Найруулагч Тамир: Ээж охин хоёр минь миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй “бүсгүйчүүд” хэмээн

Охидын сэтгэхүйд эцэг хүн, хамгийн анхны эр хүний дүр төрх болон үлддэг. Энэ бол асар их хариуцлага үүргээ эцэг хүн ухамсарлах ёстойг юуны түрүүнд харуулдаг.
Ухаалгаар хайрлах эцгийн хайр, гэр бүлийн эв найртай орчин, охидод энэ л амьдралын төсөөллийг бий болгон хувь заяанд нь нөлөөлдөг бөгөөд эхийн хайраас арай л өөр, бага зэрэг биеэ барьсан, сэтгэлийн хөдөлгөөн багатай ч гэмээр эцгийн хайрыг хүүхдүүд бие сэтгэлээрээ мэдрэн хүлээж авч байдаг.
Охид аавынхаа хувьд, хамгийн хөөрхөн, хамгийн хайртай, хамгийн хамгийн… гүнж, төгс эмэгтэйн бүрдэл мэт байдаг. Эцгийн хайр, охидод, хамгаалалттайгаа мэдрэх, аюулаас айхгүй байх, өөртөө итгэлтэй болох, өөрийгөө үнэлэх, эмэгтэйлэг байх, сэтгэл татах чадвар, үгүйлэгдэх, хэрэгтэйгээ мэдрэх зэрэг олон мэдрэмжүүдийг өгч суулгаж, мөн хайртай, ухаалаг эцгийн дэргэд өсч буй охид, амьдралд эрэгтэй хүний хайрыг хүлээн авах, эрэгтэй хүнийг хайрлах хүндлэх, хамтын амьдралын чухлыг ойлгох ойлголттой болдог.
Хүүхдүүдийн хувьд аав хүн, бүхэл бүтэн ертөнц бөгөөд байгаагаар нь хайрласан, хэзээ ч хамгаалахад бэлэн, айдас болгоомжлолгүй тэрхүү ертөнцөөс, томчуулын амьдрал руу, айдасгvй, бүх зүйл сайхан болно гэсэн бодол тээн, хаана ч,хэзээ ч түшиг тулгуур байдаг гэсэн бүрэн итгэлтэй хөл тавьдаг. Энэхүү эерэг сэтгэхүйн төлөвшил, охидын амьдралд, насан туршид нь үйлчилдэг гэнэ лээ. Тэгвэл охидынхоо талд үргэлж үйлчилдэг, халамжтай “цүнх баригч” олны танил аав нарыг онцолж байна.
Жүжигчин Т.Бархүү
СТА Жүжигчин Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нар өөрсдийн гэсэн баяр жаргалтай амьдралыг цогцлоон, ажил дээрээ ч амьдралд ч дөрөө нийлүүлэн харшиж буй.
Тэдний бяцхан охин Сүндари буюу Сүүний сүүлийн үед цахим ертөнцөд өөрийн гэсэн ФЭН-тэй болоод байгаа билээ. Авьяасын уурхай болсон урлагийн гэр бүлийн хүмүүжил, удамшсан авьяас гээд түүнд урлагийн хүн болох маш том чухал өгөгдөл байна хэмээн олон нийт үзэж буй.
Аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан охиныг аав нь хэнээс ч илүү эрхлүүлдэг, эрх дураар нь байлгадаг гэдгээ нуудаггүй.
Дуучин Т.Дэлгэрмөрөн
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсийг танихгүй хүн ховор. Хөгжим бүжгийн коллежийн морин хийлийн ангид суралцдаг түүний талаар аав нь байнга сошиалаар магтаж, охиныхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байгаагаа сонирхуулдаг.
Үргэлж Зөөлөнсий охиныхоо талд зогсоно гэдгээ үргэлж илэрхийлдэг халамжтай аав.
Найруулагч Б.Тамир
Найруулагч Б.Тамирын охиныг Т.Үжин гэдэг. Охиноо гурван настай байхад өөрийнхөө буруугаас болж ээжээс нь салснаас хойш Б.Тамир олны танил хариуцлагатай аав нарын нэг болсон.
Өөрийнхөө бага насыг санагдуулам охиндоо хойд ээжийн гар харуулахгүй гэсэндээ одоог хүртэл гэр бүл зохиохгүй яваа.
Тэрээр нэгэн ярилцлагандаа ээж охин хоёр минь миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй “бүсгүйчүүд” хэмээн ярьсан байдаг. Тэрээр хэзээд охиныхоо ар талыг хамгаалдаг “уул” мэт хамгаалагч аав.
Жүжигчин Н.Ариунболд
Шинэ үе хамтлагийн жүжигчин Бооёо буюу МУГЖ Н.Ариунболдыг танихгүй хүн ховор. Хошин урлагийн тогоонд 30 гаруй жил чанагдаж яваа түүний хувийн амьдрал хүмүүст ихээхэн сонирхолтой байдаг.
Сүүлийн үед үзэсгэлэнт гэргий Ганцэцэг нь олны өмнө ил гарч, инстграмм хуудсыг идэвхийлэн ашиглах болсон. Тэрээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн чийгшүүлэгч аппаратыг оруулж ирэн борлуулж буй. Ээжийнхээ энэ ажилд том охин Номин-Эрдэнэ, дунд охин Намуун-Эрдэнэ нар ханцуй шамлан оролцож өнгөрсөн зуныг өнгөрүүлсэн. Охид нь өдгөө Их Британ улсын нэр хүндтэй их сургуулийн оюутнууд болсон.
Гоо үзэсгэлэнгээрээ ээжийгээ өвчсөн мэт дууриасан охид өдгөө өөр хотод амьдарч байгаа гэх. Тэднийг энэ зэрэгтээ хүргэсэн хүн бол жүжигчин Н.Ариунболд. Тэр бол охидынхоо хувьд “superman”.
Комедиан Содоо
Үргэлж хүмүүсийг инээлгэдэг үндсэн ажлаас гадна комедиан Содоо хүүхэд сургуульд зөөх их ажилтай болоод удаж буй. Дунд сургуулийн бага ангийн охиныхоо “цүнх баригч” ажлыг авсан тэрээр нэгэн үзүүлбэрийнхээ үеэр аав охидын харилцааны жаргал зовлонг өгүүлсэн байдаг.
Тэрээр “Өөрийгөө хэзээ ч цүнх барихгүй гэж бодтол нэг л мэдэхэд охиныхоо цүнх баригч болчихсон байсан” хэмээн ярьсан удаатай.