуртай. “Би ч хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн. Сонин хэвлэлээр элдвээр бичүүлсэн байгаад бүр хаширсан даа” хэмээн өгүүлсэн тэрбээр ярилцлага өгөхийг зөвшөөрөв. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

 

АНХ “САНАЖ ЯВААРАЙ” КИНОНЫ ХОЁР ИХРИЙН ДҮРД ТОГЛОСОН

Би 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа “Санаж яваарай” хэмээх киноны Мөнхөө, Мөнх-Од гэдэг нэртэй хоёр ихэр залуугийн дүрд тоглосон юм. Энэ кино бол миний анхны дүр. Хамгийн сонин нь “Санаж яваарай” уран сайхны киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Б.Явуухулан гуайн Я.Энхээ, Ч.Чимидийн Ч.Энхээ хамтран бичиж, Д.Нямаа зохиолчийн хүү болох би тоглосон байдаг. Ингэж л анх 1983 онд Ж.Сэлэнгэсүрэн найруулагч багшийнхаа найруулсан “Санаж яваарай” кинонд тоглосон доо.

Дараа жил нь урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин гуайн “Загийн алим” киноны Ханбүргэдэйн дүрд тоглосон. Түүнээс хойш 30-аад монголын уран сайхны кинонд тогложээ. Би дээд сургуулиа төгсөөд “Монгол кино” үйлдвэрт гурван жил ажиллаж, орчуулгын маш олон кинонд дуу оруулсан. Дараагаар нь Хүүхэд, залуучуудын театрт “Хэрээ”, “Намайг сонсоцгоо”, “Минийх” гэх гурван жүжгийн гол дүрд болон өөр бусад жүжгийн туслах дүрүүдэд тоглосон. Мөн Монголын үндэсний телевизэд найруулагчаар олон жил ажиллаж, “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг анх хийж, хөтөлж байлаа. Миний шавь дараа нь “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг хөтөлсөн. Бас дотны найз, сэтгүүлч Г.Золжаргалтайгаа хамтраад “Хашаа”, “Хог”, “Морин тэрэгтэй сурвалжлага” зэрэг олон нэвтрүүлэг хийж, Г.Золжаргал маань 1990-ээд онд “Ган үзэгтэн” шагнал авч байлаа.

 

НАДАД ЭЕРЭГ ДҮР ХОВОР ЮМ БИЛЭЭ

-Би жаахан ширүүн харцтай юм шиг байна лээ. Хүмүүс намайг ширүүн ч харцтай гэж их хэлдэг. Уг нь би их зөөлөн хүн шүү дээ. Тоглосон дүрүүдээ эргээд бодоход надад эерэг дүр тун ховор юм. Би залуудаа “Хаврын 17 учрал” кино дээр гардаг шиг нээх гоё тагнуулчийн дүрд тоглох юмсан” гэж хүсдэг байлаа. Гэтэл найруулагчид миний дүрийг нүдэндээ буулгахдаа ихэвчлэн ширүүн дүрээр хардаг байсан. Нэг удаа Х.Дамдин найруулагчид “Би таны таван кинонд тоглолоо. Олигтой юм нэг ч алга. Эхнийх нь “Загийн алим” кинонд Агиймааг харддаг залуу, дараа нь “Амьдралын нахиа” кинонд архинд орж буй шавь, бас “Ингэ буйлах нутагт” гээд кинонд нялх хүүхэдтэй эмэгтэйг хүчинддэг аягүй муухай дүр гээд дандаа муу хүний дүр байна. Би тийм муухай хүн юм уу” гэсэн чинь найруулагч маань “Үгүй үгүй. Чи миний хамгийн хайртай жүжигчин. Гэхдээ яг энэ дүрд чи л харагдаад байна шүү дээ” гэж хэлдэг байж билээ.

ХОЁР ИХРИЙН 13-ХАН СЕКУНДЫН ЗУРГИЙГ НАЙМАН ЦАГ АВСАН

-“Анхны хүүхэд” гэдэг шиг анхны юм бүхэн их сонин шүү дээ. Миний тоглосон анхны кино болох “Санаж яваарай” киноны хоёр ихрийн дүрийн зураг авалт маш хэцүү байлаа. Тэр үед ямар одоогийнх шиг компьютер график гэж байсангүй. Аппаратаа яаж байрлуулах вэ гээд хосолсон зураг авалт хийхэд маш нарийн. Тухайн үед 13-хан секундын зургийг найман цаг авсан. Тэр үед хосолсон зураг авалтын аргаар Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Шаравдорж ах зураглаачаар ажилласан.

