Мэдээ Мэдээлэл

Ж.НУРБЕК: Шавь маань ээж, дүүтэйгээ айлаар амьдарч байгааг сонсоод зүгээр сууж чадаагүй

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын математикийн багш Ж.Нурбек үерийн улмаас гэргүй болсон нэг сурагчийнхаа гэр бүлд байшин барьж өгчээ. Энэ бол хүмүүс бид сэтгэлийнхээ дэмээр нэгнийхээ зүрхэнд гал асааж, ирээдүй рүү алхах замыг нь гэрэлтүүлж өгч байгаагийн нэгэн жишээ. Энэ сайн үйлсийн үрээр өнөөдөр нэгэн өрх толгойлсон эмэгтэй, дөрвөн охинтойгоо дулаан байшинд өвлийг угтаж байна. Эргэлт.мн мэдээллийн сайт Ж.Нурбек багштай ярилцлаа.

-Юуны өмнө танд сайхан үйлсийг бүтээсэнд баяр хүргэе. Байшин барьж өгөх болсон түүхээс яриагаа эхэлье?

-Би Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд гурав дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. Тэгээд энэ жилээс анх удаа зургадугаар анги дааж авсан юм. Наймдугаар сард манай суманд хэдэн өдөр тасралтгүй бороо орсны улмаас айлуудын байшин, гэр нурсан. Тэгэхэд манай ангийн хүүгийн байшин нурж, ээж дүү нартайгаа айлд байгааг мэдсэн юм. Тэгээд очтол, засвар хийх ч нөхцөлгүй байсан. Хамгийн гол нь энэ үеэр манай аймагт коронавирусийн халдвар ихсэж, айлууд нэгнийдээ очих нь битгий хэл хүмүүс бөөгнөрч болохгүй нөхцөл байдалд байсан. Ийм байхад өрх толгойлсон эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ айлд байна гэдэг их эрсдэлтэй. Ингээд л туслахаар шийдэж, сум болон аймаг даяараа хандивын аян өрнүүлсэн.


Өөрөө шууд тусална гэхээр багшийн цалин хаанаа ч хүрэхгүй байсан юм. Ингээд хоёр сарын хугацаанд хандивын аян өрнүүлээд дөрвөн сая төгрөг цугласан. Гэвч энэ бол нэг байшин босоход хүрэлцэхгүй мөнгө. Иймээс аавдаа хэлэхэд, аав маань найзуудаасаа хандив тусламж хүссэнээр байшин барих мөнгө боссон. Ингээд Жанибек даргатай “Алтан гүүр” компани, “Элан фарм” эмийн сангийн захирал Ерик, Өлгий сумын радио нэвтрүүлгийн дарга Н.Оспан, Ислам шашны нэгдсэн холбооны тэргүүн Х.Амангелди, Улаанбаатар скай рестораны хамт олон сэтгэлийн хандив өргөн, тусалсан юм.

-Байшин хэчнээн хүний хүч хөдөлмөрөөр боссон бэ. Таны хувьд хичээлийнхээ зав зайгаар барьж байв уу?

-Тийм ээ. Хичээл их байхаас гадна, хичээлээ бэлдэх, хөтөлбөр боловсруулах зэрэг бичиг цаасны ажил их байсан. Тэгээд өглөө хичээлээ зааж, өдөр хурал зөвлөгөөнөө амжуулаад, орой байшингийнхаа ажилд оролцоод явж байсан. Түүнээс гадна маш олон хүний оролцоотойгоор байшин маань боссон. Тухайлбал, байшин барьж өгч байгаа тус эмэгтэйн хамаатны хүмүүс болон аав маань оролцсон. Эмэгтэй өөрөө бас ажил хийж байгаа хүмүүсийн хоолыг хийж, бусад жижиг зүйлсэд гар бие оролцсон.

-Аав тань таны санаачилсан хандивын аяныг сайн дэмжжээ?

-Тийм ээ. Аав маань уулын спортын олон улсын хэмжээний мастер. Аялал жуулчлалын салбарт 35 жил ажилласан. Манай аймагт Алтай таван богд уул бий. Аав минь зунд нутаг орныхоо үзэсгэлэнт газар болон уул өөд гарах гэсэн жуулчдад хөтөч хийдэг юм. Тэгээд хурааж хуримтлуулсан жаахан мөнгөнөөсөө сум орон нутгийнхаа хүмүүст тусална. Харин өндөр өвөө маань урлагийн хүн. Маршал Чойбалсанг нүдээрээ үзэж, баруун бүсийн чөлөөлөх дайнд тулалдсан. Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Соёлын төв буюу театрыг өөрийн гараар байгуулсан хүн. Одоо тус сумын театр өвөөгийн минь нэр буюу Ахбигйин нэмэрэмжит гэж явдаг. Энэ бол миний мөнхийн бахархал.

-Одоо цагт зарим хүмүүс бусдад 5000 мянган төгрөг өгсөн ч зураг хөргөө цахим сүлжээнд нийтэлж, тусалсан гэдгээ зарлаад байдаг. Харин та нэг айлыг байшинтай болгосон атлаа чимээгүй л байж?

-Бид чинь Исламын шашинтай. Энэ төрлийн шашинтай хүнд тусалбал олон нийтэд зарлахгүй байх ёстой байдаг юм. Харин энэ удаад хандив олон түмний дэмээр боссон учир ийнхүү мэдээлж байна.

-Хүнд тусална гэдэг сайхан ч өнөө цагт их ховордож байгаа чанар шүү дээ?

-Хүмүүс бид чадах зүйлээрээ бусдад тусалж байх ёстой санагддаг. Дээр хэлсэнчлэн өвөө, аав хоёрыгоо даган багаасаа урлаг, спортоор их явсан. Энэ байдал намайг зөв хүн болон төлөвшихөд их нөлөөлсөн гэж боддог.

-Байшин барьж өгөөд, ээж болон хүүхдүүдийн баярлахыг харах хамгийн сайхан байсан байх?

-Байшингаа барьж дууссаны дараа хүмүүсийг баярлаж байгааг хараад их баярласан. Байшин барьж өгсөн эмэгтэй маань ч бидэнд нүдэндээ нулимстай талархлаа илэрхийлж байсан. Мөн маш олон хүн бидэнд урмын үгс бэлэглэсэн. Өчигдөр гэхэд Боловсролын сайд маань цахим хуудсандаа “Багшдаа баярлалаа” гэсэн пост оруулсныг уншсан. Энэ бүхнээс дараагийн сайхан зүйлсийг бүтээх урам авсан. Маш их баяртай байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!