Дэлгэцийн бүтээлд нэг хүн өөр өөртэйгөө харьцдаг анхны кино “Санаж яваарай” байсан. Тэрнээс биш хосолсон зургийн аргаар хийсэн монгол кино олон байсан л даа. Би тэнд байгаа хүнтэй харьцана. Найруулагч “Чи одоо тийшээ хар. Нэг, хоёр, гурав гэхэд ийшээ хар. Одоо тийшээ эргэ” гээд л тал талаас хүмүүс юм ярина. Би анх удаа кинонд тоглож байсан болохоор их самгардсан шүү.

 

ЦАГ ҮЕЭ ДАГААД МОНГОЛ КИНО ӨӨР БОЛЖЭЭ

-Цаг үеэ дагаад Монголын уран сайхны кино өөр болчихжээ. Уран сайхны киног үзэх үзэгчид нь дагаад өөрчлөгдсөн байна. Би хааяа кино театрт кино үздэг. Залуу уран бүтээлчид маань сайн кино хийдэг гэж хэлнэ. Гэхдээ нэг ажигласан зүйл нь үзэгчдийн ихэнх нь хүүхдүүд байх юм. Кино үзэж дуусаад эргээд харахад л хамгийн хөгшин үзэгч нь би байх жишээтэй /инээв/. Одоогийн монгол кинонууд амьдралын үнэ цэнэ, ухаарал өгсөн биш мөнгө хөөсөн, зодоон тулааныг түлхүү харуулж байгаад их эмзэглэдэг.

Би сүүлд “Маш нууц” “Бид мартахгүй”, “Зоорь” зэрэг олон кинонд тоглосон. Би одоо 60 нас руу дөхөж явна. Тэгэхээр нас дагаад нэг өвгөн, манаачийн дүрд л тоглож байна даа.

ЗАЛУУДАА ЗАХИА ИХ АВДАГ БАЙСАН

-Намайг “Монгол кино” үйлдвэрт ажилладаг байхад их захиа ирнэ. Би чинь тэр үед хоёр кинонд тоглочихсон. Тухайн үед гар утас гэж байгаагүй учраас хүмүүс албан байгууллагын утсаар их залгана. Би эхлээд ирсэн захиа болгонд хариу бичдэг байлаа. Сүүлдээ ч хариу бичихээ больсон л доо. Тэр чинь одоо киноны л буян болохоос миний сайхан гэж юу байх вэ.

 

ОДООГООС 20-ИОД ЖИЛИЙН ӨМНӨ АВТО О С О Л Д ОРСОН

-Би одоогоос 20-иод жилийн өмнө хүнд авто о с о л д орсон. Түүнээс хойш телевизэд найруулагчаар ажилласан боловч бие тэнхээ маань дийлэхгүй болж, группт орсон. Одоо чөлөөт уран бүтээлч нэртэй л явж байна. Ах нь бага байхдаа орос цэцэрлэгт хүмүүжсэн хүн. Бас ОХУ-д сурч байсан учраас хааяа янз бүрийн студид гэрээгээр орос хэлний орчуулга хийж өгдөг юм.

ААВЫН МИНЬ ОРОН ЗАЙ ЭЗГҮЙРЧ, ХАРАНХУЙЛААД ХЭЦҮҮ Л БАЙНА

-Би эцэг, эхээс тавуулаа. Доороо гурван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Одоо хоёр дүү маань АНУ-д ажиллаж, амьдардаг. Би Ховд аймагт өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд. Яагаад гэхээр аав маань Москвад оюутан, ээж Анагаахын сургуульд оюутан байсан учраас намайг өвөө, эмээ маань өсгөсөн. Багадаа нэлээд эрх, хэлээ зажилж ярьдаг хүүхэд байлаа.

 

Одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Саяхан аав маань бурхан болсон. Аавын минь орон зай эзгүйрч, харанхуйлаад хэцүү л болдог юм байна. Аав хүн маш том нөмөр нөөлөг байсныг одоо л ухаарч сууна. Аав маань энэ онд “Дэлхийн гайхамшигт яруу найрагчийн шагналыг хүртсэн. Намайг одоо буруу гишгэхэд загнадаг хүн байхгүй. Манай сэтгүүлч Г.Золжаргалын аав Ч.Гомбо гуайн “Баян булгийнхан” кинонд “Алгадуулах аавтай хүн ямар гоё юм бэ” гэдэг үг бий. Тэр үг л одоо санаанд бууж байна даа.

 

ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БОЛСОН

-Манай гавьяат жүжигчин Б.Туяа хэдэн жилийн өмнө нэг телевизийн нэвтрүүлэг хийгээд намайг урьсан юм. Тэгээд л “Соёлын тэргүүний ажилтан Н.Зоригоотойгоо уулзаж байна” гэдэг юм байна. Би чинь “Зогс зогс. Соёлын тэргүүний ажилтан биш шүү дээ” гэсэн чинь “Юу яриад байгаа юм бэ. Гавьяатын дайтай жүжигчин байж. Одоо хүртэл аваагүй юм уу. Надад ажлынхаа тайланг бичээд өг” гэсэн. Би “Яахын бэ” гэсэн чинь “Үгүй т э н э г минь. Чамд хэрэггүй гэхэд үр хүүхэд чинь хэрэгтэй. Миний эцэг ийм байсан гэж үр хүүхэд чинь бахархана” гэлээ.

Тэгээд би ажлынхаа тайлангаа бичиж Б.Туяад өглөө. Тэгж анх гурван жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан тэмдгийг зүүсэн дээ. Би тэр үед Б.Туяадаа их баярласан. Хүмүүс ч надад их баяр хүргэсэн. Гэхдээ баяр хүргэсэн хүмүүсийн дунд “Арай ч дээ” гэсэн мессежийг олон хүн бичиж байсан шүү. Учир нь намайг Соёлын тэргүүний ажилтан тэмдгийг аль эрт авсан гэж бодсон юм шиг байна лээ. Надтай “Монгол кино” үйлдвэрт хамт ажиллаж байсан нэг үеийн Г.Равдан, Н.Батцэцэг, Т.Карма зэрэг уран бүтээлчид маань одоо бүгд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон.

 

ОХИНОО ЖҮЖИГЧИН БОЛГОХ ДУРГҮЙ БАЙСАН

-Охин маань цэцэрлэгт байхад багш нь гахайн гурван тооройны нэг дүрд тоглуулахаар болсон юм. Тэгсэн “Миний охиныг гахайн тоорой болголоо” гээд И.Одончимэг уурлахаар нь би багшид нь “Боль боль.Охиноо гаргая” гээд хэлчихлээ. Тэгсэн нэг өдөр охиноо цэцэрлэгээс нь аваад ирсэн чинь бөөн уур болчихсон “Ёстой муухай. Би хөөрхөн гахайн тооройд тоглох байсан чинь намайг хасчихлаа” гэдэг юм байна. Тэгсэн би дахиад л багш дээр нь очоод “Охиныг минь оруулаач ” гэж гуйж байлаа.

Миний охин 10 жилийн сургууль төгсөөд мэргэжлээ сонгох болсон. Би ч, Одноо ч охиноо жүжигчин мэргэжилтэй болгох дургүй байсан. Тэгсэн охин минь өөрөө Соёл урлагийн их сургуульд очиж бүртгүүлээд, тэнцчихсэн. Эцэг, эх нь урлагийн хүн болохоор цаанаасаа л “шатаж” байдаг юм шиг. Би хувьдаа охиныхоо дипломын ажлыг нь ч харж байсан “Гайгүй жүжигчин болно” гэж боддог. Зээ охиныг маань Гүнж гэдэг. Одоо нэгдүгээр ангид сурдаг. Охин, зээ хоёр маань над дээр байнга ирдэг. Аав маань бурхан болоход И.Одончимэг ирж, ажил явдалд нь хүртэл оролцсон. Би үнэндээ Одноог ирнэ гэж хүлээгээгүй. Би тэр хэцүү үед хүрээд ирэхэд “И.Одончимэгийг ямар ухаантай эмэгтэй вэ” гэж бодож суулаа. Ээж маань ч их баярласан даа.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!